ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН ОЛДОХ УУ?
«Үндэсний мэргэжилтэй ажилтан 2011» өдөрлөг «Чингис хаан» зочид буудалд болсон юм. Энэхүү арга хэмжээг «Оюу толгой ХХК» өөрийн хөрөнгө оруулалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг МСҮТ-үүдээс эхлэн 2010 оноос жил бүр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ жилийхэд 60 гаруй ажил олгогч байгууллага, төлөөлөгчид оролцлоо. Эндээс бид «Үндэсний мэргэжилтэй ажилчин олдох уу?» гэсэн асуултын хариуг эрсэн юм. Олдоно гэж хариулах нь цөөн ч олдохоор нөөцтөй болоход басхүү цаг хугацаа, зохион байгуулалт чухал байгаа ажээ.
Энэхүү өдөрлөгийн талаар «Хөдөлмөр төв бирж»-ийн судалгааны ахлах судлаач Г.Баярмаагаас тодруулав.
-Монгол Улсын хөдөлмөрийн төв бирж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжил боловсролын газар, «Оюу толгой» ХХК, БНСУ-ын аж үйлдвэр, хүний нөөцийн асуудал эрхэлсэн хэрэг эрхлэх газрууд хамтарч мэргэжилтэй ажиллах хүчнийг ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, мэдээлэл, зөвлөгөө өгөх чиглэлээр энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
«Оюу толгой» хувьцаат компанийн хөрөнгө оруулалтаар жил болгон 3300 мэргэжилтэй ажилчдыг бэлтгэдэг. Өнгөрсөн оноос эхэлж МСҮТ-д хоёр удаагийн элсэлт авсан. Гуравдугаар сард «Үндэсний мэргэжилтэй ажилтан 2011» анхны форумаа зохион байгуулсан. «Оюу толгой» ХХК-ийн санхүүжилтээр 41 МСҮТ залуус суралцаж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 11 МСҮТ байдаг. 2012 он гаргаад орон нутгийн МСҮТ-үүдэд энэ арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ бол зөвхөн энэ жил хийгдээд дуусах ажил биш. Үндсэн мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ жил болгон 3300 ажилтан бэлтгэх байдлаар 3 жилийн туршид үргэлжлэх юм.
-Хөдөө орон нутгаас оролцож байгаа юу?
-Хөдөө орон нутгийн залуус мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад оролцох боломж нь харьцангуй хязгаарлагдмал байгаа учраас оролцоогүй.
-Ажлын байртай холбоотой мэдээлэл юу байна?
-Хөдөлмөрийн төв биржийн хувьд ажлын байранд зуучлах чиглэлээр нэлээд өргөн далайцтай арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд зориулаад ажлын байрны зар үнэгүй тарааж байгаа.
-Ажлын байрны тоо хэчнээн байгаа вэ?
-6500 сул ажлын байрны мэдээлэл байна. Төгсөж байгаа залуусын ихэнх нь уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажил мэргэжлүүдийг эзэмшсэн. Гагцхүү ажил олгогчдын зүгээс тавьж байгаа шаардлага нь залуусын эзэмшсэн боловсрол, мэдлэг, ур чадварынх нь түвшингийн байдалтай тохирох уу үгүй юу гэдэг асуудал юм.
-Хэдээс хэд орчим насны хүмүүс ажлын байр сонирхож ирж байна?
-Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн санд 52 мянга орчим ажилгүй иргэд бүртгэлтэй байдаг.Энэ тоо нь «Оюу толгой» компанийн хөрөнгө оруулалтаар суралцаж байгаа залуусын тоо юм. Нийт ажилгүй иргэд 25-34 насныхан. Мөн 35-44 насныхан ирж сонирхож байна.
-Ажлын байрны шалгуур, шаардлага нь ямар байна вэ?
-Мэдээж ажлын байрны шалгуур, шаардлага нь ажил олгогч бүрийн хувьд өөр өөр байгаа. Ерөнхий шаардлага нь тодорхой хэмжээнд ажлын туршлагатай байх, тогтвор суурьшилтай ажиллах нь хамгийн гол шалгуур юм.
-Хүмүүс хэр их бүртгүүлж байна?
-Үдээс өмнөх 12 цагийн байдлаар 120 орчим иргэн шинээр бүртгүүлсэн. Мэргэжилтэй ажилтан манай зах зээлд бэлтгэгдээд гарч байна. Эдгээр залуусыг бид ажлын байранд цаг хугацаа алдахгүйгээр зуучилж, шат дараатай арга хэмжээг зохион байгуулж байна.
Бидний санаачилгыг залуус дэмжиж, өөрсдөө идэвхтэй арга хэмжээнд хамрагдаж, өөрөө өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт хийж, манай байгууллагатай хамтарч ажиллаарай гэж хүсье. Бидний хаалга хэзээ ч та бүхний өмнө нээлттэй байх болно.
Мэргэжлийн боловсрол сургалтын газрын «Оюу толгой» төслийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ч. Батзаяа:
-Манай Мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбаруудын нийт 22 мэргэжлээр 3300 иргэдийг суралцуулан төгсгөсөн. Сургалтын гол зорилго нь «Чадамжит суурь болсон сургалтын хөтөлбөр» юм. 2011-2012 оны хичээлийн жилд мөн л 3300 иргэн төгсгөх квот гарсан. Төгсөгчид бетон арматурчин, гагнуурчин, цахилгаанчин, сантехникч, хүнд даацын машин механизмын оператор, засварчин, уурхайн цахилгаанчин, баяжуулалт, машин механизмийн техникч, засварчин, эрчимжсэн мал аж ахуйн фермерч зэрэг мэргэжлийг эзэмшиж төгсдөг. Одоогоор нийт 47 сургалтын байгууллагад 39 мэргэжлээр элсэлт аваад дууссан. Өнгөрсөн 11 дүгээр сараас хичээл нь эхэлчихсэн. 2012 оны зун гэхэд эдгээр хүмүүс маань төгсөж мэргэжилтэй болж гарч ирнэ
Дархан-Уул аймгийн салбарын захирал Х.Нүрзэд:
-Энэ форумд Дархан-Уул аймгаас ирж оролцож байна. Манай сургууль «Оюу толгой» төслийн хөрөнгө оруулалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх, түүнийг зах зээлд бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг. Манайх гурван мэргэжлээр нийт 200-аад ажилчин бэлтгэлээ. Сүүлийн элсэлтээр дөрвөн мэргэжилд 60 хүнийг авч бэлдэж байна. Хөдөө орон нутагт энэ мэргэжилтэй ажилчдыг яаж бэлтгэх, төгсөгчдийг яаж ажлын байртай болгох вэ? гэдэг асуудлыг орон нутгийн засаг захиргаа болон «Хөдөлмөрийн төв бирж» маш хариуцлагатай шийдэх хэрэгтэй байна. Үүнд анхаарч, хамтран ажиллаж, орон нутгийнхаа түвшинд засаг захиргаатайгаа хөдөлмөрийн бирж уялдах хэрэгтэй. Орон нутагт бэлтгэгдэж байгаа ажилчдийн 60-аад хувь нь ажлын байртай болчихоод байгаа юм. Үлдсэн 40 хувь нь би заавал «Оюу толгой»-д ажиллах ёстой гэсэн хүлээлтийг бий болгоод байна. Манай төгсөгчид 24 наснаас дээш бүрэн дунд боловсролтой байгаа. Үүний 80 гаруй хувь нь нас бие гүйцсэн залуус байна. Тэд ямар ч байсан «Оюу толгой»,төмөрлөгийн үйлдвэр, цементийн үйлдвэрт ажлын ачаалал дааж чадах оюуны болон бие бялдрын чадвартай. Төгсөгчиддөө төрөл бүрийн сэтгэлзүйн бэлтгэлийг бий болгож өгдөг.
Манай сургууль хүнд машин механизмын операторчийн анги бэлдэж байгаа. Дархан-Уул аймаг төмөрлөгийн үйлдвэрийн техник, засвар, үйлчилгээ, «Эрэл» компанийн үйлдвэртэй болохоор машин тоног төхөөрөмжүүдийн чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байгаа. Хүдрийн ордны үйлдвэрийн ажил олгогч, хүлээн авагч сая надтай уулзлаа л даа. Тэд операторчин мэргэжлээр танайд түр хугацаагаар хүнээ бэлдүүлье гэсэн. Бид ч хүдрийн үйлдвэрийн нөхдүүдтэй хамтарч ажиллая гэж бодлоо.
«Эко констракшн»-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Байгальмаа:
-Манайх 6 сарын хугацаатай «1000 ажлын байр» аяныг зарласан байгаа. Энд барилгын болон албан конторын ажилчид хамрагдаж байгаа. Яагаад «1000 ажлын байрны аян зарласан бэ» гэхээр ирэх зун гэхэд манайд 1000 ажилтан хангагдаж байж барилгуудаа барьж дуусгах үндэслэлээр зуны нөөцөө бэлдэж энэ аяныг зарласан. Өнөөдрийн байдлаар 50 гаруй хүний анкет цуглууллаа. Эндээс шүүлт хийгээд үндсэн ажилтнаар авна.
Манайх барилгын инженер, бетон арматурчин, цахилгаанчин, сантехникч, гагнуурчин, өрлөгчин шаварчин, засал чимэглэгч гээд бүх төрлийн барилгын ажилчдлаар нөөцөө бүрдүүлж байгаа. -Бас л насны хатуу хязгаар тогтоосон уу?
-Нас хүйс харгалзахгүй, барилга дээр ажиллаж байсан туршлагатай бол авах боломжтой. Манайд дандаа монгол ажилчид байдаг. Нэг ч хятад хүн байхгүй. Хөдөө орон нутгаас утсаар бүртгүүлсэн ч болно. Ажилчдыг нийтийн байраар хангаж, нэг байранд арван хэдүүлээ байрладаг. Одоогоор 200 хүн байршихаар бүртгүүлсэн. 12-р сарын эхний 7 хоногт бүртгүүлсэн хүмүүсээ дуудаад ажлын байраар хангах бэлтгэлээ хийж байна даа.
«Хүчит зам» компанийн хүний нөөцийн ажилтан Энхтуул:
-Манайх авто зам барилгын чиглэлээр ажиллаад 20 жил болж байна. Хорь гаруй ажлын байр зарласан. Ерөнхий инженер, авто замын инженер, зам талбай, механикийн инженерийн чиглэлээр бага, харин хүнд машин механизмийн жолооч, ВС ангилалтай жолооч их ирж байна. «Оюу толгой» төслөөр төгсөгчид олноор ирж байна. Хөдөө ажиллах боломжтой, муу зуршилгүй, архи дарс хэрэглэдэггүй, аль болох тогтвортой ажиллах найдвартай хүн хэрэгтэй байгаа.
«DAEWOO» компанийн ор¬чуулагч Одзаяа:
-Манайх «DAEWOO International» гэдэг Солонгосын компани. Английн «Crown Agents» компанитай нэгдээд Татварын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа удирдлагын систем төслийг хэрэгжүүлж байгаа баг юм. Манайд пограммист хэрэгтэй байгаа. Солонгос, англи хэлтэй, төсөл дээр ажиллаж чадах хүн л чухал.
-Хэчнээн хүн бүртгүүлээд байгаа бэ?
-Манай төслийн хугацаа 2012 оны 8 дугаар сар хүртэл байгаа. Энэ хугацааг хараад сонирхол нь буурч байх шиг байна. Бид 15 хүн бүртгэж авлаа. Жинхэнэ мэргэжлийн чиглэлээр ажилладаг 5 хүн байна. Энэ чиглэлийн сургуулийг төгссөн хүн байх ёстой. Манай төсөл Татварын ерөнхий газрын удирдлагын мэдээллийн системийг өөрчлөх зорилготой. Өөрөөр хэлбэл Английн «Crown agents» компанийн «TRIPS» программыг Татварын ерөнхий газарт хэрэгжүүлэх юм.
Дараа нь бид ажил хайж байгаа иргэдийн саналыг сонслоо.
-Намайг Дэлгэрмөрөн гэдэг. 29 настай. Улаанбаатар хотод «Оюу толгой» хөтөлбөрийн сургалтаар сантехникчийн мэргэжилтэй болсон.
-Ямар ажил хайж байгаа вэ?
-Уг нь төгссөн мэргэжилээрээ ажил хайсан юм. Төгсгөөд «Оюу толгой»-д ажлын байраар хангана гэчихээд ажилд аваагүй. «Оюу толгой» өөрөөсөө санхүүжүүлээд сургаж байгаа нь сайн ч ажлын байрандаа аваагүйд сэтгэл гонсгор байна.
-Хэзээ төгссөн бэ?
-Өнгөрсөн 10 дугаар сард төгссөн. Сантехникчийн ажил хайсан чинь энд энэ мэргэжлийн орон тоо алга.
-Ажлын шаардлага нь их өндөр байна уу?
-Яг авах орон тоо нь олдвол гайгүй л дээ. Энэ мэргэжлээрээ олдохгүй бол ямар ч хамаагүй ажил хиймээр байна. Төгсөөд удаагүй болохоор зарим компани голоод байх шиг байна.
-Хэн хэнтэйгээ амьдардаг вэ? Танайд ажилтай хүн хэд байна?
-Ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг.Эгч, дүү хоёр ажил хийдэг.
-Сургуулиа төгсөөд ажилгүй яваад буйн учир юундаа байна вэ?
-Одоо чинь мөнгөтэй шиг хүмүүс нь хээл хахууль өгөөд танил талаараа яриулаад ажилд ордог болчихсон шүү дээ. Амьдралын боломжгүй хүмүүс бол ажилгүй хэвээрээ, бор зүрхээрээ л явж байна. Монгол оронд шудрага ёс хэрэгжихгүй байна гэв.
-Таныг хэн гэдэг вэ?
-Намайг Лхагва-Очир гэдэг. 32 настай. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд 2010 оны 10 дугаар сард ажилд орохоор анх бүртгүүлсэн. Дараа нь «Оюу толгой»-д хүнд машин механизмын операторын нэг жилийн сургалтад сураад саяхан төгссөн. Монголд үйлдвэр хөгжихгүй болохоор мэргэжилтай ажилчид нь хийх юмгүй сууцгааж байна.
-Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?
-68 дугаар сургуульд тогооч хийж байсан.
-Одоо хэдүүлээ амьдардаг вэ?
-Ээж, дүү, эхнэртэйгээ хамт амьдардаг. Манай гэрийнхний ихэнх нь ажилгүй байгаа.
-Ямар ажил хайж байгаа юм бэ?
-Мэргэжлийнхээ дагуу хүнд машин механизмын опероаторын ажил хайж байна. Монголд мэргэшсэн ажилчдын зууны 60 хувь нь ажилгүй байгаа гэх юм. Үнэхээр л Монгол хүнээ ажилтай болгоё , ядуурлаас гаргая гээд байгаа бол нэг хүнийг ч ажлын байртай болгоод өгөөч. Ажилтай хүн бол амьдралаа дээшлүүлж чадна гэж бодож байна.
Эндээс үзэхэд өдөрлөгийн үеэр ажлын байраа олж буй хүн цөөнгүй тааралдлаа. Энэчлэн сурталчилгаа, өдөрлөг сайтар зохион байгуулаад өгөх юм бол үндэсний ажилчид ажлын байраа олоод байж чадах л юм байна. Мэргэжилтэй ажилчдаа ч сайтар бэлтгэж, төрөл бүрийн хэрэгцээтэй мэргэжлээр нөөцөлж авах нь ч чухал гэдэг нь харагдав.
Ж.Батсайхан
Б.Баярцэцэг
URL: