ЛэБрон Жэймс 866 тоглолтод тасралтгүй 10-аас дээш оноо авлаа
Өнөө цаг үеийн манай гаригийн хамгийн агуу сагсан бөмбөгч ЛэБрон Жэймс алхам тутамдаа рекорд амжилтыг шинэчилдэг болоод байгаа билээ. Тэгвэл 15 дахь улиралдаа лигт тоглож байгаа сүпер одын хувьд өнөөдөр домогт Майкл Жорданы бас нэгэн амжилттай тэнцлээ. Тухайлбал, тэрбээр өнөөдөр Шарлот Хорнэтс багийн эсрэг 41 оноо авснаар 866 дахь тоглолтдоо 10 буюу түүнээс дээш оноог авсан амжилттай болж байна.
Домогт Майкл Жордан 1986 оны 3 сарын 25-аас 2001 оны 12 сарын 26 хүртэл буюу Чигако Буллс болон Вашингтон Визардс багуудад хүчин зүтгэж байхдаа уг амжилтаа үзүүлсэн байдаг. Харин ЛэБрон Жэймсийн хувьд хамгийн сүүлд 10 оноон хүрээгүй тоглолт нь 2007 оны 1 сарын 5-нд тохиож байжээ. Тэрбээр Милуоки Баксын эсрэг тоглолтод 13 довтолгооныхоо 3-ыг амжилттай болгож 8 оноотой тоглолтыг дуусгаж байлаа. Харин үүнээс хойшхи 11 жилийн хугацаанд тоглосон нийт 866 тоглолтод бүгдэд нь 10 буюу түүнээс дээш оноог тасралтгүй авчээ.
ЛэБрон Жэймсийн хувьд энэ амжилтыг нөгөөдөр өглөө болох Нью Орлеанс Пэликансын эсрэг тоглолтод нэгээр ахиулах нь эргэлзээгүй биз. Ингэснээр тэрбээр бүх цаг үеийн түүхэнд дахин эвдэхэд хэцүү бас нэгэн амжилтын эзэн болох юм.
Түүнээс гадна энэ улиралд 27.4 оноо дунджилж байгаа “Хаан” Жэймсийн хувьд 2000 онооны босгыг даваад байгаа. Одоогийн байдлаар 74 тоглолтод оролцоод байгаа ЛэБрон Жэймс энэ улирлын турш нийт 2068 оноог багийнхаа төлөө авсан бөгөөд 2000 буюу түүнээс дээш оноо авсан улирлын тоо нь 10 болсон юм. Уг жагсаалтыг шууданч хочит Карл Мэлоун 12 улирал гэсэн амжилтаар тэргүүлдэг бол домогт Майкл Жордан 11 улирлд 2000 оноонд хүрсэн амжилтаар удаалдаг. ЛэБроны хувьд гуравдугаар байранд бичигдэж байна.
URL: