Жорж Р.Р. Мартин “ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ”

29542278_1770407823025091_5258193607742072416_nНөхөр маань солонгос драм үздэггүй, хэр баргийн цуврал кинонд шимтдэггүй нэгэн. Гэхдээ “Game of Thrones” нэртэй Америк зохиолчтой цуврал киног үзэх бүртээ намайг хамт үзэхийг урьж, буйдангаа зайчилдаг байв. Ямар нэгэн гоц гойд зүйл тэр кинонд байхаас өөрцгүй гэж нөхрөө харан итгэсэн би өдөр бүр асар зузаан таван боть номыг мөрөөсөн хэвтэх боллоо. Төд удалгүй гайхамшиг үүд тогшиж найзын маань илгээсэн номнууд миний гар дээр буулаа. Би ч уншиж эхлэв.
Мартины ихэнх бүтээлүүд Фантаз, аймшигийн төрлөөр давамгайлдаг ч ирээдүйг зөгнөх зөгнөлт зохиолоор ч элбэг ажээ. Тэрбээр зохиол бичихээс гадна, нэрд гарсан зохиолууд тухайлбал “Twiglight”, “Beauty and beast” зэрэг кинонууд дээр ажиллаж байсныг тэр бүр мэдэхгүй байх. Харин энэхүү номоо ‘high fantаsy’ буюу бодит амьдралаас өөр хууль цааз үйлчилдэг төсөөллийн ертөнцийг өгүүлүүлэх арга барилаар бичиж “Гал мөсний дуун цуврал” номоо бүтээжээ. 1991 оноос бичиж эхэлсэн ч одоог хүртэл дуусалгүй бичсээр буй уг бүтээлийн гол дүрийн баартууд хөл гарын хорин хуруунаас илүү, тэдгээр нь тус бүртээ ээдрээт өнгөрсөн үе, хүсэл зорилготой нь хэн бүхний тэр дундаа энэ төрлийн зохиол уншдаг, адал явдалд дуртай хүмүүст юутай ч харьцуулашгүй цар хүрээ, амт шимттэй байсан нь дамжиггүй ээ. Зохиолч ямар ч баатарт бодит амьдралаас тасархай хувь ерөөл хайрлалгүйгээр зовлонг, үхлийг, өвдөлтийг тэр энэ гэж ялгалгүйгээр оноодог. Уншигч бид чинь өөртэйгээ ижил төстэй зан, сэтгэлтэй хүнээ даруй номноос хайж олоод түүндээ ээнэгшин дасаж, түүнийгээ зүүдэлдэг билээ. Гэвч энэ ном тийм боломжийг бидэнд олгохгүй. Эхний дэвтэр буюу “Хаан ширээний тоглоом”-д би тэр гэж нэрлээд өөриймшүүлэх гол баартыг олсонгүй. Осолтгүй эм хүйстэй юм болохоороо Аръяагийн зоримог, гэнэн томоогүй, хурц шалмагт дурлаж түүнийг гэх боловч эмэгтэй хүнд л байж болох уян хатан ухаан, өөрөөсөө ямагт зориг шаарддаг лууны цустай Дэйнерисын дүр бас сэтгэл хөдөлгөнө. Эх хүн болохоороо Кателины хэсэг дээр мөн анхааран уншлаа. Түүний эр нөхөр, үр хүүхэд, дайснуудтайгаа хэрхэн харьцаж тухай бүрт ямар үйлдэл үзүүлж буй нь хараа булаам сайхан. Өөрөөр хэлбэл уншигч ямар байр суурьтай байна түүнээсээ л номонд үнэлгээгээ өгч сэтгэлдээ амьдруулдаг шигээ. Түүнээс биш энэ ном эмэгтэй баатруудтай зохиол огтоос биш юм. Долоон ханлигаас бүрдсэн нэгэн хаант улсын тухай түүх. Хаан ширээний төлөө, нэр төрийн төлөө, үр хойчис удам угсааныхаа төлөө ямагт зориг зүрхээ чангалж байдаг бүстэй бүсгүй хүмүүсийн зөрчлийн тухай юм.
Хүүхдүүддээ үлгэр домгоор дамжуулан үүх түүхээ таниулахын зэрэгцээ тэдэнд шаардагдах сургааль номлолыг хөгшин Наны домгоор дамжуулж буй нь эгээтэй л монгол ахуйтай минь ойрхон санандлаа. Тэр бүү хэл гүүний исгэсэн айраг уухыг, эмэгтэй хүн авирч болдоггүй уул толгодын тухай уншлаа. Мөн модонд мөргөн андгай өргөдөг ёслол, зэр зэвсэг, агт хутганы тухайх яриаг өөрийн түүх мэт наалдан шимтэн дуусгалаа. Арга ч үгүй байлгүй дээ, бид дайчдын үр удам байсан болохоор сэлэм харших чимээг төсөөлж чадна. Монгол ахуй, ухааныг санагдуулсан нь дайн байлдаанаас хязгаарлагдсангүй, эр хүнээс дутахгүй ухаалаг, чигч шударга эхнэрийн тухай байлаа.?. Одоо би нэг дүгээр дэвтэрт өгүүлэгддэг хэсгийг цэнхэр дэлгэцээр дуртайяа үзнэ. Баатрууд миний сэтгэлд зурагладсантай аль хэр төстэйг шалгахад оройтохгүй:)
Кино биш НОМ-ыг нь эхлээд сонгосон минь үгийн баялагтай учрах гэсэндээ билээ.
Дээрх ном үгийн баялгаас гадна ямар ч хүнд хүч нэмэх ухаалаг эшлэлүүдээр дүүрэн ажээ. “Цас орж хүйтэн салхи шуурахад ганц чоно үхдэг ч сүргээрээ бол амьд үлддэг”, “Бурхад зөв шударга үйлийг ивээдэг ч боломжийг зөвхөн итгэлтэй, илд эзэмшдэг хүнд олгодог” , “Айсан хүнийг хэдийн ялагдсанд тооцож болно. Айдас илднээс илүү гүн зүсдэг” , “Хэзээ ч бусдын хүлээж байгааг бүү хий” гэх мэт…
Энэ номын тэмдэглэл их цөөхөн юм. Бусад сэтгэгдэлүүдийг уншихыг яагаад ч юм хүсч байна

https://www.facebook.com/photo.php?fbid=1770407823025091&set=gm.1647087178720790&type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих