Адьяа Анирлагч кинонд өөрийнхөө үнэн дүрийг харуулсан

“Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодсон хэрэгт холбогдож, олны шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан жүжигчин залууг энэ сарын 13-нд эхнэрээ хэвтэрт ортол нь зодлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэхүү мэдээллийг анх түүний эхнэрийн найз Т.Одгэрэл гэх бүсгүй олон нийтэд өөрийн фэйсбүүк хаягаараа мэдээллэсэн. Одоогийн байдлаар Р.Адъяаг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий. Энэхүү дуулианы мөрөөр анх мэдээлэл хийсэн Т.Одгэрэлтэй ярилцлаа.

– Адъяаг эхнэрээ зодсон гэх мэдээллийг анх та олон нийтэд зарласан. Хэрэг явдал хэрхэн болсон бэ?

– Гуравдугаар сарын 13-ны орой манай найз над руу фэйсбүүкээр “Найз нь зодуулчихлаа” гэж чат бичсэн. Юу болов гэж асуусан чинь над руу зодуулсныхаа дараах зургаа явуулсан. Нүүрнийх нь баруун тал тэр чигтээ битүү хавдартай, их гэмтэлтэй харагдаж байсан. Найз маань надад хэлэхдээ “Сайтад таньдаг хүн байвал энэ тухай мэдээллээд өгөөч. Би олон удаа ийм байдалд орж байна” гэсэн юм.

– Адъяа эхнэртээ гар хүрч байгаа нь анхны тохиолдол биш байх нь ээ?

– Анхных биш. Энэ үйлдэл нь олон удаа давтагдаж байгаа. Найз маань Адъяатай 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Адъяа их архи уудаг. Уугаад алга болчихдог тохиолдол олон. Манай бас нэг найз маань хөдөөнөөс ирээд найзынд маань очиж хоносон. Адъяа найз охин хоёрын маань амьдардаг байр нь манай найзынх юм. Адъяа зүгээр л очиж амьдардаг. Хөдөөнөөс очсон найзын маань хоносон орой нь Адъяа гэртээ согтуу ирсэн гэсэн. Улмаар эхнэрээ багалзуурдаж байхад гэрт хонож байсан найз нь салгасан гэж хэлж байсан юм. Хүнийг багалзуурдана гэдэг алахыг завдаж буй үйлдэл. Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол найзын маань хүүхэд ээжийгээ дарамтад орж, зодуулж байгааг харж өсч байгаа явдал юм. Тэр хүүхдэд ямар хүнд тусаж байгаа бол. Хүүхдийн хажууд яаж тийм зэрлэг үйлдэл гаргаж чадаж байна. Хүн харахад сул дорой, дөлгөөн царайлсан хэрнээ түүний цаана ямар аймаар араатан шинж нуугдаж байна вэ. Энэ тухай л нийгэм мэдэж аваг гэж бодсон.


– Эхнэрээ зодох болсон шалтгаан нь юу байсан юм бол?

– Найзын маань ажлын газрынхан эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулаад гуравдугаар сарын 7-нд агаарт гарсан. Түүнээс хойш 6 хоногийн дараа Адъяа гэртээ согтуу ирж хоносон байгаа юм. Тэр орой зугаалгаар явсан зургийг нь хараад гэнэт хардаад эхэлсэн гэсэн. Найзыг маань барьж авч толгой руу цохиж, дээрээс нь дэвссэн байгаа юм. Хүн ажлынхантайгаа зугаалгаар явах эрхгүй байна гэдэг юу гэсэн үг вэ.

– Найзын тань биеийн байдал ямархуу байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр найзыг тань сэхээнд орсон гэсэн мэдээлэл гараад байгаа?

– Эмнэлгээр нэлээн явсан. Толгой нь доргилттой, зөөлөн эд нь гэмтэж, нуруу мурийлттай болсон. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Нүүрний хаван нь бага зэрэг буусан. Ажилдаа явах ямар ч боломжгүй байна. Сэтгэл санааны гүн хямралд орсон. Удахгүй өөрийнх нь биеийн байдал дээрдэхээр өөрөө мэдээлэл хийж магадгүй.
– Та Адъяагийн эхнэрийг хэзээнээс мэдэх вэ?

– Бид хоёр нэг нутгийн хүмүүс. Нэгдүгээр ангид байхаасаа найзалж эхэлсэн. Аав нь байдаггүй. Ээж дүү нар нь хөдөө байдаг. Хотод манай найз хүүхэдтэйгээ хоёулханаа байдаг юм. Надаас өөр тусламж гуйх хүн байхгүй. Надад хэлэхдээ “Найз нь хүчирхийлэлд өртчихлөө. Олон удаа нууж байсан. Энэ бол давтамжтай болдог зүйл” гээд тусламж гуйсан.
– Адъяаг эрэн сурвалжилж байгаа гэсэн?

– Цагдаагийн байгууллагаас Адъяаг эрэн сурвалжилж байгаа. Адъяа гэр орондоо болон ээж дээрээ очихгүй байгаа гэсэн. Утас нь холбогдохгүй байгаа юм. Цагдаа нар хаана байгааг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед олон баяр давхацсанаас болоод цагдаагийн байгууллагынхан хангалттай сайн эрэн сурвалжилж чадаагүй байх. Найз маань зодуулаад, хажуу айлынхаа хаалгыг нүдээд тусламж гуйж, цагдаа дуудаж өгөхийг хүссэн. Тэр хооронд Адъяа нүцгэн шахуу гэрээсээ гараад зугтаасан гэсэн. Миний пост дор хамгийн сүүлд Адъяаг цэргийн баяраар “Mint club”-д байхыг харсан гэж нэг хүн бичиж байна лээ.

– Адъяа “21 мянга” шоунд орохдоо үзэгчдийн хүндлэлийг хамгийн их хүлээсэн оролцогчдын нэг болсон. Гэтэл бодит байдал дээр ийм харгис хүн гэж бодсонгүй?

– Тийм. Телевизээр гарахдаа гэнэн цайлган, цагаахан дүр эсгэсэн. Гэвч бодит байдал дээр адгууснаас дор хүн. Байрных нь хөрш айлууд нь энэ тухай мэднэ. Адъяа согтуу ирэхээр найз маань гэртээ оруулахгүй гэж хэлэхэд орцондоо архи ууж суудаг. Би найздаа аль болох болж бүтэх талаас нь өмнө нь зөвлөдөг байсан. Байнга ингэж маргана гэж юу байхав, аль болох эв зүйгээ олох хэрэгтэй. Болохгүй бол эмчилгээнд явуулаад засаж авах хэрэгтэй гэж хэлж байлаа. Сүүлд найзаасаа энэ тухай сонсоод харамссан. Би найздаа аль болох эв зүйгээ ол гэж хэлснээр ийм байдалд хүргэв үү дээ гэж бодсон. Олны танил нэр хүндтэй хүн гэсэн багны цаана ямар араатан нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Адъяа согтуу үйлдлээ хянах чадваргүй байхдаа эхнэрээ зодсон юм биш. Орой нь согтуу ирээд үүрээр зодсон байгаа юм. Үүр цайтал тэр хүний архи нь гарч эрүүл болсон байж таарна. Би хувьдаа Адъяагийн “Анирлагч” кинонд бүтээсэн дүр нь өөртэй нь их ойрхон гэж бодсон. Тус кинонд Адъяагийн архи уухаараа гаргадаг жинхэнэ зан характар гарсан. Хүн аль сайн хийж чаддаг зүйлийнхээ дүрийг л хамгийн сайнаараа гаргадаг. Эмэгтэй хүнийг зодож болохгүй. Зодох зодохдоо боож унагааж дэвсэж болохгүй. Цагдаагийн байгууллагаас Адъяад ямар шийтгэл оноохыг хэлж мэдэхгүй юм.

– Адъяагийн эхнэрийн хувьд зан ааш нь ямархуу хүн бэ?

– Манай найз царайлаг бүсгүй бий. Анх найз маань Адъяатай аль болох болж бүтэхийг л хичээж байсан. 2015 оноос үерхэж эхэлсэн гэдэг. Манай найз хүмүүжил сайтай. Ямар ч буруу хандлага байдаггүй хүн. Энэ нь ч нутгийн ёс заншилтай холбоотой. Баруун аймгийнхан ч маш дэг жаягтай байдаг. Адъяатай гэрлэсэн хэрнээ хуураад явна гэж байхгүй. Харин Адъяагийн хувьд тийм тохиолдол олон гарсан.

– Адъяа нөхрийн хувиар найзын тань амьдралыг тусалж тэтгэсэн зүйл бий юу?

– Тэр нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. Найзын маань амьдрал тийм ч их өөрчлөгдөөгүй. Ямар ч байсан ажилд нь маш их саад учруулдаг гэсэн. Би Адъяаг их хартай хүн гэж бодож байна. Өмнө нь найз маань нэг томоохон газар ажиллахаар болж байхад загнасаар байгаад болиулсан гэсэн. Ажлыг нь хийлгэхгүй, тэжээж тэтгэхгүй хэрнээ амьдралд нь гай болдог.

– Таныг найзынхаа хүсэлтээр мэдэгдэл хийсний дараагаар хүмүүс таныг дарамтлах болсон гэсэн?

– Би амиа хоохойлоод найзыгаа хэн нэгэн хүнтэй холбоод өгч болох л байсан. Гэтэл болсон явдлын тухай сонсоод өөрийн эрхгүй бухимдал төрсөн. Найзынхаа тухай мэдээллийг анх оруулснаас хойш сэтгэлзүйн дарамтад маш их орох болсон. Хуурамч хаягаас миний ажлын холбогдолтой постуудын дор янз бүрийн дарамталсан коммэнт хүмүүс бичих боллоо. Энэ тухай би ЦЕГ-т хандсан. Цагдаа надад хэлэхдээ “Чи худал мэдээлэл тавиагүй юм чинь зүгээр. Чиний найз чинь өөрөө чамаас болсон явдлын талаар олон нийтэд түгээж өгөхийг хүссэн. Чи иргэнийхээ үүргээ биелүүлсэн” гэсэн. Би мэдээлэл анх цацсанаараа өөрөө эрсдэлтэй байдалд орж байгаа. Гэвч Монголд далд хүчирхийлэл маш олон байгаа. Үүнийг хараагүй, сонсоогүй мэт яаж дуугүй өнгөрхөх вэ. Найз минь надад итгээд тусламж гуйсан. Би өөрт байгаа боломжоороо буюу фэйсбүүк хаягаараа энэ тухай мэдээллийг цацаж өгсөн. Адъяагийн найз жүжигчин Манлай миний пост дор сэтгэгдэл бичихдээ “Тийм зүйл болоогүй. Худлаа ярьж байна” гэж бичсэн. Манай найз руу “Адъяагийн нэр хүнд нь өсч байгаа. Удахгүй шинэ кино нь нээлтээ хийх гэж байна. Тиймээс энэхүү мэдээллээ устгачих” гэж хүмүүс ярьсан гэсэн. Нэр хүнд өсч байгаа гэхээрээ л архи ууж хүн зодож болдог юм уу. Хамгийн муухай нь манай Монголчууд “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж надад хэлж байгаа. Гэтэл найз маань өөр хандах хүн байхгүйдээ надаас тусламж гуйж ирсэн. Хэрэв найз минь байрандаа зодуулаад үхчихвэл яах юм. Намайг худлаа мэдээлэл тараалаа гэж байгаа хүмүүст хэлэхэд би бодит үнэнг хэлсэн. Эмэгтэй хүн өөрт тохиолдсон энэ төрлийн асуудлаа нуудаг. Улмаар энэ үйлдэл нь хэд дахин давтагдаж, улам хүнд байдалд ордог. Гэнэт зодуулж, дарамтлуулж байсан эмэгтэй тэсрээд нөхрөө алчихвал яахуу. Эцсийн эцэст үр хүүхэд л хохирно.

– Та цаашид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан. Энэ тухайд?

– Гэр бүлийн хүчирхийллээс болоод хүүхэд хохирч, салалт өсч байна. Үүнтэй тууштай тэмцэх цаг нь болсон. Эмэгтэйчүүдийн шоронд хоригдож байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болоод аргагүй байдалд орж, биеэ хамгаалахдаа нөхрөө гэмтээж хоригдсон байдаг. Эмэгтэй хүн маш удаан тэвчсэний эцэст тэсэрдэг. Улмаар хүүхэд нь асрамжийн газар очдог. Үүнд миний сэтгэл маш их эмзэглэдэг. Миний дотны найзад ийм зүйл тохиолдсон учир би дуугүй байхыг хүсээгүй. Найз минь ч надаас тусламж гуйсан. Намайг энэ тухай мэдээлэл оруулснаас хойш олон хүн дарамталж байгаа. Би тэгэх тусам тэмцэх болно гэж бодож байна. Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд ямар хүн болж төлөвшихөв. Сүүлд би нэг пост уншсан. “Нөхөртөө зодуулахаар барцад арилаад хөл хөнгөрөөд явчихдаг. Хэд хоногтоо сайхан болчихдог” гэх пост уншсан. Надад лав энэ нь дэндүү өрөвдөлтэй санагдсан. Бүүр хувь тавилантайгаа эвлэрчихсэн байгаа юм. Сул дорой, ажилгүй, нөхрийнхөө гар дор байдаг, хамгаалах хүнгүй хүмүүс л хамгийн их хүчирхийлэлд өртдөг. Тиймээс үүний эсрэг цаашид тэмцмээр юм байна даа гэж бодогдсон. Хардалт бол өвчин. Хайр бол итгэлцэл, хүндлэл дээр л тогтдог гэдгийг санах хэрэгтэй.

– Та өөрийнхөө тухай ярьж болох уу. Ямар ажил эрхэлдэг вэ?

– Хувиараа бизнес эрхэлдэг. Дарга, цэргээ хийгээд амьдарч яваа эгэл жирийн бүсгүй. Үүнээс илүү зүйл ярьмааргүй байна. Уучлаарай.


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 29 March 2018

адьяа гэж хавтгай тэнэг царайт чинь новший амьтан юм байна харах царайны мангас бололтой

Нэр: Anonymous Огноо: 5 April 2018

Архинд донтсон хүний авир. Үнэнийг шүүж эмчилгээнд явуул

Сэтгэгдэл бичих