НӨАТ-ын баримт өгөхгүй бол 7035-3511 утсанд хандаарай

18979

Монгол улсын иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах эрх үүссэн. Иргэд НӨАТ /Нэмүү өртгийн албан татвар/-ын буцаан олголтыг ийнхүү жилд нэг удаа буцаан авахын зэрэгцээ худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой болсон.

Энэ сугалаа нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай. Урамшуулал нь мөнгөн шагнал бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгааждаг. Тиймээс бид ганц талх, литр сүү авсан ч түүнийгээ баримтаар баталгаажуулах шаардлагатай болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдгээр баримтыг ebarimt.mn сайт руу орж нэг бүрчлэн бүртгүүлэх үүргээ ч иргэд сайн гүйцэтгэх болсон байна. 2016 оны НӨАТ-ын 2 хувийг 2017 оны эхний улиралд буцаан олгосон нь иргэдэд ихээхэн урам өгсөн. Гэхдээ энэхүү мөнгөн урамшууллыг тойрсон олон асуудал үүссэн. Тухайлбал, интернэт хэрэглэх боломжгүй орчинд амьдарч буй иргэд баримтаа хэрхэн бүртгүүлэх вэ, үйлчлүүлж буй дэлгүүр, худалдааны төв нь баримт олгодоггүй, кассын машингүй бол яах вэ, үсчин, гуталчин, таксигаар үйлчлүүлэхэд ямар ч баримт өгдөггүй, үүнийг хэрхэн зохицуулах вэ гэх мэт шийдвэрлэхэд төвөгтэй олон асуудал гарч ирсэн.

Сангийн сайдын ахлах зөвлөх энэ талаар тайлбарлахдаа: -НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт нэхэх эрхтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлдэг. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай. Таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байлаа ч худалдан авсан барааных нь төлбөрийн баримтыг иргэдэд заавал өгөх үүрэгтэй. Ингэж байж л иргэн төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг жилд нэг удаа буцаан авах боломж, сар бүр сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

-Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

-Хамааралгүй яахав. Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг.

Энэхүү систем сайн нэвтэрснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрвэл тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дахин анхааруулахад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авах ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй. Тиймээс худалдаа, үйлчилгээний салбарт мөнгө төлөх бүртээ иргэд баримтаа нэхэж авах ёстой гэдгийг л дахин тодотгоё гэжээ.

Албаны хүн ийнхүү тодорхой тайлбарласан байна. Гэтэл өнөөдөр энэ хууль Эрдэнэт хот, Орхон аймагт хэрхэн хэрэгжиж байгааг бүгдээрээ нэг эргэцүүлж үзье.

Мөнгөн урамшууллын энэ систем иргэдэд тустай, орлогын эх үүсвэрт нь нэмэртэй бөгөөд хамгийн гол нь татвараас нуугддаг аж ахуйн нэгжүүдийн нуугдмал орлогыг ил гаргах, ил тод байдлыг бэхжүүлэх, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой ажээ. Гэтэл өнөөдөр иргэд худалдаа, үйлчилгээнд төлсөн мөнгө бүртээ НӨАТ-ын баримт авч чадахгүй ихэд бухимдах болсон байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ баримтыг болж өгвөл өгөлгүй гаргах сонирхолтой, иргэд төлсөн мөнгө бүрийнхээ баримтыг авах хүсэлтэй учраас хаа сайгүй л маргаан үүсэх болжээ. Орхон аймгийн Татварын хэлтэс аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын баримт олголтод хэрхэн хяналт тавьж байгааг саяхан асууж тодрууллаа.

Орхон аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Өнөрмөнх: -2017 он гарснаас хойш энэ талаар 2 удаа удирдамж гаргаад ажиллаж байна. Эхний удирдамж 1-р сарын 20-нд гарсан. Дээрх удирдамжийн дагуу 6 хэсэг болон ажиллаж 246 аж ахуйн нэгж, 192 бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг хянаж шалгасан. Үүнээс 155 бизнес эрхлэгчид мэдэгдэл хүргэж, 53 хуулийн этгээдэд зөрчлийн тэмдэглэл үйлдээд хугацаатай үүрэг өгсөн. Үүний дагуу 214 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч НӨАТ-ын баримтыг хэвийн олгож эхлээд байна. Дараагийн удирдамжийг 3-р сарын 15-нд гаргаад “Төгөл” худалдааны төвд хяналт тавьж эхэллээ. Энэ удирдамжийн дагуу 3-р сар дуустал бүх худалдааны төв, захуудад хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах шаардлага тавина.

Орхон аймгийн хэмжээнд 595 худалдаа, үйлчилгээний цэг НӨАТ-ын баримтыг хэвийн олгоод ажиллаж байна. Мөн 800-аад аж ахуйн нэгж ebarimt-д бүртгэлтэй хэрнээ “машин эвдэрсэн”, “сүлжээ тасарсан” гэх шалтгаанаар баримтыг иргэдэд тогтмол олгохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс иргэдийн санал гомдлын дагуу баримт өгөхгүй байгаа газруудад бид хяналт тавина. Харин иргэд өөрсдөө баримтаа заавал авна гэдэг шаардлагыг тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд маш сайн тавьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Татварын улсын байцаагч шалгаад очихоор “Бид баримт өгч байгаа” гээд хэвлээд гаргаад ирдэг атлаа иргэдэд өгдөггүй зөрчил их байна. Иргэдийн шаардлага, Татварын байгууллагын хяналт аль аль нь маш чухал байна.

Орхон аймагт “Есөн Эрдэнэ” зах, “Хангайн бүс худалдааны төв” зэрэг газруудад худалдаа эрхлэгчид одоогоор НӨАТ-ын баримт өгөх боломжгүй байна. Учир нь тэдний бараа татан авалт хийдэг Наран туул зах зэрэг газрууд дээрх баримтыг өгөхгүй байгаатай холбоотой. Үүнийг одоогоор зохицуулахад бэрхшээлтэй байна. Хүнс, барааны захуудын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “Бид үүнд хамрагдах боломжгүй. Өмнө нь хэрэгжиж байсан, орлого тодорхойлох боломжгүй иргэдээс авдаг татварын хуулийг л бид хэрэгжүүлэх боломжтой” гэдэг. Тиймээс одоогоор жижиг лангуу эрхлэгчид НӨАТ-ын баримт өгөх боломжгүй байгаа нь үнэн. Энэ мэдээллийг бид ТЕГ-т хүргүүлсэн. Харин бие даагаад бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох бүрэн боломжтой, бас үүрэгтэй гэж ярилаа.

Энэ бүхнээс эргэцүүлээд үзэхэд иргэн Та худалдаа, үйлчилгээний газруудад төлж буй мөнгөний үнийн дүнгээр НӨАТ-ын баримт авах шаардлагыг алхам тутамдаа тавьж, авсан баримтаа тухайн сардаа багтаан бүртгүүлэх үүргээ хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар болж өгвөл НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлж, баримтаа авч 2 хувийн буцаан олголтод хамрагдах эрхээ эдэлж, орлогоо нэмэгдүүлэхийг татварын байцаагч анхааруулж байна. НӨАТ-ын баримт өгөхгүй гэх тохиолдол бүрд Татварын ерөнхий газрын 1800-1288, Орхон аймгийн иргэд Засаг даргын Тамгын газарт буй иргэдийн санал хүсэлт хүлээн авдаг 7035-3511дугаарын утсаар гомдол саналаа шууд мэдэгдэх боломжтой юм байна. 2016 онд дээрх утсанд НӨАТ-тай холбоотой санал гомдол 49 ирсэн бол 2017 он гарсаар 7 санал гомдол иржээ. Мөн иргэд НӨАТ-ын баримттай холбоотой санал гомдлоо өргөдөл бичиж гаргавал татварын улсын байцаагчид шалгах, гомдлын дагуу зөрчлийг арилгуулах эрх нь бүрэн байна. Ялангуяа шинэ байр худалдан авсан иргэд төлсөн мөнгөнийхөө 2 хувь буюу сая сая төгрөгийн буцаан олголтыг авах эрх үүссэнээ мэдэхгүй хохирох тохиолдол нэлээд гарах болжээ. Энэ талаар санал гомдлоо гаргах эрх танд нээлттэй байна.

Орхон аймагт Номин супермаркет, Hi mart худалдааны төв, Цахилгаан барааны дэлгүүрүүд, Хүнсний сүлжээ дэлгүүрүүд, Шатахуун түгээх станцууд, Мобиком, Юнитель ХХК гээд НӨАТ-ын баримтыг иргэдэд найдвартай өгч үйлчилдэг газрууд олон байна. Гэтэл “Танил-Талст” гар утасны дэлгүүр, Үйлчилгээний төвийн зүүн жигүүрт байрлалтай “Sara” солонгос барааны дэлгүүр, Төгөл худалдааны төвийн 4-р давхарт байрлалтай “Брёзка” орос барааны дэлгүүр зэрэг НӨАТ-аас бултагчид, иргэдийг бухимдуулагчид, хохироогчид олон байна. “Танил-Талст” дэлгүүрээс 1.950.000 төгрөгөөр гар утас авсан хүн “НӨАТ-ын баримтаа авья” гэхэд “Манай утаснууд НӨАТ шингээгүй үнэ шүү, тиймээс НӨАТ-ын баримт өгөхгүй. Хэрэв тийм баримт авна гэвэл 100,000 төгрөг нэмээд төл” гэх бүдүүлэг хариулт өгнө. Үнэндээ бол лангуун дээр байгаа бараа бүхэнд НӨАТ шингэсэн байгаа, тиймээс ялангуяа гар утас мэт сая сая төгрөгийн бараа борлуулж буй газрууд иргэдэд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой гэсэн тайлбарыг Татварын улсын байцаагч мөн хэлсэн. Монгол улсад хууль ингэж л хэрэгжих юм даа. Ялангуяа шинэ орон сууц худалдан авсан иргэд тэр их мөнгөний НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоор сая сая төгрөг эргүүлэн авч эхэлсэн байна. Тиймээс бид хуулиа сайн судалж, эрхээ эдэлж сурах хэрэгтэй байна. Юутай ч НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын баримтаа бүгдээрээ сайн цуглуулъя, жилийн дараа чамлахааргүй мөнгө таны дансанд ороод ирнэ. Үүний тулд НӨАТ-ын баримт өгөөгүй худалдаа, үйлчилгээний цэг салбарын талаарх гомдол, саналаа Орхон аймгийн иргэд 7035-3511 дугаарын утсаар байнга, шууд мэдээлээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих