Оффшорт хамааралтай гэх улс төрчдийг халз мэтгэлцээнд дуудлаа

1-28Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн төв оффист энэ сарын 29-ний өдөр оффшорт хамааралтай, оффшор бүсэд данстай гэх улс төрчдийг халз мэтгэлцээнд дуудсан тухай мэдээллийг “Ард түмний онц түр зөвлөл”-өөс өглөө. Мэдээллийн эхэнд тус зөвлөлийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуун “Өнгөрсөн жил болсон АТОЗ-ийн тэмцлийг та бүхэн мэднэ. УИХ-д тулган шаардах бичиг өгсөн. Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн. Энэ бүгдэд хариу өгөөгүйгээрээ Монгол төр хуулиа уландаа гишгэж, хуулийн зүйл заалтуудаа зөрчөөд нэг жилийнхээ ой дээр ирж байна.
Чухам юуны төлөө Монголын төр ингэж хуулиа уландаа гишгэж байна вэ гэхээр энэ нөхдийг хамгаалахын тулд. Гэхдээ сайн сайхан цаг ирж байна. Сая Монгол төрийн зараалаар, ард түмний хатган шаардлагын үндсэн дээр хамгийн анх оффшор данстай нь зарлагдсан улс төрчийн асуудал одоо олон улсын хэмжээнд, Монгол Улсын хэмжээнд шалгагдаж эхэллээ. Энэ үйл ажиллагааг зогсоохгүйн тулд бид халз мэтгэлцээн хийнэ. Үүний араас Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн консерциумаас зарлагдсан улс төрчдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэд С.Баярцогтын араас шалгагдах болно. Энэ бүгдийг шалгасны дараа Монгол төр цэвэрлэгдэх болно гэдэгт найдаж байгаа.” гэсэн тайлбайрыг өглөө.

Халз мэтгэлцээнд хуульч С.Нарангэрэл, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, хуульч, өмгөөлөгч Ц.Монгол, Д.Чилхаажав, н.Жамъян, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан зэрэг хүмүүс болон ТББ-уудын төлөөллүүд, бусад төлөөлөгчдийг урьжээ. Урилгын хариуг зарим хүмүүс өгөөгүй аж. Тэднийг мөнгөтэй хүмүүстэй муудалцах сонирхолгүй хэмээн тодорхойлж байсныг энд онцолъё.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд дийлэнх телевизүүдэд мэдэгдсэн байна. Арилжааны бус ганц телевиз болох МҮОНТ-ийг ч шууд дамжуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байлаа.

Ийнхүү уг мэтгэлцээнд зарлан дуудсан албан тушаалтнуудыг танилцуулъя. Үүнд:
-Сангийн сайд асан С.Баярцогт
-Ерөнхий сайд асан, Монгол улсаас Англид суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяр
-Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболд
-УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
-УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Энэ сарын 29-ний 11:00 цаг бол энэ хүмүүст өөрийгөө хамгаалах, гэм буруугүйг нотлох, сэвтсэн нэр төрөө цэвэрлэх, оффшоргүй гэдгээ батлах сайхан боломжийг олгож байгаа юм гэдгээ АТОЗ-өөс хэлж байлаа.

Хэрэв дуудагдсан эрхмүүд ирэхгүй бол хулгайч гэдгээ баталж байгаа хэрэг болно гэдгийг цохон тэмдэглээд, ирээгүй тохиолдолд нээлттэй сонсгол хийхээ мэдэгдлээ. Мөн эцэст нь УИХ хаврын чуулганы нээлтэн дээрээ Монгол төрийн голомтыг цэвэрлэх тухай тулган шаардах бичгийг хүлээж авах болно гэдгийг сануулсан юм.

Түүнчлэн мэтгэлцээний үеэр ард түмэнд микрофон нээлттэй ажиллах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих