“Би би би” … бодлогод оролцъё

dd2e01aa4132222fd5a150b2e3ee3c44Манай Монголын бодлого сайндаа дөрвөн жил үргэлжилдэг, засаг ойрхон солигдохын хирээр улам богиносдог гэж бид ойлгодог. Үнэхээр ч тийм. Өмнөх удирдлагын гаргасан шийдвэрийг шинэ ирсэн дарга дагах албагүй бөгөөд эндээс бодлогын залгамж чанар алдагдаж, бүх юм дахиад л 0-ээс эхлэх болдог. Ингэж дороо хий эргэх нь салбарын хөгжлийг сааруулж, нэг салбарын ийм удааширал бусад салбарын эрчмийг сулруулан, улмаар улс орны бүх эрэг шурагт нөлөөлдөг. Эндээс харахад төрийн аппарат тогтворгүйн дээр салбарын удирдлагад ямар чансааны хүн ирэхээс шууд шалтгаалсан субьектив шинжтэй байгаа нь засаглалыг үлбэр сулбагар болгож буй гол шалтгаан юм.

Хүний хүчин зүйлээс бага шалтгаалдаг байхын тулд салбарыг хөдөлгөдөг, хөтлөөд явчихдаг тогтолцоо хэрэгтэй, энэ тогтолцоо бий болоход хоорондоо уялдаа холбоотой олон элемент шаардлагатай. Үүний нэг нь бодлого төрөх үйл явц юм. Бодлого яаж гардаг вэ? Хялбар өөрчлөөд байж болохооргүй салбарын бодлогыг хэрхэн гаргах нь түүнийг боловсруулах үе шаттай шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл жирийн иргэд та бидний амьдралд нөлөөлөх бодлого шийдвэр чухам яаж гарч байгаа вэ, тэр бодлогыг хэрхэн боловсруулж гаргасан бэ гэдэг явцыг иргэд нягт нямбай ажиглаж байх шаардлагатай. Тухайлбал эмийн салбарт нэг бодлого гаргах боллоо гэхэд Эрүүл мэндийн яам нь салбар хариуцсан хэдхэн байгууллагын нөхдүүдээ цуглуулаад албан тасалгаанд яриад бодлогын төсөл гаргачихдаг байх ёсгүй юм. Яах ёстой вэ гэхээр эм үйлдвэрлэгч нар, эм импортлогчид, эмийн сангийн жижиглэн борлуулагчид, эрүүл мэндийн даатгалынхан, эмнэлэгүүд, жирийн иргэд хэрэглэгчид гээд бүх талын санал бодлыг авч тусгасан байх ёстой, ингэхийн тулд өргөн дэлгэр хэлэлцүүлдэг, үүндээ зориулан зориуд цаг хугацаа, хөрөнгө санхүүг зохицуулан төлөвлөсөн байх ёстой. Ингэж буурь суурьтай нягт нямбай боловсруулж гаргасан бодлого өөрөө органик жам ёсны байж чаддаг.

Нийтээр хэлэлцүүлж зөвшилцсөн бодлогын давуу чанар нь баталсны дараа дийлэнх олонхи аяндаа дагаж мөрдөхүйц уян хатан байхын сацуу хэн нэг дарга даамал ирээд солиод байх боломжгүй өндөр дархлаатай байдагт оршино. Бодлого ийнхүү тогтвортой, дархлаатай байснаар засгийн газар, төрийн алба гагцхүү энэ бодлогын хэрэгжилтийг хангах гол үүрэгтэй жинхэнэ утгаар үйлчлэгч шинжтэй болох билээ.

Өнгөрсөн 20 гаруй жил бодлогогүй явж ирлээ гэх хүмүүс олонтаа. Гэвч яг ухаад үзвэл бүх салбарт бодлогын баримт бичиг маш олон бий. Бодлого хэрэгжээгүй шалтгаан нь дээрх процессийг ор тас умартан орхигдуулсантай холбоотой. Төр засгийн хам хум гаргасан бодлого өөрөө бусдад гай болдог, бүүр хохироодог учраас хүмүүс төрийн гаргасан бодлогыг үл ойшоох, улмаар энэ нь аажимдаа хүмүүсийн хууль дээдлэх ёсыг бүдгэрүүлж, эмх замбараагүй байдал руу түлхдэг уршигтай.

Бодлогыг боловсруулах явц өөрөө хэт бүдүүлэг хялбар буюу ердөө л албан тушаалтны ширээний цаана хэдхэн хүн бодож байгаад гаргадаг учраас тэр бодлого бусад салбартай уялдаагүй, хэрэгжүүлэх механизм, үе шатны нягт төлөвлөөгүй, хүмүүс амьдрал дээр даган биелүүлэх боломжгүй, хүчээр хэрэгжүүллээ гэхэд сайн үр дүн авчирдаггүй гэх мэт олон сул тал дагуулдаг.

Бид цоо шинэ нийгмийн системийг бий болгохоор хичээгээд 26 жил болж байна. Магадгүй зарим романтизм, эсвэл анархизмыг тодорхой хэмжээнд амсаж мэдэрсэн энэ өнгөрсөн хугацаа бол туулах л ёстой зам байсан. Энэ хугацаанд болох болохгүйн талаарх ойлголтууд маань жаахан цэгцэрч, явах ёстой замаа тодруулах ёстойг ойлгуулснаараа өнгөрсөн үе үнэ цэнтэй. Магадгүй бидний хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулаад амар жимэр, аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөл маань сунжирсаар, хойшилсоор буй мэт санагдаж, сүүлдээ ер нь зөв явж буй эсэхдээ ч эргэлзэх маягтай, гэвч энэ бол хөгжих явцад туулах учиртай жам, зам.

Бусад аль ч улс ийм л замыг туулдаг. Хятадад гэхэд бодлогын залгамж чанар нь асар нягт энэ тогтолцоог бүтээхийн тулд  69 жил зарцуулсан. Ганц нам дангаараа ийм олон жил эрх барьж байгаа гэхэд л энэ улс эхний 30 жил нь нэлээд дэгэнцэж догонцож, чамгүй нугалаа алдаа гарган байж эцэст нь сүүлийн 40 жил учир жанцангаа олж, бодлогын залгамж чанараа чанд баримталсаар үсрэнгүй хөгжлийн замаар нэгэнт замнаж байна. Японд төрийн албаны бат тогтвортой байдлын ачаар ерөнхий сайд нь хэд ч унаж, хэд ч солигдсон улс орны ажил явдагаараа явж, хөгжил дэвшлийг цогцлоосоор байдаг. Гэхдээ тэд тэртээ 1947 онд Үндсэн хуулиараа өнөөгийн ардчилсан төрийн бүтцээ тогтоосон, ийм болтлоо төлөвшихөд 71 жилийн хугацаа зарцуулаад буй.

Бодлого нь залгамж халаатай, тогтворжсон бусад оронтой харьцуулбал бид ердөө л төлөвшиж яваа цэл залуу тогтолцоотой орон шүү дээ. Алдаа оноотой ч өнөөг хүртэл туулсан 26 жил бол өнөөдрийн биднийг бүтээсэн суурь дэвсгэр, цаашид өндийн босох гишгүүр билээ.

Өмнөх үеийнхэн маань өнөөдрийг бүтээхдээ хийх ёстой зүйлсээсээ алийг нь хийсэн бэ, зайлшгүй хийх байсан боловч орхисон зүйл нь юу байв.

Бидэнд өгсөн бүтээл

Өнгөрсөн 20 гаруй жилд манай оронд иргэний нийгэм хэрэндээ бүрдэж байна. Хувь хүн, гэр бүлээс авахуулаад янз бүрийн мэргэжлийн холбоод хүртэл, иргэд нэгдэн нийлж, эрх ашгаа хамгаалах тухай дугардаг болсон. Монголд хүсвэл хэн ч Төрийн бус байгууллага байгуулж болно. Сонирхлоороо нийлээд клуб байгуулаад хамтдаа хоббирч болно. Болж бүтэхгүй санагдаад байвал цуглаад эсэргүүцэн жагсаж, бухимдаж, тэрийгээ хэвлэлээр ч, хаана ч илэрхийлж болно.

Хэр таарсан хөгжил бүхий чөлөөт эдийн засагтай. Чи өөрөө л хүсвэл ажиллаж, хөрөнгө оруулж, мөнгөө хадгалж, бас зарцуулж болно, хүсэхгүй бол ажиллахгүй, орлогогүй сууж бас болно.

Манай улс эрх чөлөөг дур зорго гэж андууртлаа эдэлсэн иргэдтэй. Монголд хэнбугай ч хаана амьдрах, ажиллах, хэнтэй амьдрахаа өөрөө шийддэг бүрэн эрхтэй. Гагцхүү бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх талаар хичээл дутсан л алдаатай улс.

Хүний эрхийг хангах гэж хичээдэг орон. Үндсэн хуулиас эхлээд хууль эрхзүйгээр хүний эрхийн хамгаалалтыг алхам алхмаар бий болгосоор буй, хүний эрхийн зөрчлүүд гарахад хамгаалагч иргэний нийгэм, ТББ-ууд нь ажилладаг, хүний эрхийн тайлан гаргаж, хянаж явдаг механизмтай. Улам сайжруулах нигуртай.

Малчид малаа маллаж, хөлдмөрөөрөө олсон үр шимээ хүртдэг, хүн бүр хувийн өмчтэй байх эрхтэй. Хүмүүс газар эзэмшиж, байшин барьж, тэрийгээ зарах үрэх ч эрхтэй. Ийм боломжоор хангагдаад 20 гаруй жил болж байна.

Манай улсад энх тайван оршин тогнодог, иргэний дайн, байнгын үймээн самуун байдаггүй. Гадаад орчин маань ч тайван, тогтвортой. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдалд гаднаас ирэх шууд аюул заналын эрсдэл бага. Энэ бол хөгжил дэвшилдээ анхаарах, дотооддоо бэхжих асар таатай стратегийн боломж.

Бидэнд өгөх ёстой байсан ч өгөөгүй зүйл

Чөлөөт нийгмийн чухал хэсэг болсон тэгш эрх, шударга ёсыг бидэнд үлдээсэнгүй. Хэдийгээр хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг ч манай улсад дарга даамал, энгийн иргэн хоёрт хууль тэгш үйлчилдэггүй, үүнд хүмүүс туйлын сэтгэл дундуур явдаг. Хуулийн өмнө тэгш бус байх нь хүмүүсийг хамгийн их бухимдуулж, бүүр их хор уршиг нь тогтолцоог буруутгах үндэс болдог.

Бас нөхцөл боломж тэгш хангагдаагүй учраас эрх мэдэлтний ойр дотно хүмүүст илүү боломж бүрдэж, тэд илүү хожиж, бусад нь хохирч үлддэг гаж үзэгдэлтэй. Энэ мэт байдал манай оронд шударга ёс алдагдсаныг тод харуулдаг.

Уг нь Монгол Улс ардчилал руу шилжсэн нь угтаа хүний засаглалаас хуулийн засаглал руу шилжсэн ухаантай. Гэтэл нийгэмд хамгийн чухал шаардлагатай тэгш эрх, шударга ёс хэмээх хоёр зүйлийг дутуу дулимаг орхисноос болоод эрх зүйт ёс байгаа эсэхэд эргэлзэхэд хүрсэн.

Ийнхүү хийх ёстой зүйлээ хийлгүй орхиж, үр хүүхдийнхээ амьдрах нийгмийг халтартуулсан алдаатай бол даруй засах ёстой.

Бодлогын алдааг засахын тулд хаана нь ямар алдаа гарч юун дээр доголдов гэдэг дээр дүн шинжилгээ хийдэг бодлогын судалгааны хүрээлэн институтууд ажиллах ёстой юм уг нь. Суурь шинжтэй бодлогын баримт бичиг гаргахдаа судалгаанд суурилах, санал зөвлөмжийг цуглуулах, өргөн дэлгэр хэлэлцүүлэх зэрэг зайлшгүй шат дамжлага дутсан учраас манай улсад өнөөг хүртэл уялдаа холбоогүй 160 гаруй бодлогын баримт бичиг гаргасан байдаг, тэрний хэд нь салбарын хүмүүсийн саналыг тусгаж, дүн шинжилгээнд суурилж, хэлэлцүүлэг зөвшилцлөөр орсон бэ? Яагаад уялдаа холбоогүй, хэрэгждэг ч үгүй ийм олон цаастай болчихов? Цаашид ингэсээр байх уу?

Мэдээж бодлогын тогтворгүй байдлаас гарах оролдлогыг огт хийж байгаагүй биш, оролдогууд бий. Нам солигдох, засаг солигдох бүрийд бодлого өөрчлөгдөөд байгаа юм бол хууль гаргаж зохицуулая хэмээн сэтгэж, ямар ч засаг төр гарч ирсэн бай баримталдаг жанжин шугам байг гээд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийг 3 жилийн өмнө баталсан байдаг. Аль нэг намд найдах, эсвэл хэн нэг супер баатарт сохроор итгэснээс хуульд даатгасан нь хавьгүй дээр сонголт л доо.

Хуулийн суурин дээр уялдаа холбоотой, судалгаа үндэслэлтэй цогц бодлогыг боловсруулж дэвшүүлэх шаардлага гарна, дэвшүүлээд хэлэлцүүлэх, хэлэлцүүлээд хэрэгжүүлэх, хэрэгжүүлээд явцын үр дүнг дүгнэх, гарсан дүгнэлтээс суралцах, амжилт байвал бататгах, сургамж хэсэгт нь дахин ажиллах гэх мэт тасралтгүй үргэлжлэх процесс байх учиртай юм.

 Нийтлэлч Б.Индра


URL:

Сэтгэгдэл бичих