Хаврын “бэлэг”-ээ хүлээж авахад бэлэн үү, нийслэлчүүд ээ
Өвөл дууслаа, утаа мартагдаж эхлэв. Дараагийн аюул болох хөрсний бохирдол утааны халааг авч, нийслэлчүүдийг эхнээс нь сандаргаж байна. Байгаль орчны төрийн захиргааны байгууллагад ажилладаг нэгэн бүсгүй “Хавар хог хаягдал, хөрсний бохирдолтой холбоотой түмэн асуудал дэгдээд, зүгээр суулгадаггүй.
Энэ жил ч их л завгүй байх болов уу” хэмээн ярьж байсан юм. Түүний хэлсэнчлэн хөрсний бохирдол гэр хороолол, хотын төвийнх гэлтгүй нийслэлийн иргэдийн бүгдийнх нь толгойн өвчин болжээ. Орчны бохирдол ямар түвшинд буйг жирийн иргэдээс илүү мэддэг, салбарын мэргэжилтнүүд нь ямар сайндаа “Сайр, хайр, халдварт өвчин гурав хавар айлчлан ирдэг” хэмээн егөөддөг аж.
Дарь-Эх, Сансрын ШТС, Шар хад, Зуун айл, Долоон буудал, 32-ын тойрог, Дэнжийн мянга, Баянбүрд, Гандангийн дэнж, Вокзал, Толгойт, Таван шар, III, IV, I хороолол бол нийслэлийн хар цэг. Хамгийн их бохирдолтой гэсэн гуншин эдгээр газрыг чимээд удлаа. Бохирдлын хэмжээ буурах нь байтугай улам гаарч, эрүүл хөрсөнд ч “өвчин” халдааж буйг мэргэжилтнүүд хэлж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрынхан хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх тухай хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн долоо хоногоос орж эхэллээ. Энэ аюулыг нэгэнт хазаарлаж дийлэхгүй байгаа тул сөрөг нөлөөллөөс нь хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарч эхэлсний дохио энэ болов уу.
Тус газрын мэргэжилтнүүд “Улаанбаатарын 360 цэгээс дээж авч шинжлэхэд 88 хувь нь нян, хөгц, мөөгөнцрөөр бохирдсон байсан. Арьс, шир боловсруулах үйлдвэр, хогийн цэг, машин засварын газар орчмын хөрсөнд нянгийн болон металлын бохирдол хүлцэх хэмжээнээс хэд дахин өндөр хэвээрээ” хэмээсэн юм. Мөн хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологи боловсруулахаар тэд ажиллаж буй аж.
Ж.Сувд, Г. Гомбо
Өнөөдөр сонин
URL: