НИТХ-ын дарга Налайх дүүргийн МСҮТ-ийн оюутан суралцагчидтай уулзлаа

29547531_1757411324280001_923477878_n_20180327043236Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар,Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, МСҮТ-тэй хамтран дүүргийн хүүхэд залуучуудад мэргэжил сонголт, мөрөөдөл, ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл хүргэх уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уг уулзалт, арга хэмжээнд урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, улс эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуустай өв соёл, түүх, уламжлал, ирээдүйн хэн болох, ямар зорилго, мөрөөдөлтэй сурч боловсрох талаар халуун дотно яриа өрнүүллээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүрэгт өнгөрүүлсэн хүүхэд насныхаа талаар дурсамжаас хуваалцаж, оюутан сурагчидад хандан эрдэм номдоо шамдан суралцаж, их зүйл рүү тэмүүлэн ирээдүйн бүтээгч иргэд болохыг хүсэн ерөөлөө. Тэрбээр “Манай гэр 3-р хороонд байдаг байсан, одоо ч энд манай ээж, эгч дүү нар амьдарч байгаа, гуравдугаар хорооны дэнжээс Эрдмийн оргил сургууль хүртэл цастай, бороотой, салхитай, шуургатай хаврын хавсарга, өвлийн хүйтэнд сургууль руугаа алхаж ирдэг, ингэхдээ цасан шуурга салхитай үед арагшаа харж нуруугаараа хойшоо алхаж явдаг, явах бүрдээ МСҮТ-ийн хажуугаар алхаж гардаг байсан маань сэтгэлд тодхон саяхан болсон мэт санагдаж байна. Энд ирж зааланд нь сагсан бөмбөг тоглодог, ах нарынхаа цэрэгжилтийн хичээлийг нь сонирхож хардаг, мужааны ангид сууж байгаа ах нарыг сонирхож ангид нь орж суудаг, нэг удаа бүр мужааны ангид нь орж махир хөлтэй сандал хийж байсан түүх надад бий. Энэ бүх үйл явдал бол тэр үеийн жирийн л уурхайчны хүүхэд бүрийн өдөр тутмын дэглэм байсан. Гэхдээ одоо тэр үеэс цаг үе өөр болсон. Та бүхэн хичээвэл илүү их боломж бий. Эрдэм номдоо шамдан суралцаж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж байгаа суралцагчдыг гадаад дотоодын Их дээд сургуульд суралцуулах, тэтгэлэгтэй сургуульд сургах ажлыг бид зохион байгуулж эхлээд байгаа. Өнгөрсөн жилд миний нэрэмжит магистрын 6 тэтгэлэг зарлагдсан. Үүнд Налайхаас 3 хүүхэд тэнцэж гадаадад суралцахаар явсан, 3 хүүхэд тэнцэж чадаагүй. Тэнцсэн хүүхдүүдийн хувьд сургалтын тэтгэлэгт хамрагдаж, байр хоол нь үнэгүй, тдний хувьд сургуулиа амжилттай төгсөхөд гадаадын аль ч улсад очоод ажиллахад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний боловсон хүчин болно. Энэ жил тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулна. Төрөлх сургууль, дүүрэг, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар шагналт уралдаануудыг зохион байгуулахаар бид төлөвлөж байна. Өнөөдөр эхэлж байгаа энэ лекц семинар бол энэ бүхний эхлэл гэж ойлгож болно” гэв.

Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр МСҮТ-ийн сурагч, оюутан, залуучуудад хандан зөв хүн болон төлөвших, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зориг, зүтгэл гарган ажиллах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар лекц уншиж танилцуулсан нь оюутан суралцагчдын талархалыг хүлээлээ.


Лекц ярианы төгсгөлд Налайх дах МСҮТ-ийн захирал Ц.Сонгууль, НИТХ-ын дарга С.Амарсайханд сургуулийнхаа номын сан, багш сурагчдын бүтээлийн дээжээр гаргасан музей, үйлдвэрлэл болон сургалт технологийн танхим зэргийг танилцууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих