Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Налайх дүүрэгт өнгөрсөн оны 4 сард хүүхдийн эмнэлгийн шавь тавьж 5 сарын дотор ашиглалтад оруулж эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсөн юм. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар Хангарьд-Улаанбаатар ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн нэг сая юанийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай дуулгаж байсан юм. Уг амлалт өнөөдөр хэрэгжиж налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шаралтын фото аппарат, монитор, дуслын болон тарианы автомат шахуурга, нярайн шар хэмждэг багаж зэрэг 201 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
“Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр хэлэхдээ “Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа манай төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 5 дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьж байна. 2022 онд төсөл ажлаа дүгнэнэ. Энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юаний тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ.
Нэг дор 50 гаран хүүхэд хэвтэн эмчлүүлүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтад орсноос хойш 5 сарын хугацаанд нийт 1100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн хүлээн авахаараа 5000 орчим хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг бол маш богино хугацаанд бүтээн байгуулалт нь өрнөж, ашиглалтад орсон орчин үеийн эмнэлэг юм. Бусад дүүрэгт жишиг болохуйц стандартыг нэвтрүүлж чадсан. 2017 оны 5 сарын эхээр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж, 10 сарын сүүлээр дуусч, ашиглалтад орсон, Налайхын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил. Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хотын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү эмнэлэг юм” гэж хэллээ.
Энэхүү үйл ажиллагаанд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, болон Хангарьд Улаанбаатар ТТБ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр нар оролцлоо.
URL: