СТРАТЕГИЙН САЛБАРАА “ХУЖААД” БЭЛЭГЛЭЧИХЭЭД АЛГА ТАШИН СУУХ УУ
-Ниргэсэн хойно нь хашгирахгүй байхын тулд алдааг засах-
Улс орны стратегийн гол салбарын нэг нь цахилгаан, эрчим хүч. Хөгжил дэвшил, технологийн амин судас нь гэж хэлж болох энэ салбараа гадаадын улс орнууд эрчимтэй хөгжүүлж байна. Цахилгаан, эрчим хүчгүйгээр оршин тогтнох боломжгүй, хөгжиж, эдийн засгаа бэхжүүлнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй болсон цаг. Гэтэл Монгол Улс энэ салбараа урд хөршид бараг л бэлэглэх тухай гэрээ хэлэлцээр хийсэн хэмээн шуугиж эхлэв. Бүр арван мянган хятад иргэнийг байршуулах орон сууц, хороолол босгох асуудал ч өрнөлөө. Хачирхалтай гэмээр мэдээллүүд ар араасаа хөврөх нь иргэдийг айдаст автуулж байна.
Бухимдаж, уурссан хүмүүс нүүр номын хуудаснаа тус тусын байр суурь, үзэл бодлоо илэрхийлсээр. Учир нь, Багануур дүүрэгт баригдах цахилгаан эрчим хүчний шинэ үүсвэрийг барихад дээрх тооны хятад ажилчид ирэх нь. Ийм их хэмжээний ажиллах хүч гаднаас орж ирснээр аюулгүй байдал яах билээ. Дүүрэг шууд эзлэгдэнэ гэсэн үг.
Өнөө цагт цахилгаан эрчим хүчийг ямар өртгөөр гаргаж, хэрэглэгчдэд нийлүүлж буй нь улс орны хөгжил эсвэл доройтлыг шийдвэрлэх гол хүчин зүйл гэдгийг эрдэмтэн мэргэд ярьж байгаа. Энэ утгаараа монголчуудын маргаашийг тодорхойлох салбарыг атган авч, амин судсаар нь тоглох хүсэл урд хөршийнхөнд байх шиг. Гэтэл манай төрийн дээдсүүд ирээдүйгээ харалгүй, хэтэвчээ түнтийлгэхэд санаагаа чилээж сууна. Магадгүй маргаашийн монголд амьдрахгүй, үр хүүхдээ гадаадын иргэншилтэй болгох учир ийнхүү хандаж байж ч болох талтай. Эрчим хүчний салбар хэзээ ч хувийн болон гадаадынхны гарт байж болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа ч Эрчим хүчний тухай хуульдаа хувьчлалыг хэрэгжүүлэхээр тусгасан ньөнөөдөр маш том асуудал дагуулах шинжтэй.
Багануурт цахилгаан станц барих концесст БНХАУ-ын аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулсан явдал анхаарал татаж байгаа. Яагаад урд зүгийнхэн явчихав, хэн ийм эрх олгов гээд олон асуулт бий. Мэдээллээс харвал эрх олгосон нөхдүүд ч тодорхой харагдах. Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон аж. Тодруулбал, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл. Албан бус мэдээллээр концесст ялсан хятадын компани төрийн томчуудыг авлигадахад 60 сая орчим ам.доллар зарцуулсан хэмээн сошиал ертөнцөөр нисч байна.Цахилгаан станцийн төсөл болон хятад компанитай холбоотойгоор сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа аж. Бор шувуудын жиргээг сонсвол Багануурын гэх тодотголтой хачирхал төрүүлсэн концессийн ард авлига албан тушаалын хэрэг байж болох талтай гэсэн хардлага явна.
Олон жил барина барихгүй хэмээн дуншсан ДЦС-ын хувь заяа нэг л буруу тийш эргэж байх шиг. Монголд ашиггүй, тэр тусмаа эдийн засгийн алуур болох хэмжээний мега төсөл мэт. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Т.Минжүүр “Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих концессын шалгаруулалтад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, “Пинггао” группийн консорциумыг шалгаруулсан юм билээ. Энэ консерциумтайгаа цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан. Гэрээний дагуу тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр блок суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол манайх шиг цахилгааны бага хэрэглээтэй улсад хэт томдсон, техникийн муу шийдэлтэй, цахилгаан нь өндөр үнэтэй байх гэрээ. Тиймээс ийм муу гэрээ байгуулсан үйл явдлыг авлигад суурилсан хуйвалдаан гэж хардах үндэслэлтэй” гэж хэлсэн байгаа юм.
Магадгүй энэ цахилгаан станц баригдвал олон эрсдэл дагуулах гарц нээгдэнэ. Тусгаар монголын эрчим хүчний үр ашгийг бууруулж, станцуудын хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж зогсоох эрсдэл үүснэ. Энэ бол хамгийн наад захын асуудал. Үндэсний аюулгүй байдал алдагдах маш том эрсдэлтэй. Бид газар нутагтаа тайван амгалан амьдрах боломж хязгаарлагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлно. Дуртай үед тогоор хязгаарлаж, үнэ ханшаа өөрсдийн дураар тогтоож, ёстой Монгол Улсын хоолойд хутга тулгах нь гарцаагүй. Үүнээс гадна бас аюул нь БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд тусгаснаар гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө, өмчөө цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалттай. Тэгэхээр өмчөө хамгаална гээд цэрэг оруулбал бид мянга эсэргүүцээд нэмэргүй, эрсдэлээ үүрч чадах уу гээд л харж суухаас өөр замгүй. Магадгүй ямар нэгэн байдлаар асуудал өөр тийш хандвал яах гээд ч нэмэргүй биз. Ниргэсэн хойно нь хашгирахгүй гэвэл одоо л бүх асуудлаа хойш тавьж, аюулгүй байдлаа бодох хэрэгтэй болов уу.
Төрд зайдалсан мэргэн бөөдийнүүд эх орон гэж орилох дуртай. Тэгвэл одоо л эх орныхоо, иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаж, нүдээ нээх цаг ирсэн мэт. Өмнөх засаглалын балгийг засч залруулах нь төрийн хийх ёстой ажил. Буруу зүйл хийсэнд хариуцлага тооцоход түмэн олон бухимдахгүй. Харин ч улс орон, төр засаг зөв гольдролдоо орсонд талархах нь гарцаагүй биз ээ.
Айдас, түгшүүр дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон хүлээн байна. Бодит байдал дээр стратегийн салбараа гадаадынханд атгуулах гэж байгаа бол харамсалтай гэхэд ч багадахаар.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Новш гэж энэ улсад хийж болох зүйл нэг ч алга. Зогсоогоогүй гацаагаагүй төсөл үлдэхгүй нь ээ…. Зогсоогоод бай зогсоогоод бай … Нүүрс шороо болох цаг ч ойртсоор