Авлигын индексийн амин үзүүлэлт нь хэвлэлийн эрх чөлөө юм

29550709_1759859724059968_1850020418_n-Сэтгүүлчийн нээлттэй бичсэн нийтлэлийг хаалттай шүүхээр болов-

Монгол Улсад авлигын нөхцөл байдал базаахгүй. Бүр төрийн бүх шатанд авлига хүн суртал хүчээ авсныг олон улсын Транспэрэнси интернэшнл байгууллага баталлаа. Манай улс 2017 онд өмнөх жилүүдийнхээс хоёр байраар ухарч 180 орноос 16-дугаарт  эрэмбэлэгдсэнийг олон улсын судалгааны байгууллага саярын  өмнө дэлхий даяар зарласан юм. Энэхүү мэдээллийн дараа Авлигын индекс яагаад ухарсан талаар АТГ-аас мэдээлэл өгөв. Монгол Улсыг  есөн шалгуур үзүүлэлтээр үнэлсэний дотор улс орны бодлого, институцийн үнэлгээ буюу төрийн удирдах албан тушаалтнууд албан үүргийнхээ хариуцлагыг хүлээдэг эсэх, төрийн шийдвэр хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолд нийцэх. Мөн бизнесийн орчин, гүйцэтгэх, шүүх засаглалын албан тушаалтан албан тушаалаа хувийн зорилгоор ашигладаг эсэх шалгуур үзүүлэлт багтаж байна. Эдгээрээс гадна авлигын индескийг тодорхойлдог хамгийн чухал амин үзүүлэлт бол хэвлэлийн эрх чөлөөний байдал юм. Энэ талаар  АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ “ Авлигын индексийн үр дүнгээс харахад төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй байна. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразил улсад сүүлийн 6 жилд 20 сэтгүүлч амиа алдсан байна” гэсэн байдаг.

Тэгвэл Монгол Улсыг бүх шатандаа авлига их авдаг хэмээн дэлхий нийтэд зарлаж, тэр хэрээр улс орны нэр хүндийг унагааж муухай харагдуулж байгаагийн цаана хэвлэлийн эрх чөлөөний асуудал хүчтэй хөндөгдөнө. Үүний хамгийн тод жишээ бол, маргааш /2018.03.27/ Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэлтэй, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач, сэтгүүлч Т.Баасансүрэнг хариуцагчаар татсан сэтгүүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан шүүх хурал юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн баримт судалгаатай нээлттэй бичсэн нийтлэлийг шүүхээр хаалттай хэлэлцэж байгаа нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг нотолж байна. Түүнчлэн авлигын индексийн гол шалгууруудын нэг болох гүйцэтгэх, шүүх засаглалын албан тушаалтнууд хэр шударга ажиллаж байгаа эсэх асуудал ч хөндөгдөж байгаа юм.

Дээр дурдсанчлан УИХ-ын дарга М.Энхболдын  Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнг өөрийн нэр хүндэд халдсан гэх гомдлыг маргааш шүүхээр хэлэлцэхээр товлосон. Ингэхдээ иргэний хэргийн шүүх хурлыг хаалттай хийхээр захирамжилсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Харин захирамжийг хариуцагч Т.Баасансүрэн болон түүний өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан нар шүүх хурлыг хаалттай хийх үндэслэлгүй гэж үзээд гомдол гаргахаар болжээ. Учир нь нэгэнт сонин хэвлэлээр нийтлэгдээд олон түмэнд ил тод болчихсон, бусдыг гүтгэж, доромжилсон шинжгүй материалуудад тулгуурлан хийсэн судалгааны бүтээл хүний нэр төрд халдсан хэрэг болох эсэхийг хаалттай шүүх хурлаар хэлэлцэх шаардлагагүй юм.

Ийнхүү сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг хаан богдуулж, шударга ёсны тэмцлийг хууль шүүхийн байгууллагаар далайлган нухчин дарах үйлдлийг  олон нийт ч хүчтэй эсэргүүцэж байна. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хаалттай хаалганы цаана хэрхэн шийдвэрлэгдэхийг таашгүй.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн хувьд  өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонинд нийтлүүлжээ.  Угтаа бол монголын өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийг нэгтгэн аналаз нийтлэл бэлтгэсэн юм. Тэрээр сэтгүүлзүйн салбарт олон бүтээл туурвисан, нэр хүндтэй нэгэн. Сүүлийн үед аналаз судалгаанд тулгуурласан бүтээлийг судалж эмхэтгэн гаргаж байна. Улс төрийн үйл явцад анализ хийсэн түүний ээлжит бүтээл ийнхүү  шүүхэд дуудагдаж, бүх хаалттай хаалганы цаана хэлэлцэгдэхэд  хүргээд байгаа аж. УИХ-ын дарга М.Энхболд шүүхэд гаргасан гомдолдоо 12 хэсгийг иш татан мэдүүлжээ. Түүнээс онцлоход:

  1. “Зууны мэдээ” сонины 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дугаарт гаргасан нийтлэлд  “…Ардчилсан улс орнуудын нийтлэг жишгийг зөрчиж, М.Энхболд нь өөрийн дуулгавартай гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулсан нь ухаалаг улстөрчөөс гарч боломгүй, уучилж  болшгүй улс төрийн алдаа  болсон нь тодорхой байна…” гэжээ.
  2. Мөн “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулсан гэж хэлж болно. Энэ нам бат цул эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэл байхгүй хэмээх үлгэрийг үгүй болгож таягдан хаяв. Өнгөц шалтаг шалтгаан нь 60 тэрбумын болоод Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесээ чагнасан гэх үйл явдал. Углуургаар нь уудлан илчлэвэл М.Энхболд, Ц.Элбэгдорж,С.Баяр нарын гурвалжингаас ангижран салахыг хүссэн УИХ дахь МАН-ын бүлгийн гол төлөв залуу гишүүдийн санал санаачлага, хүсэл эрмэлзлэлээс үүдэлтэй. Үүнийг зарим хэвлэл Хар хүчин буюу МАНАН-тай хийсэн тэмцэл гэж тодорхойлжээ” хэмээн доктор Т.Баасансүрэн нийтлэлдээ тэмдэглэжээ.
  3. “… 60 тэрбумын хэрэг, оффшор дансны луйвар, булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв.  60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн хагалахыг ард түмэн анхааралтайгаар ажиглан харж байгаа”
  4. “… Хууль хяналтын байгууллага, тухайлбал пропурорын газраас 60 тэрбумын хэрэг явдал, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280 сая ам.долларын асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд гайхал эргэлзлийг төрүүлж, МАНАН-гийн эрх баригчид ханцуй дотроо дахин наймаалцаж тохиролцоно гэсэн хардлагыг газар авахад хүргэсэн байна…” энэ мэтчилэн 12 зүйлийг УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө дурьдаад байна. Эдгээр баримтууд нь  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аль хэдийнэ цацагдаж, олон нийтийн дунд үлгэр домог мэт яригдаж байгаа билээ.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, МАН-ын даргын албан тушаалаас огцорсон нь М.Энхболд даргын нэр төр, алдар хүнд болон намын даргын ажил хэргийн нэр хүнд иргэд, сонгогчид, намын хамт олныхоо дунд ямар төвшинд байсны бодит хэмжүүр, няцаагдашгүй нотолгоо болж байна.  Энэхүү бодит үр дүн, үнэлэмжийг шүүхийн шийдвэрээр өөрчлөн сэргээх боломжгүй юм.  УИХ-ын дарга   М.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийнхөө хувьд иргэд сонгогчдоос хэвлэлээр дамжуулан өгч буй үнэлэлт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж засч залруулахын оронд ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг шүүхдэлцэхээр заргалдаж байгаа нь харамсалтай байна.

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих