Хормой хот бараадсан “ширэн” нүүртэнүүд
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо удахгүй хуралдах сурагтай ч тов нь тодроогүй байна. Монголчууд тэртээ ардчиллын он жилүүдэд энэ намаас их зүйл хүлээж байсан. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг “авралын од” хэмээн харж, монголчууд даржин биш илүү боломжит амьдралыг хүсэмжлэхдээ энэ л намд итгэл найдвар хүлээлгэж байсан нь саяхан мэт боловч олон он жилийг ардаа орхижээ.
Харамсалтай нь засагт хамтарснаараа энэ намыг үзэл бодлоосоо урваж, үйл хэргээ гажуудуулсан хэмээн олон хүн харж байгаа. Зарим нь Хамтарсан засгийн газар нэр зүүснээр Ардчилсан нам өөрсдийгөө булшиллаа гэсэн мессэжийг нийтэд түгээсэн. Тэд бол урваач, шарваач, эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй тийм увайгүй “ширэн нүүртэнүүд” болсон гэдгээ алхам тутамдаа сайрхсаар ирсэн.
Бидний итгэл хүлээлгэж найдаж байсан нам өнөөдөр дотроо олон фракцитай. Үндэсний зөвлөлдөх хороо нь 6-7 фракцитай. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар ийнхүү олон фракцид хуваагдсан нь маргаантай үзэл бодлын зөрчилдөөн гэсэн. Гэвч хэн ч харсан энэ нам дотооддоо албан тушаал, эрх мэдлийн төлөө яахаас ч сийхгүй нөхдөөр дүүрч, хэзээ ч эргэж бүтэн болохгүй ан цав, хагаралтай нь нүднээ ил.
Нуугаад л байгаа болохоос биш Н.Алтанхуяг даргаа суудлаас нь унагах сонирхол тэдний дийлэнх хувьд нь бий. Энэ нөхөр ажлаа хийж чадахгүй бол эртхэн суудлаа тавьж өгөөд зайлчихсан нь дээр гэж үзэгсэд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа одоо анаж сууна.
Ардчилсан нам санаачлагч, шинэчлэгч байсан. Хүний эрхийн төлөө тууштай зогсч чаддаг байсан гээд энэ намд “байсан” гэсэн тодотголтой зүйл олон байсан. Өнөөдөр тэр дайчин цогтой, тэмцэгч, тууштай бодлого нь бүрэн алдагдаж, бүхэлдээ “үхэл” ханхалж байна.
Ардчилсан намын мөн чанар, хийдэг ажил хамтарсан Засгийн газар байгуулсан цагаас эзэнгүй болчихсоныг намынх нь гишүүд хүлээн зөвшөөрдөг.
“Талбараа эзэнгүй орхиж байгаа нам улс төрийн тавцангаас сайн дураараа бууж байгаа юм шиг харагддаг” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оноод хэлчихэж.
Улс төрийн нэг хүчний хормой хот бараадсан Ардчилсан намынхан 2008 онд өөрсдөд нь итгэл найдвар өгсөн сонгогч, намын гишүүд, олон нийтэд ирэх оны сонгуулиар юу гэж хэлж очиж, бадар барих нь сонирхол өөрийн эрхгүй татна. “Ширэн нүүртэнүүд” хэдийнэ ямар нэгэн арга заль сэдсэн нь тодорхой ч итгэл найдвар хүлээлгэх үү, эсвэл улс төрийн тавцангаас буулгах уу гэдэг асуудал гагцхүү сонгогч бидний мэдэлд байна.
URL: