Тэвч, итгэ, хүлээ тэгвэл түгжрэлгүй зорчино

content_photoУрин дулаан цаг ирж, Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэллээ. Барилга, орон сууцыг олноор барихын зэрэгцээ автозамыг өргөтгөх, засварлах ажлыг дулааны улиралд хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд автозамын салбарт эхлүүлж буй хамгийн том бүтээн байгуулалт бол Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц юм. Энэхүү гүүрэн гарцын шавыг өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд тавьж, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил үргэлжлүүлэхээр болсон. Үүний хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн тал буюу Олимпын гудамжны автозамын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн жил зургаан сарын хугацаатай хаахаар болов. Үүнд тухайн газрын оршин суугчид төдийгүй жолооч нар нэлээд бухимдалтай хандаж байгаа юм.

АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗААВАЛ ХААХ ШААРДЛАГАТАЙ ЮУ

Хүн бүр ялангуяа жолооч нар энэ асуултад хариулт нэхэж байна. Тиймээс энэ асуултыг бид нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд тавилаа. Тэрбээр “Уг нь бидний зүгээс автозамын хөдөлгөөнийг хаахгүй гэсэн байр суурьтай байлаа. Хэрэв Олимпын гудамжны автозамын нэг урсгалыг чөлөөлөх байдлаар гүүрний барилгын ажлыг эхлүүлбэл 2.5 жилийн хугацаа шаардлагатай. Тиймээс бид гүүрийг аль болох богино хугацаанд барьж ашиглалтад оруулах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан. Үүнд гүйцэтгэгч компани “ Тухайн хэсгийн автзамыг бүрэн хаавал 1.6 жилийн хугацаанд гүүр барих боломжтой” гэдэг хариу өгсөн учраас ийм шийдэлд хүрээд байна” гэв. Улаанбаатар хотын хувьд ажил эхлэх, тарах үеэр ялангуяа хотын төв хэсэгт автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Ингэснээр иргэд товлосон цагтаа зорьсон газартаа хүрч чаддаггүй. Монголчуудын цаг барьдаггүйн бас нэг шалтгаан нь автозамын түгжрэл гэж болно. Тиймээс энэ мэт асуудлыг хурдан шуурхай, богино хугацаанд шийдвэрлэх үүднээс нийслэл хотын түгжрэл ихтэй хэсэгт гүүрэн гарц барих ажлыг ийн эхлүүлээд байгаа юм. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих гүйцэтгэгч компанийн тавьсан хоёр сонголтоос аль нь бидний хувьд ач холбогдолтой байх бол. Тухайн хэсгийн автозамыг хэсэгчилсэн байдлаар хааж, 2.5 жилд барьж дуусгах уу эсвэл хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, 1.6 жилийн дараа ашиглалтад оруулах уу. Мэдээж цаашид олон жил түгжрэлгүй зорчихын тулд багахан хугацааны зохицуулалтыг даван туулах нь зүйн хэрэг бус уу. Товчхондоо, автозамын хөдөлгөөнийг заавал хаах нь бидэнд илүү ач холбогдолтой байх нь.

ХӨДӨЛГӨӨН ХААХТАЙ ХОЛБОГДУУЛАН ИЙМ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Олимпын гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 автомашин зорчдог, ачаалал ихтэй учраас автозамын хөдөлгөөнийг хааснаар бусад хэсэгт тэр хэрээр түгжрэл багагүй нэмэгдэнэ. Ялангуяа Энхтайван, Нарны гүүр, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын автозам болон нүхэн гарцуудад ачаалал нэлээд ихсэх аж. Иймд тухайн автозамыг хаахыг эсэргүүцэх нь жолооч нарын зөв байж болох ч, нөгөө талаараа өрөөсгөл үзэл бодол. Учир нь, Улаанбаатар хотын түгжрэлийг эрс багасгах, хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэл шиг гүүрэн гарц барих хугацаанд автозамын хөдөлгөөнийг 1.6 жил хаана гэсэн үг биш. Тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнийг “Home Plaza”- аас Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөртөл хаах ч, XIII хорооллын дунд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахгүй юм байна. Замын цагдаагийн уулзвараар нэвтэрдэг автомашины хөдөлгөөнийг зохицуулж, Нарны замаас урагш “Дүнжингарав” худалдааны төв рүү гэх мэт хэд хэдэн чиглэлд түр зам гаргах, 2-3 газарт түр гүүр барих ажлыг холбогдох байгууллагынхан судалж, шийдвэрлэж байгаа аж. Харин нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахгүй учир хүндрэл гарахгүйг албаныхан мэдэгдлээ. Гэхдээ тойрог хөдөлгөөнийг өөрчлөх бөгөөд баруун тийшээ эргэдэг байсан бол зүүн талаараа тойрч орно. Зарим чиглэл, хөдөлгөөний өөрчлөлт одоогоор тодорхойгүй байгаа учир энэ талаар иргэд, жолооч нарт ойрын хугацаанд мэдээлэл хүргэх юм байна.

НҮХЭН ГАРЦ, ГҮҮРЭН ГАРЦЫН АЛЬ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ ВЭ

Олон нийтийн шүүмжлэлтэй хандаж буй нэг зүйл нь гүүрний төсөвт өртөг. 40-өөд сая ам.доллараар гүүр барьснаас нүхэн гарц нь илүү хямдаар бүтнэ гэх хүн цөөнгүй бий. Үүнийг сонссон хэн нэгэнд “Нээрэн ч тийм юм уу” гэж бодогдох нь мэдээж. Тиймээс бид нүхэн гарц, гүүрэн гарц барихын аль нь зөв шийдэл болохыг тодруулахаар холбогдох албаныхантай уулзсан юм. Тэдний хэлж буйгаар “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн автозамын түгжрэлтэй хэсэгт нүхэн гарц барих талаар ярьж байсан ч одоогоор баталсан зураг төсөл байхгүй аж. Нүхэн гарц барихад хөрс, газар доорх шугам сүлжээ зэрэг ихээхэн нөлөөлдөг байна. Ялангуяа Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны оронд нүхэн гарц барих ямар ч боломжгүйг мэргэжлийн хүн тодотгов. Төмөр замын призерээс 20 метрийн цаана Дунд гол урсч байгаа учир голдирлыг нь өөрчилж, нүхэн гарц хийх боломжгүй. Энэ тохиолдолд гүүрэн гарц барих нь хамгийн тохиромжтой, зөв шийдэл гэдгийг онцлов. Харин нийслэлийн бусад хэсэгт нүхэн гарц хийх боломжтой аж. Нарны замын хөдөлгөөний түгжрэлийн гол шалтгаан нь Замын цагдаагийн газрын баруун уулзвар. Гэрлэн дохио гурван ээлжээр ажилладаг, галт тэрэг өдөрт 40 удаа дайран өнгөрдөг, мөн явган зорчигчоо нэвтрүүлэх зэргээр нэлээд хугацаа алдаж, тэр хэрээр автомашины түгжрэл үүсч, бусад уулзвартаа нөлөөлдөг байна. Иймд тухайн хэсэгт давхар гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний эрчим одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр түгжрэл буурна гэж тооцжээ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

Гүүр барих ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн ч хүйтний улиралд автозам хааснаар түгжрэл нэмэгдэж, иргэдэд хүндрэл учирна гэдэг үүднээс барилгын ажлыг хойшлуулсан байна. Харин одоо урин цаг ирж буй учир бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхээр бэлтгэлээ аль хэдийнэ базаажээ. Тодруулбал, гүүрэн гарц, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын түр байр, үйлдвэрлэлийн талбай байгуулах, бетон зуурмагийн үйлдвэр барих, цахилгаан шугам холбох, орц, гарц гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гүүрэн гарцыг 3100 ам метр талбайд барих бөгөөд газраа чөлөөлсөн нийт 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцөж, “Шунхлай трейд” ХХК, ”Жаст ойл” ХХК-ийн нөхөх олговрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан байна. Мөн Олимпын гудамжны модыг өөр газарт суулгаж, “Таванбогд” ХХК-ийн орц, гарц барих ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийхээр энэ оны төлөвлөгөөнд тусгажээ.

НИЙСЛЭЛЧҮҮД 2019 ОНД ИЙМ ГҮҮРТЭЙ БОЛНО

Гүүрэн гарц 470 метр урт, 16.5 метр өргөн, дөрвөн эгнээ байх бөгөөд нийт зургаан хэсгээс бүрдэх юм. Энэхүү гүүрийг Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буухаар зураг төслийг нь гаргажээ. Төслийн нийт төсөвт өртөг 30 орчим сая ам.доллар бөгөөд БНХАУ- ын хөнгөлөлттэй зээлээр барьж, 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Нийслэлчүүд бид жил гаруй хугацааны дараа олон улсын жишигт нийцсэн гүүрэн гарцтай болсноор хэдэн цагаар түгжрэх автомашины урт цувааг мартах нь. Иймд нийслэлийн удирдлагууд өнөө, маргаашаа харж бус ирээдүйгээ бодож томоохон бүтээн байгуулалтын төлөө багахан эрсдэлтэй шийдвэр гаргасан хэрэг. Бүх насаараа нийслэлд ажиллаж, амьдрах иргэдийн хувьд 1.6 жил гэдэг маш бага хугацаа. Энэ хугацаанд жолооч та хүлээцтэй хандаж, Замын цагдаагийн газраас гаргах чиглэлийн дагуу хөдөлгөөнд оролцох нь их бүтээн байгуулалт, түгжрэлгүй хоттой болохын төлөө хийж буй том хувь нэмэр болох юм. Товчхондоо, тэвч, итгэ, хүлээ тэгвэл түгжрэлгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Энэ онд нийслэлд гадаадын зээл тусламж, нийслэл болон улсын төсөв, нийслэлийн автозам, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км автозам, 3050 метр урт гүүр барина. Тухайлбал, Яармаг, зүүн дөрвөн зам, Замын цагдаагийн ойролцоо гэсэн гурван хэсэгт гүүр барих төлөвлөгөө гаргажээ. 2019- 2020 онд 18-23 дөрвөн замын уулзварыг хоёр төвшний огтлолцолтой тунелийн систем рүү шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

С.ЮМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих