А.ЭНХТАЙВАН: ЭРДЭНЭБУЛГАН АХ НАМАЙГ “ЧИНГИС ХААНЫ ДҮР ХЭН ХҮНД ОЛДДОГГҮЙ ЮМ” ГЭЭД САНДАЛ БАРИАД ЭЛДЭЖ БАЙЛАА

17_Site1“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрд Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Агваанцэрэнгийн Энхтайвантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр дэлхийн сонгодог болон Монголын үндэсний олон дуурийн дүр бүтээснээс гадна “Балжийн гол”, “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул минь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг олон дууны аялгуу зохиосон уран бүтээлч билээ.


-“Морин хуур” наадамд аялгууг нь зохиосон дуугаараа тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе!

-Дуунд дуртай Монголын ард түмнийг баясгаж цэнгүүлдэг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур” наадмыг 1987 оноос зохиох болсноос хойш 31 дэх жилтэйгээ сая золголоо. Энэ гучин нэгэн удаагийн бараг хорь гаруй наадамд нь ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Оны шилдэг дуу, хөгжмийн зохиолч, шилдэг уран бүтээлч шалгаруулна гэдэг анхандаа тодорхой хүрээний ажил байснаа сүүлдээ нийтийг хамарсан зүйл боллоо. Энэ наадамд эхэндээ хөгжмийн зохиолчид л оролцдог байлаа. Одоо харин ая зохиогч залуус маань маш өргөн оролцож байна. Хотын уран бүтээлчдээс гадна хөдөөгийнхөн оролцох болсон нь сайшаалтай.

Монголчуудад нэг зүйл дутагдаж байсан үе бий. Компьютерийн эрин зуун гээд медиа хөгжим гарч ирж, дуулаачдыг бэлдэх сургууль маш олноор байгуулагдаж ажлын байргүй дуучдыг гаргаж эхэлсэн. Үүнээс болж энэ дуучид ямар нэгэн байдлаар хоолоо олж идэхийн тулд нэгэнтээ дөрөв, таван жил сургуулийн төлбөр төлсөн болохоор эцэг эхдээ ямар нэгэн юм хийсэн болж харагдахын тулд студиудыг бараадаж эвлүүлэг хийж медиа хөгжимтэй дуу гаргаж эхэлсэн. Зарим нэг тодорхой авьяастнууд нь урлагийн ямар нэг байгууллага бараадаж уран бүтээл хийж байх шиг байна.

Харин олонх нь ажилгүй болцгоодог. Эдний дунд нийтийн дуучид гэсэн хэсэг бий болсон. Эд хүмүүст аль болохоор хүрэхийн тулд компьютер дээр дуу эвлүүлж, хүн дуулахад авсаархан гэж хоолойны цар хүрээ шаардахгүй жижигхэн, худалч хүнд нэг ноотон дээр үглэсэн тогшсон шахуу дуунуудыг дуулсан нь нэг хэсэг түрэн гарч ирлээ. Энэ байдал ард түмэнд муугаар нөлөөлж байгаа юм.

-Муугаар яаж нөлөөлж байна гэж?

-Яагаад гэвэл найман настай балчраас наян настай буурал хүртлээ гэртээ “Найгал гол”-ыг найгатал нь найман түмнээ жаргатал нь дуулдаг байсан хоолойны чадал багтаамж сүүлийн хориод жил тун багасаж ирлээ. Хөдөөгүүр явж байхдаа ажиглахад “Тэрний дуулдаг, энэний дуулдаг дуу” гэсэн үглэдэг муусайн дуу л сонсогдож байх юм. Том дуунуудыг дуулахад сонирхолтой болгох, “Дуулдаг хүн дуулаад явмаар, дуулдаггүй хүн сонсоод явмаар” дуунуудыг төрүүлэхэд “Морин хуур” наадам чухал нөлөөтэй. Айлын найран дээр очоод “Эр бор харцага”-ыг бөөнөөрөө дуулахад хэчнээн том багтаамжтай дуу билээ дээ. “Хэрлэнгийн баръяа” гэхэд аль хэр чадалтай хоолойг шаарддаг билээ. Ардын бэсрэг дуунууд гэхэд л дээшээ, доошоо гүйсэн, үсэрсэн дуунууд байдаг билээ дээ. “Өөрийн нутаг” гэсэн дуу байлаа гэхэд л тэр дээр цангинаж байснаа тэртээ доошоо унаад л ямар гайхамшигтай нугалаа, аязтай сан билээ. Монголчууд маань ийм сайхан дуунуудаараа хоолойгоо хөгжүүлж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд алдагдсан хоолойн чадлыг нөхөхөд энэ “Морин хуур” наадам маш их нөлөөлнө. Эл наадамд мэргэжлийн бүх төрлөөр нь шалгаруулах хэмжээнд оччихлоо. Мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулж эхэллээ. Энэ бол яах аргагүй дэвшил.

-Та “Дангина” дууныхаа тухай яривал сонин доо?

-Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ганболдын Сонинбаяр бид хоёр хамтарч хэд хэдэн дуу бүтээсэн. “Цэцэн ханы нутаг” гэсэн сайхан дуу хийж дуучид кино концерт маягийн юм хийж дуучид дууллаа. Сонинбаяр найрагч “Дангина” хэмээх шүлгийг хоёр жилийн өмнө өгсөн юм. Бодож явсаар аялгууг нь хийж, найруулгыг нь “Анир” студийн Алтанхуяг 2016 оны өвөл хийлээ. Энэ дууг анх Хэнтий нутгийн хүү, дуучин Чулуунбаатар дуулсан юм. Дуучин Цэрэнчунт бас дуулж, цахимд ч тавьсан. Энэ жил Хэнтийн Батширээтийн хүү, дуучин Нямдаваа маань “Дангина”-г дуулж “Морин хуур”-т оръё гэж гуйсан. Би өмнө нь Нямдаваадаа “Балжмаахан”, “Сэнхэр нутаг” гэсэн дуу хийж өгч байлаа. Буриад талын уран бүтээлийг хөгжүүлье гэсэн буриад сэтгэлгээтэй хүүхэд л дээ. Нямдаваа “Дангина”-гаар нэгдүгээр шатнаас л өндөр оноо авсан. Хоёрдугаар шатанд тасархай оноо авч тэргүүллээ. Сонинбаяр дууны үгээ бүгдийг буриад аялгад оруулъя гэхэд нь би “Хэрэггүй ээ, өнөөдөр халх талдаа үгтэй байж нийтийн хүртээл болно. Буриад тал нь цөөхөн. Тэгэхээр цөөнхөд зориулсан юм болчихно. Халхуудынхаа дунд амьдарч буй юм чинь халхууддаа зориулсан байх нь зөв юм уу” гэж учирлаж байж энэ дуу бүтсэн дээ. Үнэндээ Монгол Улсад дөчин наймаас дөчин есөн мянган буриад байдаг юм шүү дээ. “Дангина” дууны нэртэй кино зохиолыг соёлын тэргүүний ажилтан Бямбаагийн Баярмагнай бичсэн. Кинонд энэ жил шуурхай орж байна. “Алтаргана” наадмаас өмнө дуусаж үзэгчдийн хүртээл болох юм.

-“Дангина” гэдэг кинонд юун тухай өгүүлэх бол?

-Дангина гэдэг чинь ерөөс дагина гэсэн үг л дээ. Дагина гэж гоо сайхан, үлгэрийн гүнжийг л хэлдэг шүү дээ. Үлгэрийн буюу Хурмастын хааны охиныг дагина гэдэг. Киноны гол санаа нь юу вэ гэвэл Асур тэнгэрийн долоон гүнж газар дэлхийд бууж цэнгэг усанд булхаад нисдэг. Газарт буухдаа гоо сайхан долоон охин болдог, нисэхдээ хун болон оддог. Есдүгээр зууны дунд үед монгол нутагт аж төрж асан Хорь Түмэдийн ноён Хорилардай мэргэн долоон гүнжийг бууж ирэхийг ан хийж явахдаа хараад нэгнийх нь хунгийн өмсгөлийг нуугаад авчихаж байгаа юм. Энэ дагина энд үлдсэнээр киноны үйл явдал цааш өрнөдөг юм. Ярьчихаар ямар ч сонирхолгүй болчихно биз дээ. (инээв. сур) Манай буриадуудын дунд Дангина гэдэг үг тэр домгоос улбаатай болов уу гэж би боддог юм.

-Таны уран бүтээлд буриадуудын тухай их тусдаг. Өөрөө буриад хүн үү?

-Би ч одоо буриадсаад байх ч юу байхав. Хүмүүс намайг “Чи буриад” л гэдэг юм. Би ч айхтар “Би буриад биш” гэж зүтгэдэггүй. Тэгэхдээ унаган удам угсаагаараа би цэвэр халх монгол хүн. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг. Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Биндэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа. Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Аав ээж хоёр минь хоёулаа халх, бүр боржигон хүмүүс юм. Аав Шаравын Агваанцэрэн Хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Хөвчийн Жонон вангийн хөх харчуулын нэг л гэж би өөрийгөө боддог. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан. Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өндөрхаанд очиж байв. Тэр бол аавтайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа. Би хөвч тайгаар нутаглаж байсан монголчуудын их дээд удам угсаатны нэг нь юм.

-Удам судраа хөөхөөр Чингис хаантайгаа холбоо сүлбээтэй болох нь уу, тэгээд?

-Мэдэхгүй, тэрийг би одоохондоо сайтар судлаагүй байна. Тэгэхдээ аавын маань аав Намсрайжав тайж гэж дөтгөөр зэргийн хохь тайж хүн байсан. Хөгшин ааваас маань дөрвөн сайхан хүү төрсний отгон нь миний аав. Аавыг хоёр настай байхад айлд өргүүлсэн юм билээ.

-Та хөгжмийн зохиолчийн хувьд дууны болоод хөгжмийн уран бүтээл аль хэр хийв дээ?

-Миний мэргэжлийн дуучдад зориулсан, симфони оркестртой дуулах хоёр зуугаад дуу бий. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони хоёрын ноотны санд байгаа нь гэсэн үг шүү дээ. Сүүлийн үеийн медиа хөгжимтэй хийсэн нийтийн дуу гурван зуугаад орчим юм байна. Нийтдээ таван зуугаад дуу хийсэн юм болов уу. “Хүн танаа”, “Тэмүжин Танаа” гэсэн хөөрхөн симфони удиртгал маягийн юмнууд бий. Бас таван киноны хөгжим бичсэн байдаг юм.

-За, ямар ямар кинонуудын хөгжим билээ?

-Хамгийн эхлээд “Мойлхон” киноныхоо хөгжмийг дангаараа бичсэн. Энэ хөгжмийн симфони оркестрийн хөрвүүлгийг 2008 онд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ах маань хийж өгч байсан. Казах, Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” киноны хөгжмийг бичсэн. Японд болсон олон улсын кино урлагийн наадмаас хөгжим нь гранпри шагнал хүртэж байлаа. “Үхэрт Хүйтэн” гэж киноны хөгжим байна. Үхэртийн нууранд Хүйтэний булаг нь цутгадаг. Энд 1915 оны үед амьдарч байсан хоёр сайхан залуу хосын тухай “Үхэрт Хүйтэн” хэмээх ЮНЕСКО-д бүртгэгдсэн дуу байдаг. Энэ дуунаас домоглосон киног манай эхнэр Б.Баярмагнай бичиж, Өмнөд монголын гурван баргынхантай хамтарч хийсэн юм. “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн кино, Улаанбаатарын шар хантаазтануудын тухай “Бардо” гэсэн кинонуудын хөгжмийг бичсэн юм байна. “Тэнгэр язгуур” хэмээх дуулалт киног 2016 онд хийлээ. Гоцлол, ари, романс, дуэт, квартет, найрал дуу гээд бүрэн хэмжээний төрлүүд багтсан дуулалт кино л доо. “Тэнгэр язгуур”-аа Говьсүмбэр аймгийн театрт тайзны уран бүтээл болгож тавих санаатай ажиллаж байна.

-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, эрдэмтэн-зохиолч Дүгэржавын Маам нарын их туурвилчдын зохиолыг нь бичсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Их хааныхаа дүрийг бүтээх их хувь заяа танд л тохиож дээ. Та энэ дүрээрээ дэлхийн монгол туургатны их хаан боллоо. Таныг хүлээж байхдаа хүртэл би их хаанаа л гэж хүндэтгэн хүлээж байлаа?

-(Инээв) Монголчуудын нандигнан хадгалж, өнөөг хүртэл шүтэн биширч, үр хүүхдэдээ үлгэр мэт ярьж өгдөг нэг том бүтээл бол “Монголын нууц товчоон” юм. “Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийг нэлээд хэдэн орон амьдруулах, дүрсжүүлж, кино болгохоор зориглосон байдаг юм билээ. Монголчуудын хувьд наян есөн оны өвөл Чингис хааныг мөнхжүүлэхийн тулд зүтгэсэн. Тэр үед С.Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Маам гуай нарын агуу их зохиолчид зориг шулуудан зохиолыг нь бичсэн. “Мандухай цэцэн хатан” Ш.Нацагдорж гуайн бичсэн зохиол шүү дээ. Хаалттай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байсан түүх гээч юмаа их сайхан зохиомжилсон бүтээл шүү дээ. Дүрийг нь ч манай Сувдаа эгч сайхан гаргаж ирсэн. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хувьд бол хөдөлгөж болшгүй нэг зүйл “Монголын нууц товчоон” хэмээх судар байсан. Энэ судраар Өмнөд монголчууд маань кино хийчихсэн, Америк, Германчууд кино хийчихсэн үе шүү дээ. Миний хувьд төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ахад их талархаж явдаг. Наян есөн оны арванхоёрдугаар сард төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Нацагдорж багшийн “Үүлэн заяа” дуурийн нээлтийг хийсэн. Би тэр үед ДБЭТ-таа ажиллаж байлаа. Эхний тоглолтыг үзэж гарч ирээд Жанцанноров гуай “Энхтайван чамд баяр хүргэе. Чи маргааш дуулах уу” гэсэн. “Дуулна аа” л гэлээ. Тэгсэн маргааш нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны багийг тэр чигээр нь авчирч үзүүлээд, надтай уулзан, Кино үйлдвэр дээр намайг аваачсан. Тэгэхэд Монголын урлагийн байгууллагуудаар хот хөдөөгүй яваад таван зуу гаруй проб хийчихсэн байсан шүү. Ерэн оны хоёрдугаар сар хүртэл видео проб хийгээд “Та тэнцлээ” л гэсэн. “Би тоглохгүй, Дуурьтаа ажиллана” гэлээ. Эрдэнэбулган ах намайг “Тэр кинонд тогло чи. Чи наад толгойгоо мэддэг юм уу. Наадах чинь төрийн мэдлийн улсын толгой. Чи юундаа хийж энд хоргодоод байгаа юм” гээд сандлын мод бариад хөөж байсан даа. Тэгснээ дараа нь намайг өрөөндөө дуудаад “Эзэн богд Чингис хааны дүр гэдэг чинь хүнд тийм амархан олддог юм биш. Чи яв, тогло. Чиний 875 төгрөгийн цалинг 1250 төгрөг болгож Кино үйлдвэр рүү шилжүүллээ. Яамны сайдын цалин гэсэн үг. Хоёрхон жил шүү дээ. Завсарт нь Дуурьтаа дуулаад явж бай” гэсэн. Би чинь Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд дөнгөж тавхан жил дуулж байсан үе байхгүй юу. Би энэ таван жилд Дуурийн театртаа эрэгтэй хүний нарийн тенор хоолойны сонгодог бүх фактурыг хийчихсэн байсан юм. Тэрийгээ хаяад явна гэдэг надад их гунигтай байсан.

-Босгосон бүхнээ л нураана гэсэн үг байжээ дээ?

-Кинонд хоёр жил явчихаад ирээд дуулна гэдэг дахиад шинээр сурахтай адил юм болно шүү дээ. Хөгжим гэдэг чинь тийм нарийн, тэгж хүний ой тойнд шингээж байж, цэг таслалгүй гэдэг шиг бүх пауз энэ тэрийг цээжилж байж дуулдаг байхгүй юу. Булгаа ахыг учирлаад байхаар аргагүй Кино үйлдвэр рүү шилжиж очсон доо. Ер нь манай Балжинням багш ярьдаг юм. “Анх чамайг хааны 45 насны дүрд будуулаад ороод ирэхэд гол руу зураад л явчихсан” гэдэг юм. Би хэний дүрд тоглож буйгаа ч эхэндээ мэдээгүй. Төрийн соёрхолт зураач Пүрэвсүхээс асуухад “Яг шүү” гэж байсан. Эрдэнээ гуай, Батбаяр гуай, Маам гуай, Шаравдорж гуай нар намайг гарсны дараа “Ёстой сонин хүүхэд юм аа. Энэнтэй л ажиллая” гэцгээсэн байдаг юм.

-“Мөнх тэнгэрийн хүчин дор”-оос өөр ямар кинонд тоглолоо?

-Энэ кинонд тоглосноос хойш маш олон найруулагчид “Кинонд тоглооч” гэж урьж байсан. Төрийн шагналт найруулагч Балжинням багшдаа хэлтэл “Үгүй яахав дээ, Чингисээс илүү дүр бүтээнэ гэвэл тоглоод явахгүй юу” гэсэн. Тэгээд л би тэр саналуудыг хүлээж аваагүй дээ.

-Танаас хойш маш олон Чингис “төрсөн” дөө?

-Гаднахаа тоочихоо байг гэхэд дотооддоо маш олон Чингис төрсөн. “Хасар” Жагаа маань Чингист тоглолоо, Жамухад тоглосон Цагааны Төмөрбаатар маань Чингист тоглосон. Манай Шихихутагт тоглосон Батбаатар маань ч нэг Чингисийн дүр гаргасан. Махааны Оргил бас “BBC”-гийн ч бил үү, Чингист тоглосон гээд яриад байдаг. Би мэргэжил нэгт урлагийнхан, жүжигчдээ Чингис хааны дүрд тоглохыг ер буруушаадаггүй. Монгол эр хүн болж төрснийхөө хувьд тоглох л ёстой, бүтээх л учиртай. Гагцхүү хэн нь ямар дүр бүтээж, яаж ард түмэнд хүрсэн бэ гэдгийг манай ард түмэн өөрснөө л шийднэ. Аль Чингисийг шүтэх нь тэдний л дур. Өнөөдрийн байдлаар Чингис хаанд тоглосон бүх найзууддаа би баяр хүргэе. “Атга нөж” жүжигт Догмидын Сосорбарам маань сайхан дүр бүтээлээ. Би харин эдэндээ танай сониноор дамжуулж нэгэн зүйл учирлах гэсэн юм.

-Та юу учирлана гэж?

-Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө өртэй. Тиймээс энэ сайхан дүрийг бүтээсэн Монголын уран бүтээлчид минь ээ, бүгдээрээ нэгдэж нийлээд Бурхан Халдун уулан дээрээ очдоггүй юм гэхэд наад Цагаан арал дээрээс нь Бурхан Халдуныхаа оройг харж байгаад Их хааныхаа ариун цагаан сүнсэнд хүндэтгэл үзүүлсэн нэг юм зохион байгуулах юм сан. Болж өгвөл энэ жилийн наадмын наана хэдүүлээ ямар нэгэн юм тэнд хийе гэж уриалж байна. Их хааныхаа хувцас хунаргүй ч байсан амьдралынхаа жирийн хувцастайгаа очоод үнэн сэтгэлээсээ өчил өчөөд сайхан тахилга тайлга хийчих юм сан гэж би боддог юм. Тэгвэл мөн ч сайхан аа. Үүнийг л дамжуулж өгөөч гэж гуйя даа.

  Л.БАТЦЭНГЭЛ /ӨДРИЙН СОНИН/


URL:

Нэр: zelme Огноо: 4 April 2018

ТЭНГЭРЭЭС БИДЭНД ИЛГЭЭСЭН МЭТ САЙХАН ХҮМҮҮН АРГАГҮЙ Л СОНГОГДОН ЦОР ГАНЦ НЬ БАЙЖ ЧАДСАН ТЭР ХАРЦ НЬ ХҮРТЭЛ ХААНЫ МЭЛМИЙ ЛУГАА

Сэтгэгдэл бичих