Бид хэрхэн олон нийтийн сүлжээний боол болдог вэ
Өнөөдөр дэлхийн хүн амын 40 хувь нь буюу ойролцоогоор 3 тэрбум хүн олон нийтийн сүлжээг ашигладаг бөгөөд өдөрт дунджаар 2 цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг гэнэ.
АНУ-ын Нью-Йорк муж улсын Бингемтон хотын их сургуулийн эрдэмтэд сүүлд явуулсан судалгаандаа тус улсын нэгэн томоохон их сургуулийн 275 оюутан болон төгсөгчдөөс авсан санал асуулгад дүн шинжилгээ хийсэн байна. Санал асуулгад оролцогчид нь олон нийтийн сүлжээг дунджаар 9-өөс багагүй жил ашиглаж байсан хүмүүс бөгөөд өдөрт дор хаяж хагас цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг аж.
“Олон нийтийн сүлжээнээс оюутнууд илүү хамааралтай байдаг аж” гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. “Тэд чөлөөт цаг ихтэй байдгаас гадна өөрийгөө илүү сайн таньж мэдэхийн тулд иймэрхүү цахим хуудсуудыг байнга ашигладаг учраас ийнхүү бусдаас илүү хамааралтай байдаг” гэж эрдэмтэд үзжээ.
Эрдэмтэд нээлттэй, хариуцлагатай ба ухамсартай, гадагшаа чиглэсэн, хүлцэнгүй болон тогтворгүй гэсэн “Бие хүний таван хэв шинж”-ийн сэтгэл зүйн загвар дээр тулгуурлан уг судалгааг явуулжээ.
“Невротизм буюу тогтворгүй хэв шинж нь олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдлыг улам нэмэгдүүлдэг бол хариуцлагатай ба ухамсартай хэв шинж нь ухаалаг гар утасны боол болох эрсдэлийг бууруулдаг” гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж, түүнийгээ баталсан байна.
Хэрвээ та хүлцэнгүй болон хариуцлагатай байдлын хэв шинжийн аль алиныг агуулаагүй бол олон нийтийн сүлжээнээс хамааралтай байх магадлал нэмэгддэг байна. Гэсэн хэдий ч энэ хоёр хэв шинж ийг хослуулан агуулдаг бол мөн л ижил үр дагавартай байсан нь судлаачдыг гайхшруулжээ.
“Ийм санаанд оромгүй үр дүн гарсан нь “ухамсартай хамааралтай” байдлаас үүдэлтэй байж болох юм. Өөрөөр хэлбэл маш их хүлцэнгүй, хариуцлагатай хэв шинжийн хүмүүс олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг хамийн ихээр авахыг оролддог” гэж тус судалгааны багийн ажилтан Исаака Вагефи ярьжээ.
Ухамсартай хэв шинж нь давамгайлсан хүмүүс зугаацах зорилгор бус мэргэжлийн агуулгатай цахим үйлчилгээг илүү сонирхдог болохыг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.
Энэ сэдвээр хийсэн Норвегийн эрдэмдтийн судалгаагаар залуу ганц бие бүсгүйчүүд болон биеэ тоох талтай хүмүүс мөн өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс олон нийтийн сүлжээнээс хамааралтай болох өндөр магадлалтай байдаг гэнэ. Эрдэмтэд 23 мянга гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, “олон нийтийн сүлжээг донтон ашиглах нь өөрийгөө доогуур үнэлдэг байдлаа дарахыг оролддог, өөрийн эго буюу “би”- гээ үнэлэх зайлшгүй шаардлагыг илэрхийлэн харуулдаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Харин зарим судлаачийн үзэж байгаагаар, хүний орлогын түвшин болон боловсролын түвшин хэдий чинээ доогуур байна төдий чинээ олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдаг гэжээ.
Олон нийтийн сүлжээг ашиглах нь стресстэй холбоотой болохыг “Pew Research Center” төвийн 2015 оноос хойш явуулсан судалгааны дүн харуулжээ. Гэсэн хэдий ч энэ холбоо нь зөвхөн сөрөг талтай биш юм. Тухайлбал, олон нийтийн сүлжээ нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны таагүй байдлаасаа бултаж, тайван байхад нь тусалдаг гэжээ.
Олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдалд илрэх шинж тэмдгүүд
Олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдлыг сэтгэцийн эмгэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Гэсэн хэдий ч эрдэмтэд үүнээс хамааралтай эсэхийг илрүүлэхийн тулд хэд хэдэн онош тогтоох загварыг боловсруулж байгаа аж.
Ингээд олон нийтийн сүлжээнээс хамааралтай байж болоход илрэх шинж тэмдгүүдийг дурдая.
- Интернетэд юу болж байгаа бол гэсэн байнгын санаа зовнил, түгшилт
- Бусад үйл ажиллагаа, нийгмийн харилцааг байнга интернет ашиглах замаар орлуулах
- Интернетэд зарцуулах хугацаагаа багасгаж чадахгүй байгаагаас үүдсэн олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдлынхаа сөрөг үр дагаврыг мэдрэх
- Интернетэд өнгөрүүлэх цаг хугацаагаа сэтгэл санааны таагүй байдал болон стресстэйгээ тэмцэх үр дүнтэй арга мэтээр хүлээж авах
URL: