Тост, Тосон бумбын нуруунд иргэдийн зөвшөөрөлгүй хайгуулын ажил эхлүүлжээ
Эртний үлэг гүрвэлийн олдворуудын дийлэнх нь Гурвантэс сумаас олдсон
Яндаж болохгүй далай шиг, яасан арвин нутаг вэ? Гэдэг… Өмнийн говь нь ашигт малтмалын орд, галавын үеийн олдвор, ховор нандин ан амьтан, ургамал гээд дэлхийд ховордсон бүхний өлгий болсон нутаг. Олны хэлж заншсанаар “Шивээ хүрэн”-ийн хилийн боомтод бичигдээгүй хууль үйлчилж, ашигт малтмалын хууль бус тээвэрлэлт хийгдсээр нэлээдгүй жилийг үдсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь нийт дөрвөн багаас бүрддэг бөгөөд мал аж ахуй төвлөрсөн газар. Дээрх дөрвөн багийн, хоёр нь ашигт малтмал олборлох голлох цэг болсон гэхэд хилстэхгүй. Тиймдээ ч малаа дагаж шим хүртдэг байсан тус нутгийнхан өнөөдөр ашиг хайгч хувийн компаниудын эрхшээлд оржээ. Эрт цагаас эхэлсэн байгалийн үнэт ховор, нандин гэсэн бүхнээ нүдэн дээрээ алдаж, газар нутгийн сүйрэлд автаад буй тус нутгийнханд ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болсон байна. Амташсан хэрээ арван гурав эргэдгийн үлгэрээр “Тив дэлхийн гайхшралыг төрүүлж, олон орны үзвэрийн үндэс” болсон Гурвантэсийн баялаг жилээс жилд дундарсаар байна.
Мал аж ахуй түшиглэсэн бүс нутагт ашигт малтмалын компаниуд хошуурах болов
Сумаас 55 км-т орших Дундголын давсны уурхайгаас “Говь гурван сайхан ХХК”, “Асралт ХХК”, “Сондог нөхөрлөл” нь жилдээ 220 орчим тн давс олборлож борлуулдаг ба сумаас 25 км-т орших Чин-Хуа Мак, Мак, Нарийн сухайт ХХК нь жилдээ 1722,8 мянган тонн нүүрс олборлон БНХАУ-д экспортолж байна. Мөн тус сумын нутагт хилийн цэргийн 0166 дугаар анги байрладгаас гадна “Шивээ хүрэн”-ийн хилийн боомт үйл ажиллагаа явуулдаг. Тус хилийн боомтоор түүхий нүүрсний нууц тээвэрлэлт хийгдсээр олон жил болж буйг нутгийн иргэд хэлдэг. Гэсэн ч энэ бүхэнд арга хэмжээ авч, их баялгийн эздийг хүн чинээ тоолгүйгээр, илүү ихэд шунах ашиг хайгчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь нутгийн иргэдийн шүдний өвчин болоод байна. Монгол улсын үндсэн хуулинд зааснаар “Эрүүл, аюулгүй нөхцөлд амьдрах эрх”-ээ зөрчүүлж, дотоодын өлөн цөөврүүдийн шунаг хүсэлд идэгдэх онц аюул нүүрлээд буй Гурвантэсийхэн хэнд хандах ёстой вэ? Дээр дурдсанчлан тус сумын үлдсэн хоёр багт ашигт малтмал олборлож эхэлбэл Гурван тэс сум бүхэлдээ цэвэр усны ундрагагүй болно гэдгийг нутгийн иргэн, ногоочин С.Сүрэнхүү хэллээ.
Уул уурхайн ашиг иргэн бүрт гэгдэх боловч Гурвантэс сумынханд хүрэлцсэнгүй
Гурвантэс сумын хувьд 2015 онд Оюутолгой ХХК-тай хийсэн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хүрээнд Өмнөвоговь аймагт жил бүр таван сая ам долларын хөрөнгө оруулалтын хуваарилалтад орж чадсангүй. Түүх дурсгалын өлгий нутаг, түүх соёлын үзвэр үйлчилгээгүй, бүр түүнээсээ долоон дор байдаг жишиг манай улсад өргөн дэлгэр байдаг. Хамаг л олдворыг Гурвантэс сумаас олсон ч хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих тал дээр төдийлөн дорвитой арга хэмжээ авсангүй. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ч энэ тал дээр дорвитой ажил хийсэнгүй. Тэрээр Оюутолгой, Тавантолгой зэрэг эдийн засгийн томоохон бүрдүүлэлтийг бий болгодог нэгжүүдэд очиж, өөрийн нэр хүнд, эсрэгээрээ нэр хүндээ унагах ажлуудаа хийдэг гэдгийг нутгийн иргэд дурдав. Учир нь түүхийн үнэт олдворын өлгий нутаг, улаан номонд орсон ЦООХОР ИРВЭС-ийн нутагладаг, амиа зольсон ЭХ ОРНЫ ХҮҮГИЙН хөдөлмөрийг ч үнэлсэнгүй. “Д.Сумъяабазар бол улстөрийн утсан хүүхэлдэй. Уул уурхайн наад захын мэдлэггүй хүнийг сайдаар томилсны балаг гарч байна” гэх иргэний бухимдал туйлдаа хүрсэн нь ажиглагдах шиг.
Өнөөдрийн байдлаар Гурвантэс сумын хоёр багийн нутаг дэвсгэр буюу талаас дээш хувь нь ашигт малтмалын хайгуул, олборлолтын цэг болсон. Үүнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Сауд Гоби Коел транс” гэх компани ч орж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд уул уурхайн салбар луу орох шаардлагагүйгээр нөр их хөрөнгөтэй нэгэн. Чухам яагаад гадны компанийг худалдан авч, байгалийн онц нандин тогтоц бүхий газар луу шүлс асгаруулан дайрч буй хачирхалтай. Мөн давуу эрхээ ашиглан 30 жилийн хугацаатай ашигт малтмал олборлох лицензийн эрхтэй байдаг нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Улаанбаатар хотоос 900 гаруй км, Өмнөговь аймгийн төвөөс 300 орчим км-ийн цаана орших Нарийн Сухайтын нүүрсний уурхай. Монголын уул уурхайн салбар эрчимжсэнээр их говийн энэ нэр Монголчуудын танил болсон. Гэвч олонтаа сонссон Нарийн Сухайтын нүүрсний уурхайн талаар хүн болгон тийм ч сайн мэдэхгүй. 2007 оноос үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай “МАК” компани ажиллаж жилд таван сая 500 тонн нүүрс экспортолдог. Энэхүү чимээгүй уурхай нь бидний мэдэх Багануур уурхайгаас ч илүү их хэмжээгээр экспорт хийдэг.
Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох: Хоёр дахь удаагаа Засгийн сэнтийд заларч, уул уурхайн бүс нутагт толгойгоо гашилган суугаа дээрх эрхэмд сум орон нутагт нүүрлээд буй энэхүү бэрхшээлт асуудал нь ёстой л шүдний өвчин нь болон хувирсан байна. Учир нь нутгийн иргэдийн хамтаар орон нутгийн зөвшөөрлийг өгөхгүй байгаа ч “хуурамчаар үйлдсэн” гэх бичиг баримтыг аймгийн мэргэжлийн хяналтын албанд хүргэснээр мянга тэмцээд ч нэмэргүй болжээ. Учир нь “Сауд Гоби Коел Транс” ХХК нь ашигт малтмал олборлох орон нутгийн эрхийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг нутгийн иргэд батлав. Чухам яагаад хуурамч хэмээв? 2017 оны гурван сард тус компани хуулийн гэх ямар ч бичиг баримт, эрхийн бичиггүйгээр нэг л өдөр Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулахаар хайгуулын баазаа байгуулж эхэлсэн байна. Нутгийн иргэд болон аймгийн мэргэжлийн хяналт, УИХ-д тус нутгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан баг тус компанийн үйл ажиллагааг зогсоосон ч дээрх оны 11 сард “бичиг баримтаа бүрдүүлсэн” хэмээн дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уул уурхайн ашигт малтмал, хайх олборлох эрхийг авахын тулд тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжээс зөвшөөрөл авч, гарын үсэг, тамга даруулсан байх” хуультай. Гэсэн эрс эсэргүүцсэн нутгийн иргэдийг хүлээн зөвшөөрсөн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь Гурвантэсийхний бухимдлыг төрүүлээд байгаа ажээ. “Доороос нь иргэд шахаад, дээрээс нь төр дарамтлаад байхаар, Засаг дарга маань ёстой л хаашаа гэх газаргүй болсон” гэх газар нутгийнхаа төлөө тэмцэгч иргэн хэлэв.
Өмнийн говь буюу Монгол улсын газрын зураг дээрх ХОРМОЙ ХЭСЭГ ийнхүү СҮЙРЧ дуусав. ӨМӨЗО-нтой хиллэдэг Гурвантэс сумын жишээгээр аваад үзэхэд л Монгол улсын газар нутаг, байгалийн баялагт онц аюул нүүрлээд байна. Энэ бүх шийдвэрийг гаргаж, эх орон газар нутгийг та бидний нүдэн дээр сүйдлэх зөвшөөрлийг гадны өлөн цөөврүүд болон, төрийг идэх шимэгч хорхой сэтгэлтнүүдэд олгож буй ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН бодлого чухам хаашаа залж буйг хэн бүхэн анхааралдаа авах цаг аль хэдийнээ болжээ. Гар бариад бугуй гэдэгчлэн, хормой хэсгийг хуу хамж дуусаад, хоймор хэсэг рүү довтолж, байгалийн баялаг, эртний түүх дурсгалын өлгий нутаг руу дайрч буй жишээ та бидний нүдэн дээр үргэлжилж байна. Хотгойдын нутаг Хөвсгөл, хоймор Сэлэнгэ, Ар, Өвөр гээд, хангай, ой мод, ус, булгийн эх, нэг үгээр ЦӨМ хэсэг рүү довтолж байна. Уул уурхай гэдэг нь техник хэрэгсэл биш “ТА БИДНИЙ ДУНД НУУГДСАН ШИМЭГЧ ХОРХОЙН ШИЙДВЭР БАЙДАГ” гэдгийг мэдтүгэй…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Засаг нь дампуу байхаар улс орон суйрч ажил хийх амьтан олдохгуй эцэстээ гадныханд еренд ороод дуусдаг тавилан Монголд нуурлэжээ.
Хөвсгөлийнхнөөс үлгэр дууриал авцгаа. Сэрцгээ. Тэмцэцгээ.