Өршөөл үзүүлэхээс татгалзав
ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль хамт суралцаж байсан найз Владимир Тимошковтой утсаар ярьсан байна. Сергей Скрипаль түүнтэй ерөнхийлөгч Владимир Путинээс өршөөл эрж, нутагтаа буцахыг хүссэн захидал бичсэн талаар ярьсан гэж “ВВС” агентлаг мэдээлсэн байна. Түүний хэлснээр “Сергей Скрипаль ОХУ-д амьдардаг гэр бүл болон ойр дотныхоо хүмүүстэй уулзахыг хүссэн” аж. Мөн Сергей Скрипаль хоёр талд тагнуулчаар ажиллаж байсандаа харамсч байгаагаа илэрхийлсэн гэв. Харин энэ талаар Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч В. Путин түүнийг ОХУ-д буцаж ирэхийг татгалзсан” хэмээн мэдээлсэн байна. Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын биеийн байдал одоогоор хүнд байгаа учраас хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа. Их Британи болон Европын холбоо энэ хэргийн цаана ОХУ байгаа гэж хардсан хэвээр байна. Гэвч ОХУ үүнийг үгүйсгэж байгаагаас гадна энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж үзжээ. Үүнийг химийн зэвсгийн конвенцийн хүрээнд ОХУ-ын мэргэжилтэнг оролцуулж судлах шаардлагатай гэв. Үүнээс гадна энэ сарын 23-нд Кремлийн зүгээс ОХУ Сергей Скрипальд халдах ямар ч шалтгаан байхгүй.
Мөн түүнийг ОХУ-д ямар ч хэрэгцээгүй учраас 2010 онд хэрэгтэн солилцох журмаар солилцсон болохоо сануулжээ. Харин АНУ, Европын холбооноос ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нь “ОХУ-ыг Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэхэд саад болж чадахгүй” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гэж ярьсныг “Спутник” агентлаг мэдээлсэн байна. Тэрээр “ Мир 24” телевизэд өгсөн ярилцлагадаа “ Мэдээж, ОХУ болон бусад орны хоорондын хориг арга хэмжээний солилцоо нь нэгдэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ энэ нь ноцтой нөлөөлөхүйц сөрөг нөлөө үзүүлж чадахгүй” гэжээ. Түүнчлэн Дмитрий Песков “Ялангуяа, хуучин ЗХУ-д багтаж байсан Армян,Белорусь, Казахстан,Киргизстан болон ОХУ-аас бүрдсэн Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэх үйл ажиллагааны явц нааштай байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
URL: