М. Очирбат: Улсын хөрөнгөөр хийж байгаа геологийн ажил орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна

18892

Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбооны гүйцэтгэх захирал М. Очирбатаас уул уурхайн суурь салбарын талаар тодрууллаа.

-Энэ салбарт нэн тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд богино хугацаанд олон удаа өөрчлөлт орлоо. Геологи хайгуулын ажил олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардсан, тогтвортой байдалд тулгуурладаг онцлогтой. Засаг солигдох бүрт хууль дүрэм өөрчлөгдөхийн хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл буурч, үйл ажиллагаа явуулж буй компаниудын ажил удааширч, зарим нь сул зогсох аюулд хүртэл орж байна. Геологи хайгуулын салбар нь улс орны эдийн засагт ихээхэн чухал бөгөөд геологигүйгээр улс орныг төсөөлөхийн аргагүй. Төр засаг энэ салбарыг нэн тэргүүнд анхаарч ажиллах шаардлагатай байна. Геологи хайгуулын ажил салбараа хөтөлж явдаг.

-Салбарын хөрөнгө оруулалт энэ онд өсөх төлөв харагдаж байна уу?

-2018 оны төсөв батлагдаж, өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог байсныг бүрэн зогсоож, сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэсэн. Эрдэс түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа учраас энэ салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэж байна. Энэ онд хайгуулын ажил эрчимжиж, сэргэх байх гэж харж байна.

-Олон улсад хайгуулын ажил эрчимжиж эхэлсэн бол эсрэгээрээ манайд удаашрах боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Төрийн тогтворгүй шийдвэртэй холбоотой. Төрийн шийдвэр бол бидний ажлын үндэс суурь болдог. Хувийн хэвшлийн байгууллага, техник технологийн хувьд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц болж хөгжиж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа геологийн ажил орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Иймээс ард иргэдэд тодорхой мэдээлэл өгч, ажилд саад учруулахгүй байх нь чухал.

-Геологи хайгуулын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хэр нэмэгдэж байна вэ?

-2015, 2016 оныг бодвол 2017 онд сэргэлт ажиглагдаж эхэлсэн. Уг сэргэлт энэ онд үргэлжлэх байх гэсэн горьдлого тээж байна.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Төр нээлттэй, ил тод шударга зарчим руу явах шаардлагатай байна. Хаагдмал, ойлгомжгүй байдлаас болж хардлага үүсдэг. Энэ байдлаас болж төр, хувийн хэвшлийн түншлэл үр дүнд хараахан хүрч чадахгүй байна. Эдийн засгийн тулах цэг болсон уул уурхайн салбараа шинэ түвшинд гаргахын тулд төр, хувийн хэвшлийн одоогийн хамтын ажиллагааг цаг алдалгүй сайжруулах хэрэгтэй. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, салбарын өгөөж дээшилнэ.

-Баярлалаа

Г.Дүүрэнжаргал


URL:

Сэтгэгдэл бичих