Сурагчдыг нүцгэлж, бие бялдарын судалгаанд зургийг нь зөвшөөрөлгүй хамруулсанд эцэг, эхчүүд дургүйцэн гомдол мэдүүлэв
ХХААХҮЯ-наас явуулж буй 6-18 насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийн судалгаа нь хүүхдүүдийн эрхийг зөрчсөн үйлдэл болж байна хэмээн эцэг эхчүүд нь гомдолтой байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм.
Энэхүү судалгааг нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудаас очиж авахдаа хүүхдийн биед зөвшөөрөлгүй хүрч, хувцсаа тайлахыг шаардаж, гурван талаас нь нүцгэн зураг авсан байна. Гол нь эцэг эхийн зөвшөөрөлгүй мөн сургуулийн эмч болоод багшийн оролцоогүй ийм судалгаа хийж байгаа нь сэжигтэй санагдаж байна хэмээн эцэг эхийн төлөөл мэдээлсэн юм.
Хүүхэд алга болсон, хүний наймаа гарсан тухай мэдээлэл тасрахгүй байхад сурагчдын нүцгэн зураг авч байгаа нь аюултай санагджээ. Учир хэзээ нэг цагт энэ зургийг ямар нэг зүйлд эсрэгээр нь ашиглах вий гэх гэдэгт санаа зовниж буйгаа эцэг эхчүүд хэлсэн юм.
Нийслэлд л гэхэд 2O мянган сурагчийг уг судалгаанд хамруулж хүүхдийн 3 хэмжээст биеийн хэмжээний мэдээллийн сантай болох аж. Охидуудад ийм цээживч өмсгөж зураг авчээ. Түүнчлэн хүүхдүүд хүсээгүй байхад багш нар нь загнан энэ судалгаанд хамруулсан гэж зарим эцэг эхүүд гомдол мэдүүлж байгаа юм.
Бид энэ талаар тодорхой мэдээлэл авах үүднээс ХХААХҮЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулсан боловч тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд төслийн багийн зөвлөх М.Баярын 8808 утас руу холбогдсон боловч хариу өгөөгүй, түүнчлэн ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтнээс тодруулах гэсэн боловч одоогоор эрүүл мэндийн шалтгаантай байгаа учир мэдээлэл байхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ямартаа ч эцэг эхчүүдийн гомдол мэдүүлээд буй судалгааны монгол хүүхдүүдийн биеийн өсөлт, стандартыг тогтоох зорилго агуулжээ. Монгол сурагчдын биеийн хэмжээний судалгаа хийснээр хувцасны чанар, биед эвтэйхэн байдал сайжирна гэсэн үүднээс бие бялдрын хөгжлийн судалгаа хийж байгаа. Энэ төрлийн судалгааг 1985 онд Баянтуул гэдэг доктор явуулж, монгол хүүхдүүдийн биеийн хэмжээний стандартыг хамгийн сүүлд боловсруулсан. Үүнээс хойш энэ төрлийн судалгаа ажил явагдаагүй. Гадаадын оронд энэ стандартыг 5-10 жил тутамд шинэчилдэг. Тиймээс энэ судалгааны үр дүнд хувцас үйлдвэрлэгчдэд болон яаманд хувцасны чанарыг сайжруулах хамгийн гол баримт болж, судалгааны дүнг үйлдвэрлэлдээ ашиглахад ихээхэн ач холбогдолтой хэмээн тус судалгааны ажлыг хариуцаж ажилласан багш нарын төлөөлөл болох ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын ахлах багш С.Цэцгээ хэлсэн байна.
Ямартаа ч энэхүү мэдээлэлийн хоёр талын байр суурь иймэрхүү тайлбар өгч байгаа юм. Мэдээж хэрэг ямар нэг стандарт бий болгоход судалгааны ажил чухал нөлөөтэй ч гэлээ хүүхдийнхээ ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд санаа зовниж буй эцэг эхчүүдийн гомдолыг бас буруу гэж үзэх ёсгүй.
Тиймээс судалгааны багийнхан хийж буй зүйлээ зөвөөр таниулж сурталчилах тал дээр цаашид анхаарч бусдад ташаа ойлголт өгөхөөс зайлсхийгээрэй гэсэн үүндээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэв.
С.Отгонбаяр
Dorgio.mn
URL: