ЗГ иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрөөсөө ухрав уу?
Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат ипотекийн зээл олголт зогсонги байдалд шилжлээ. Орон сууц горилж байсан иргэд одоо үүссэн эмзэг нөхцөл байдалд итгэж ядан байна. Тэдний хувьд ипотек байртай болох хамгийн дөт гарц төдийгүй алдах эрхгүй боломж байсан. Тиймээс цаг, нартай уралдан урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх гэж зүтгэдэг болж эхэлсэн билээ.
Монголын нөхцөлд орон сууцжуулалтыг банкуудад даатгаж үлдээж болохгүй
Нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөх хоёр жилийн аяндаа ч гараад байв. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох найман хувийн зээлийн хөтөлбөр 2013 оны хоёрдугаар хагасаас хойш хэрэгжиж байгаа.
Тухайн үед Засгийн газар, Монголбанк үндэсний хэмжээний хөтөлбөрийг хамтдаа эхлүүлж байлаа. Хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн хугацаанд иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлалд шилжиж, манай улсын нийгмийн даатгалын сангийн хуримтлал өссөн.
Тэрчлэн иргэдийн хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн ил тод, тунгалаг байдал бүхэлдээ сайжирсан. Дундаж давхаргын хөрөнгийн үнэлгээ дээшилж, үнэ цэнэ нь өссөн. Татварын орлого төсөвт илүү ихээр төвлөрч, модон эдлэлийн үйлдвэрлэл дотоодод цэцэглэсэн.
Ипотекийн хоёрдогч зах зээл хөгжиж, орон сууцны хүртээмж нэмэгдсэн. Хэт хэрэглээнээс үүдсэн инфляц тогтворжиж, барилгын үйлдвэрлэл богино хугацаанд хөл дээрээ боссон юм. Орон сууцтай болох гэсэн иргэд илүү олон болж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөгжлийн шинэ үе эхэлсэн. Гэтэл нийгмийн захиалга болсон хөтөлбөрийн эрч саарч, санхүүжилт нь улам багасах болов.
Үүнээс болж ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд урамгүй явна. Хөтөлбөрт найдан байрны урьдчилгаагаа иргэд бүрдүүлж дуусахын алдад зээл олголт хумигдсан нь олон хүний зорилгыг мохоож байна. Нийслэлд тулгарч буй агаар болон хөрсний бохирдлыг шийдэхэд ипотек хамгийн бодитой шийдэл.
Харамсалтай нь, төр, засаг иргэдээ орон сууцжуулах зорилгоор эхлүүлсэн хөтөлбөрийн санхүүжилтийг энэ онд дорвитой нэмж чадсангүй. Төсвийн үрэлгэн зардлаа тэлсэн боловч иргэдэд ээлтэй хөтөлбөрт жинтэй төсөв баталсангүй. Засгийн газар, Монголбанк хамтарч дөнгөж 300 тэрбум төгрөгийг ипотект төсөвлөсөн. Энэ нь 5000 иргэний зээлийг дөнгөн данган шийдэх хөрөнгө.
Гэтэл зах зээлд 30 мянган байр ашиглалтад орсон боловч үүний гуравны хоёр нь эзнээ олоогүй л байна. Ипотек ийнхүү зогсонги байдалд орсон нь барилгын салбарт давхар хүндрэл дуудлаа. Зээл хэвийн үргэлжилнэ гэж тооцсон барилгын компаниуд орон сууцны зах зээлд томоохон тоглогч болон гарч ирсэн.
Иргэдэд ээлтэй хөтөлбөрт жинтэй төсөв баталсангүй
Гэвч ипотек саарснаар төслүүд нь гацаж, алдагдал хүлээж эхэлсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийг таван салбар хошуучилж байгаагийн нэг нь барилга. Чанаргүй зээлийг аж ахуйн нэгжийн хэмжээгээр задлан авч үзэхэд нийт чанаргүй зээлийн 54 хувь нь жилийн 500 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой томоохон аж ахуйн нэгжүүд байна.
Монголбанк ипотекийн санхүүжилтэд зориулан энэ оны эхний хоёр сарын байдлаар банкуудад нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тодруулбал, хоёр сарын хугацаанд нийт 460 иргэний зээлийг л шийдвэрлэсэн байна. Өмнө нь, сард хамгийн багадаа 300 гаруй иргэн байрны түлхүүрээ гардаж авдаг байлаа.
Харин санхүүжилт хумигдсан тул найман хувийн орон сууцны зээл ховор бараа болсныг уншигч та эндээс анзаарсан байх. Өрхийн хэрэглээг ухаалаг болгож, инфляцыг тогтоож байсан хөтөлбөрийн ачааны хүндийг Засгийн газар бус Монголбанк үүрч байгаа. Угтаа иргэдээ орон сууцжуулах нь төв банкны бус Засгийн газрын үүрэг.
Гэтэл үндэсний хэмжээний хөтөлбөрөө өнөөдрийн төр өөд татаж чадахгүй байна. Монголбанк, арилжааны банкуудад орон сууцжуулах бодлогоо Засгийн газар даатгачихсан явна. Үүнийг нь ОУВС олзолж, найман хувийн зээлийг төв банкнаас Засгийн газарт шилжүүлэх учиртайг үүрэгдсэн.
Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчийн тоо 94 мянга дөхөж байна. Олгогдсон зээлийн 77 хувийг удааширч буй хөтөлбөрийн санхүүжилтээс шийдвэрлэсэн бол үлдсэн 20 хувийг банкууд өөрсдийн эх үүсвэрээс гаргажээ.
Банкуудын гаргасан зээлийн тайлангаас харахад, ипотекийн зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ хамгийн бага үзүүлэлттэй байна. Хэдий эргэн төлөлт сайтай бүтээгдэхүүнд ипотек ордог ч богино хугацаатай хадгаламжийн мөнгөөр урт хугацааны зээл гаргах боломжгүй.
Тиймээс банкууд Засгийн газар болон Монголбанкинд найддаг. Ялангуяа, Засгийн газар ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэж чадвал банкууд зээл олгохоо илэрхийлж байна. Ипотекийн зээл агших хэрээр өрхийн хэрэглээний зардал нэмэгдэж, энэ оны хоёрдугаар сард импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 235 сая ам.доллараар өсчээ.
Үндэсний статистикийн хорооны тайлангаас үзэхэд, тээврийн хэрэгслийн худалдан авалт инфляц өнгөрсөн сард 6.9 хувиар өсөхөд голлох нөлөө үзүүлсэн байна. Байрны урьдчилгаа болох байсан мөнгө үнийн өсөлтийг дэвэргэж, өрхийн зардлыг тэлж эхэллээ.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: