Эдийн засгийн хөтөлбөр намын өмч биш
Урд хөрш БНХАУ хөгжлийн бодлогоо олон жилээр тодорхойлж, түүнийгээ чандлан мөрдөж чаддаг онцлогтой улс. Төрийн эрхэнд хэн ч гарсан ерөнхий чиг шугамаасаа хазайна гэж үгүй. Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, дайны хөлд нэрвэгдсэн ядруухан улс богино хугацаанд хөл дээрээ бат зогсож, дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэгд тооцогдох болсны нууц жор ердөө л энэ.
Сайн хөтөлбөр эхлүүлсэн бол аль нэг намынх гэж нүд үзүүрлэмээргүй байгаа юм
Саяхан болсон намын Их хурал дээр тус улсын удирдагч Ши Жиньпин өмнөх сонгуулиас хойших таван жилийн хугацаанд 68 сая хүнийг ядуурлаас гаргасан гэдгээ бардам мэдэгдэж байна. Харин бид хөрш улсынхаа хөгжлийн бэлээхэн жишээнээс шүүрээд авах бус, эсрэг зүгт алхсаар байгаа нь улс орныг бүр туйлдуулж гүйцлээ. Ялангуяа засаг солигдох бүрт өмнөх намын хийснээ үгүйсгэж, муулж, гацааж, хориглодог байдал бидэнд хамгийн том чөдөр, тушаа болж байна. Үнэнийг хэлэхэд энгийн иргэдийн хувьд юм хийж л чадаж байвал төрийн толгойд хэн байгаа нь ямар ч ялгаагүй.
Үнэхээр бүрэн эрхийнхээ хугацаанд гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт хийж, улс орныг өөд татаад байвал тэр нам дөрөв байтугай 40 жил төр барьсан ч яадаг юм. Харамсалтай нь бидэнд энэ дэвшлийг харах хувь дутав. Оронд нь улстөрчдийн бохир заваан хэрүүл дунд нүдүүлсээр байгаад бүгд гутранги үзэлтэй болж байх шиг.
Уг нь зарим нөхөд эрх мэдэлтэй байх үедээ ганц нэг гайгүй юм санаачилж эхлүүлэх юм. Харин албан тушаалаасаа буусных нь дараа нөгөөхийг нь үргэлжлүүлнэ гэж санасны гарз. Энэ миний юм биш, тэр намынх болохоор үргэлжлүүлж болохгүй гэсэн бодлоор ханддаг нь нууц биш. Ямар ч хөгжил уламжлалынхаа сайн талыг үргэлжлүүлж, бурууг нь засаж шинэчлээд явдаг жамтай.
Амжилттай явж буй хөгжлийн түүх бүгд ийм. Гэвч улаан, цэнхрээрээ хэт их ялгардгаас болж хэчнээн олон төсөл хөтөлбөр, санал санаачилга замынхаа голоос бүдрэв ээ. Хамгийн энгийн жишээ бол Улаанбаатарын утаа. Үе үеийн хотын удирдлагууд Засгийн газартайгаа нийлээд утааны эсрэг дайн зарлаад л байна.
Харин сонгуулийн дараа гарч ирсэн нөгөө нам нь “Эдний хийсэн бүх юм буруу. Одоо утааг ингэж бууруулах ёстой. Бууруулах арга замыг судалж байна” гээд хэдэн жил гүйнэ. Ингээд баахан мөнгө үргүй хоосон зарцуулсны эцэст утаа бахь байдгаараа үлддэг дүр зургийг бид хэчнээн ч жил харав. Л.Гүндалай элдвээр хэлүүлдэг ч гэсэн Эрүүл мэндийн сайд байхдаа нэгэн чухал хөтөлбөр санаачлан эхлүүлснийг хүмүүс одоо мартсан байх.
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн бүрийг урьдчилсан шинжилгээнд хамруулах томоохон кампанит ажил өрнүүлсэн юмдаг. Өвдсөн хойно нь өндөр үнэтэй эмчилгээ хийх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх системийг нь бий болгох гэж оролдсон.
Гэвч үр дүнд хүрээгүй. Хэрэв тухайн үед дараагийн нам нь хөтөлбөрийг улам сайжруулаад, цааш үргэлжлүүлсэн бол монголчууд бөөн бөөнөөрөө хорт хавдраар хорвоог орхидог өнөөгийн гунигтай байдал бага ч болов буурах байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Харин Л.Гүндалай эхэлж санаачилсан, Ардчилсан намын автортой болохоор дараагийн эрх баригчид нь сайхан санаачилгыг унтрааж орхисон юм. С.Баярыг Ерөнхий сайд байхад Атрын III аяныг санаачлан хэрэгжүүлсэн нь бас л том дэвшил. Нэг хэсэг бид идэх гурил, хүнсний ногооныхоо ихэнхийг импортоор авдаг байсан нь үнэн. Харин энэ аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй гадаадад экспортлох хэмжээнд хүрсэн. Гэвч С.Баярын эхлүүлсэн, МАН-ын автортой болохоор АН олигтой дэмжээгүй, бас л зогсоож орхисон.
Уг нь сайн хөтөлбөр эхлүүлсэн бол аль нэг намынх гэж нүд үзүүрлэмээргүй л байгаа юм. “Ард иргэдийнхээ болон улс орны өмнө хариуцлагаа хүлээх үүрэгтэй улс төрийн нам нь “хэн нь илүү популист вэ” уралдаанд оролцон явах юм. Тэд улс орныг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх бус сонгогдох гэсэн цорын ганц л зорилготой. Улстөрчид, төрийн албан хаагчид нэг баг болон хөтлөлцөөд явдаг тохиолдол өнгөрсөн 25 жилд бараг үгүй дээ.
Бусдын хийсэн сайн зүйлийг хүлээн зөвшөөрөх соёл манай улстөрчдөд алга
Тиймээс сонгуулийн дараа засаг, дарга нар солигдон боловсон хүчний “газар хөдлөлт” болдог. Энэ хоёр хамтарч сурах хүртэл, төрийн албан хаагчид улстөржихөөс ангижиртал хөгжил дэвшлийн талаар мөрөөдөх ч хэрэггүй бололтой” хэмээн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал бичсэн нь юутай үнэн. Өөр намын автортой болохоор дэмжилгүй унагадаг энэ мэт жишээг дурдаад байвал чамгүй урт үргэлжилнэ.
Өдгөө Дубайн гэрээ гэх хэргээр элдвээр шүүмжлүүлж буй Ч.Сайханбилэг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга байхдаа айл бүрийг компьютержуулах аян өрнүүлж нэг хэсэг явсан. Мэдээлэл, технологийн эрин зуунд хойч үеэ эртнээс бэлдэх ёстой гэсэн түүний санаа зөв байсан ч ажлыг нь элдвээр харлуулсаар байгаад дууссан түүх бий. Мянганы зам бол Н.Энхбаяр болон МАН-ын санаачилсан бас нэг том ажил. Гэвч тухайн үед “Мянгуужингийн зам” зэрэг элдвээр шүүмжилж, бүтэхгүй мөрөөдөл гэж унтраасаар байгаад зогсоож орхисон түүх ч саяхных.
Хэдийгээр муу нэр, луу данстай ч Н.Энхбаяр яах аргагүй энэ хөтөлбөрийн автор нь. Чухам энэ байдал дараагийн эрх баригчдад таалагдаагүй тул урагшлуулахыг огт хүсээгүй.
Гэхдээ хөтөлбөрийг муучлаад, ад үзээд байсан нөхөд эцэст нь хүлээн зөвшөөрч, зам тавихаас аргагүйд хүрсэн. Үр дүнд нь одоо бараг л бүх аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо. Хэрэв тухайн үед олигтой дэмжээд өгсөн бол зам харилцаа хавьгүй эрт сайжирч, тэр хэрээр хөгжил ирэх байлаа.
Хамгийн сүүлд л гэхэд АН-ын эхлүүлсэн Сайн оюутан, Сайн хашаа, Сайн хувьцаа хөтөлбөр болоод гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр дараагийн засаг гарахтай зэрэгцэн ор мөргүй алга болов. Уг нь дэмжээд үргэлжлүүлсэн бол ашиг тусаа өгөхөөр хөтөлбөр байсан ч АН санаачилсан гэдэг ганц шалтгаан үүнийг үр дүнгүй болгоход хангалттай байжээ.
Энэ мэтээр бусдын хийснийг гацааж зогсоосны үр дүнд бид юу хожив. Харин ч өөр төсөл боловсруулж, хөгжлийн өөр гарц хайх хооронд төсвийн мөнгө үр ашиггүй урссаар байна. Хамгийн гол нь бүгдээс үнэтэй цаг хугацааг алдаж, тэр хэрээр дэлхийн хөгжлөөс гээгдэж хоцорлоо.
Сонгууль дөрвөн жил тутам болдгоороо болно. Аль нэг нам ялах л байх. Гэхдээ Монголын хөгжлийн бодлого гэж өөр шүү гэдгийг намын тархинд байгаа хэдэн нөхдөд яаж ойлгуулах вэ. Улс орны хөгжил, ард иргэдийн өдөр тутмын амьдралд нэмэр болохуйц сайн ажил бүхэн аль нэг намын өмч биш юм шүү гэдгийг хэзээ ойлгох бол.
Нэгнээ үгүйсгэж, нэгнийхээ хийсэн бүтээснийг баллуурдаж, харлуулдаг муухай зангаас чинь иргэд үнэндээ залхаж гүйцлээ. Бусдын хийсэн сайн зүйлийг хүлээн зөвшөөрч, түүнийг нь цааш улам баяжуулан хөгжүүлэх соёл манай улстөрчдөд огтоос алга. Ийм байхад бид Р.Амаржаргал гуайн хэлсэнчлэн хөгжил дэвшлийн талаар мөрөөдөөд ч хэрэггүй бололтой.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: