Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж хүн амын ачааллыг тэнцвэржүүлье
Монгол Улс 1,565 мянган хавтгай дөрөлжин км газар нутагтай, 3,2 сая хүн амтай. Гэсэн хэрнээ энэ өргөн уудам нутгийнхаа багахан хэсэгт нь буюу 4,7 мянган км2 талбайд хүн амынх нь тэн хагас нь болох 1,6 сая орчим иргэн, 307 мянга орчим өрх бүл чихцэлдэнхэн амьдарч байна. Энэ бол мэдээж Улаанбаатар. Хот гэсэн хууль ёсны статустай улсын хэмжээний ганцхан газар.
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиараа хамгийн том нэгж нь нийслэл хот. Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүдийн хот гэсэн зэрэг дэвийг үгүй болгосноороо төв рүү чиглэсэн их нүүдэл эхэлж, Улаанбаатарыг утга учиргүй бөөгнөрөл болгосон гэдэг нь үнэний хувьтай шүүмжлэл.
Одоо Улаанбаатар тогтолцооны хувьд үндсэн 6, дагуул 3, нийтдээ 9 дүүрэгтэй. Энэ дундаас Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүргийн хүн амын тоо хэдийнэ 300 мянгаас хол хэтэрсэн. Тэгэхээр Нийслэлийн дараа хүн амын төврөлөрөл, газар нутгаараа энэ хоёр дүүрэг орж байна гэсэн үг.
Энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүн амын хэт төвлөрөл тээг болж, төрийн үйлчилгээг хүн амд жигд хүртээмжтэй хүргэх үндсэн зорилго саарч сарнихад хүрч байна. Ялангуяа Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг үүнд хамааруулан онцолж болох юм.
Манай улстөрчид аймаг, нийслэлийн Засаг дарга гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл сая гаруй хүн амтай Нийслэлийн Засаг дарга, 30-70 мянган хүн амтай аймгийн Засаг дарга хоёр ижил түвшиний статустай. Яг үүн шигээ Улаанбаатарын дүүрэг, аймгийн сум хоёр яг адилхан статустай явдаг. Монголын сумдуудын хүн амын тоо харилцан адилгүй ч ихэнхдээ 3000-10 000-ын хооронд хэлбэлзэнэ. Ингэж харвал ижил түвшний эрэмбэ, эрх мэдэлтэй дүүрэг сум хоёрыг харьцуулах нь заан хулгана хоёрыг адилтгасантай бараг дүндээ дүн байгаа биз. Жишээ нь, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг шиг 300 мянгаас хол давсан хүн амтай сум байтугай аймаг ч одоогоор алга. Энэ хоёр дүүргийн нэг хорооны хүн ам гэхэд 20-30 мянга хүрсэн. Хүн амын тоогоороо энэ жишигт хүрэх сум ч бас үгүй. Гэтэл хороо бол Улаанбаатарын засаг захиргааны хамгийн доод нэгж. Хороодод нийгмийн салбарын төрийн албан хаагч тав байдаг. Халамжийн ажилтан, зохион байгуулагч тус бүр хоёр нийгмийн ажилтан нэг, гэрээт ажилтан гээд хэдэн хэсгийн ахлагч нар байна. Ийм таван хүн хорооныхоо 20 мянган хүнд хүрч ажиллана гэдэг боломжгүй. Төрийн үйлчилгээ хүндээ хүрэхгүй байх шалтгаан ийм.
Дүүргийн үндсэн үүрэг бол харъяа нутаг дэвсгэр дээрээ төр, захиргааны бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын өндөр үр ашигтай, хэвийн жигд ажиллагааг баталгаажуулан төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах орчинг бүрдүүлэхэд оршино.
Гэтэл энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүн амын хэт төвлөрөл тээг болж, төрийн үйлчилгээг хүн амд жигд хүртээмжтэй хүргэх үндсэн зорилго саарч сарнихад хүрч байна. Ялангуяа Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг үүнд хамааруулан онцолж болох юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг гэхэд л Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувийг эзлэн оршдог, Монгол Улсын хүн амын 10 хувь нь энд амьдран сууж байна гээд бод доо.
Баянзүрх дүүргийн хувьд 330 мянган хүн амтай буюу хамгийн их хүн амтай, 28 хороотой байх жишээний.
Улаанбаатарын хүн амын дундаж нягтаршил 1 км2 талбайд 300 орчим хүн байдаг бол энэ хоёр дүүрэгт харьцангуй илүү. Энэ хүндрэлийг хэрхэн шийдэх вэ?
Хүн амын төвлөрөл нь хэдийнэ хэм хэмжээнээс хол давчихаад байгаа дүүргийг хувааж хоёр дүүрэг болгох тухай санаачлага яриа үе үе гардаг ч тэгсхийгээд намддаг. Мэдээж тооцоо судалгаа шаардлагатай байдаг биз. Түүнчлэн хороодын тоог нэмэх замаар аргацаасаар өдийг хүрсэн. Одоогоор Сонгинохайрхан 32, Баянзүрх дүүрэг 28 хороотой ажиллаж байна. Гэхдээ энэ бол сайн арга биш. Амьдрал дээр хороо 20-30 мянган хүн байтугай 10 мянган хүн амтай байхад ч бэрхшээл үүсч, үйлчилгээний хүртээмж хомсдоно.
Шинээр хороо байгуулах замаар хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх нь нэг арга зам мөн ч нийслэлийн төр захиргааны байгууллага иргэддээ бүрэн хүрч ажиллана гэж байхгүй. Төрөөс үзүүлдэг газрын, бүртгэлийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн, нийтийн аж ахуйн гэхчлэн олон төрлийн үйлчилгээ бий. Тэр дундаа дүүрэг бол иргэддээ хүрч ажиллах хамгийн боломжит нэгж бөгөөд иргэдээ төр захиргааны дээд байгууллагатай холбох гүүр, бодлого тодорхойлоход амьдрал дундах амьд холбоо энд л үүсдэг. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ бодит амьдрал, нөхцөл боломжийн шийдлийг бодлогод суулгаж өгөх чухал амин хэлхээ энд бий.
Гэхдээ ийм боломж хүн амын хэт төвлөрөлтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүрэн дүүрэн хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй. Тийм боломж ч үгүй. Яагаад гэвэл дүүргийн төрийн үйлчилгээний чадавхи, хүн хүчний боломж бас хэмжээ хязгаартай.
Тиймээс л нэр дурдсан хоёр дүүргийг дотор нь хувааж жижгэрүүлэх асуудлыг өнөөгийн хотын удирдлага, тухайлбал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зүрх зориг гарган шийдмээр байгаа юм. Нийслэлийн иргэдийн эрх ашигт чиглэсэн ийм шийдэлд улстөржих ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ч Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд нь хувааж жижгэрүүлэхэд хүн ам, газар нутаг талаасаа хамгийн тохиромжтой нь юм. Энэ хоёр дүүргийг хуваалаа гэхэд тус бүрдээ 150-160 мянган хүн амтай, Баянгол Сүхбаатар дүүргийн багцааны шинэ нэгж үүсэх юм.
Дүүргүүдийг хувааж хоёр дүүрэг болгох асуудлаар цахим орчинд явж байгаа санал асуулгын дүнгээс харахад иргэдийн дийлэнхи хувь нь дэмжиж байгаа юм билээ.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/2036h0974
URL: