Эцэг хүний гэр бүлдээ гүйцэтгэх ёстой гурван үүрэг

15111421235a1232ebec7cfБидний амьдралын үнэ цэнэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж, цаашлаад амжилттай сайн сайхан амьдрахад нөлөөлж байдаг хамгийн гол цөм хэсэг бол яах аргагүй бидний өсөж өндийж, хүн болсон гэр орон, хүмүүжүүлж хүн болгосон эцэг, эх билээ. Тэднийхээ тухай тунгаан бодож, эргэцүүлэн суух цаг бидэнд төдийлөн олдоод байдаггүй. Энэ удаа аав, ээжийнхээ тухай өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай хэсэг эргэцүүлэл хийгээрэй. Өнгөрсөн түүх, өнгөрсөн амьдралаа мартаж болохгүй. Хэн байгаад хэн болсноо ямагт мэддэг байх хэрэгтэй. Ингэлээ гээд өнгөрсөнтэйгөө зууралдаад бай гэсэн үг биш. Харин бид юуг хаяж гээж, харин юуг нь хөгжүүлэн дэмжих ёстойгоо эргэцүүлэх цагийг заавал гаргах ёстой юм.

Миний аав үнэхээр сайн хань, сайн эцэг, бас сайн аав байсан. Ямартаа л нөхөрт гарсан өдрөө л аавыгаа санаж, нөхрөө аавтайгаа зүйрлүүлэн бодож голж эхлэх вэ дээ. Аавын үүрэг хүүхдийн хүмүүжилд 80% нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл бид ээж, эхнэр хүн л хүүхдээ хүмүүжүүлэх ёстой гэж андуурдаг.  Ээжийн хамгийн гол үүрэг хүүхдээ бие даах чадварт сургадаг бол аавын үүрэг хүмүүжил, хүн болоход голлох нөлөөг үзүүлдэг. Тэгвэл эцэг хүний гэр бүлдээ гүйцэтгэх олон үүрэг, хариуцлагаас дараах гурван үүрэг нь хамгийн чухалд тооцогддог байна.

1. Хамгаалах үүрэг

Гэр бүлийн амар тайван, баяр хөөр ааваас шууд шалтгаалдаг. Аав гэр бүлээ бүхий л зүйлээс хамгаалдаг байх ёстой. Аав хүн бидний амьдралд өндөр үүрэг рольтой байдаг. Ааваараа энэ дэлхийн бүх эр хүнийг төсөөлөн бодож бид хүн болдог. Аавынхаа нэрээр овоглон, аавыгаа ертөнцийн баатар болгон төсөөлж өсөж торнидог. Хүүхдүүдтэй муудалцаад уйлж суухдаа “аавдаа чамайг хэлнэ дээ” гэж нулимсаа арчин, хамгаалалт ард байгаа гэдгээ мэдрэх үе их байдаг. “Чамайг аавдаа хэлнэ дээ” гэж хэлж өсөөгүй хүүхэд байхгүй. Эхнэр, хүүхдүүддээ ААВ гэдэг гайхамшигтай баатар байх ёстой. Үүнийг бүр мах цусандаа шингэтэл ойлгоосой гэж би эрчүүдээсээ хүсдэг. Энэ гайхамшигт “хамгаалагч”-ийн мэдрэмжийг зүрх сэтгэлдээ аваасай. Хүүхдүүд нь, эхнэр нь, аав ээж нь тэр үед хүүгээрээ, ааваараа, нөхрөөрөө ямар их бахархана гээч.

2. Тэжээх

Аав хүн гэр бүлээ тэжээх, тэтгэх, бүхий л хэрэгцээт зүйлсээр нь хангах үүрэгтэй. Энэ үүргийг сайн биелүүлж байж, ээжид үр хүүхдүүдээ өсгөх, бойжуулах, гэр орноо өнгө өөдтэй авч явах боломжийг олгодог. Одоо үед эхнэрүүд гэр бүлээ тэжээж байгаа түүх олон байна. Бид бэлхнээ нүднийхээ өмнө харж байна. Олон гэр бүлүүд ээжээрээ, эхнэрээрээ тэжээлгэж байна. Ээж, эхнэр хүний үүрэг солигдох нь хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ирээдүйн сэтгэлийн хат муутай, хүч тэнхээгүй, сул дорой иргэд үүнээс болж олноороо бий болж байна.

3. Удирдах

Аав хүн гэр бүлдээ дүрэм тогтоон, түүнийхээ дагуу хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж, дэг журамтай, сэтгэлийн хаттай, жинхэнэ эр хүн, жинхэнэ эмэгтэй хүмүүсийг өсгөн торниулах үүрэгтэй.

Миний аав биднийг бага байхад ээжийг минь ямар их халамжлан байдгийг бид харж өссөн, долоон хүүхдээ ямар их хайрлан, өмөөрөн өсгөснийг бид мэддэг. Аав минь дээрх гурван  үүргээ маш сайн биелүүлсэн учраас ээж минь аз жаргалтай, ямар ч өвчин хуучгүй сайхан буурай болж, үр хүүхдүүд нь бүгд амжилттай, элэг бүтэн сайхан амьдарч байна. Энэ бүхнийгээ би аавынхаа ач буян, бүр ГАВЬЯА гэж боддог. Аав минь үүрэг даалгавраа маш сайн биелүүлсэн, жинхэнэ ЭР ХҮН, бидний БААТАР, ээжийн минь хамгийн хайртай ХАНЬ нь юм.

Эрчүүд минь энэ гурван үүргээ л хангалттай биелүүлчихвэл амьдрал ямар амар тайван, бас ямар их өгөөмөр болохыг өөрөө ч харна, эхнэр  үр хүүхдүүд нь ч харах болно.

М.АЛТАНЦЭЦЭГ /Сэтгэл зүйч/


URL:

Сэтгэгдэл бичих