УЛААНБААТАР МИНЬ УЛАМ Ч ИЛҮҮ УТААТАЙ БОЛООСОЙ!!!

18840

Утаан дундаа сүүмийж л суусан
Улаанбаатар минь сайн байна уу.
Тоосон дундаа
Торойж л суугаа
Ахан дүүс минь сайн байна уу?

Урь орж, усны шувууд наашлах цаг ойртсон ч уушги цээжийг тань хордуулах утаа, агаарын бохирдлын хор хөнөөл байсаар байгааг бүү мартаарай. Жил жилийн хавар жирийн л үзэгдэл мэт ярьсаар үлдэж, намрын намарт ёс юм шиг угтдаг УТААНЫ ХОР УРШГИЙГ аль ч улиралд та бүхэн үл мартахын тухайд энэхүү бичвэрээ хүргэж байна.

Дулааны улиралд зөвхөн хар утаа багасах боловч энэ нь зөвхөн хүйтний улирлын асуудал ч бус, хүн ам олноор суурьшсан их хотод автомашины яндангаас гарч буй цайвар өнгөтэй утаа ч агаарыг ихээр бохирдуулдаг. Түүнчлэн зул барихад, цаас шатаахад ч утаа гардгийн адил ер нь шатаж болох бүх зүйл, спирт хүртэл утаа гаргадгийг санацгаая!

Гэтэл МУ-ын Засгийн газраас жил бүр “УТААТАЙ ТЭМЦЭНЭ, УТААГ АРИЛГАНА” гэж чамгүй их мөнгө төсөвлөдөг хэдий ч тэр нь ямар ч үр ашиггүй УТААГҮЙ НЭРТЭЙ ЗУУХ, хэлбэр нь өөрчлөгдсөн ч агуулга, үр дагавар нь үл өөрчлөгддөг ТҮЛШ хоёрт зарцуулагдан, эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компани, ААН-үүдийн халаасанд ордог нь нууц биш болжээ.

УТААНААС ИНГЭЖ САЛАХГҮЙ ЭЭ АХАН ДҮҮС МИНЬ ЭЭ!

Монголын олигархууд, төрөөс төрсөн тэрбумтнууд идэх хоол, өмсөх хувцас, уух усаа гадаадаас зөөгөөд байж чадна. Харин амьсгалах агаараа лонхонд хийж ирээд хүзүүндээ зүүгээд явж чадахгүй. УТААТАЙ УЛААНБААТАРТАА ядарсан иргэдтэйгээ хамт ХОРТ АГААРААР амьсгалан суух нь ГАРЦААГҮЙ.

#АРД_ОЛНЫ_БАХ_ТАВЫГ_ХАНГАХ_ГАНЦ_Л_ҮНЭН_ЭНЭ_ЮМ.

Гэвч МУ-ын Ерөнхий сайд асан Ц.Баяр мэт нь сайхан монгол ээжийн алтан хэвлээс төрж, ариун сүүг нь хөхөж өсчхөөд, улс орныхоо утаа тортгоос дайжин, АНУ-д долоон хаус авч, гэр бүлээрээ нүүн очсон нь ачлалт ээжийнхээ нүүр лүү нулимчхаад, ногоон нүдтэй, шар гэзэгтэй, бүдүүн бөгстэй эмгэний элгэнд очоод наалдсан шиг ичгүүртэй санагдаж байна.

Энэ мэт төрөөс төрсөн тэрбумтнууд, олигархууд одоо ханаж цадах цаг нь болсон. Эх орныхоо нийслэлийг, утаанд нэрвэгдсэн бусад хот суурингуудаа ч утаанаас салгах бодит ажлыг хийх цаг хэтэрхий оройтож байна!!!
Эс бөгөөс өнөөгийн гамшгаас ч илүү хохирол үзэхийг хүлээн сууна уу, та нөхөд? Гайхшаа барахдаа би Улаанбаатар минь улам ч лүү утаатай болбол Монголын эрх баригчид сая нэг юм бодит ажил хийх юм болов уу гэсэндээ ингэж гарчиглалаа.

Нэгэн цагт бид ч бас Хятад гүрнийг хямруулсан утаа, агаарын бохирдлыг тэдний л нэгэн адил хүртэж байлаа. Харин маш богино хугацаанд энэ нөхцөлийг бүрэн шийдэж чадсан Хөх хот болон, Ордос хотын туршлага ойрхон байх учраас утаанаас салах аргыг эндээс суралцаасай гэсэндээ жишээ болгон тэмдэглэе!

Тухайлбал: Улаанбаатарыг утаагүй болгоход юун түрүүнд хотыг тэлэх бодлого нэн чухал. Учир нь утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдлын суурь шалтгаан нь төр засгийн том байгууллагууд, зах, худалдаа үйлчилгээний төв, их дээд сургуулиуд, цахилгаан станцууд хотын төвд бөөгнөрснөөс үүдэлтэй.

Иймд нийслэлийн дөрвөн зүг найман зовхист төрийн яам, тамгын газруудаа байршуулж, ажилтнуудыг тусгай автобусаар тээвэрлэх. Мөн томоохон их дээд сургуулиудын цогцолборуудыг хотын гадна байршуулж, тус цогцолборт нээгдсэн дэлгүүр худалдааны төв, үйлчилгээний газруудад 5-10 жилийн хугацаанд төрөөс татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг хууль эрх зүйн орчиндоо тусгах шаардлагатай юм.

Түүнчлэн, цахилгаан станцууд, томоохон худалдааны төвүүдээ ч хотоос гаргаж, автомашингүй иргэд болоод цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдан авах хүнд төрөөс мөнгөн урамшуулал олгох, эсрэгээр нь том мотортой автомашин эзэмшигчээс агаарын бохирдлын татвар авч тусгай сан байгуулж, түгжрэлийг сааруулах, шинэ зам гүүр барихад тухайн сангийн хөрөнгөөс зарцуулах боломжтой.

Аливаа хот суурин утаагүй, хоггүй, агаарын бохирдолгүй эрүүл аюулгүй суурин болохын тулд тэлэх бодлого эрчимтэй явуулдгийн өөр нэгэн жишээ бол Дубай хот. Тус хотын уугуул иргэд нь 800 мянга хэдий ч, өдгөө Дубайд 8 сая хүн амьдрах боломжтой, орчин үеийн хотыг тэд бүтээн байгуулж чадсан байна.

Гэхдээ Дубай бол зөвхөн газрын тосноос өөр баялаггүй орон агаад, хотын уугуул иргэдээс нь 10 дахин олон гаднын хүн тэнд суурьшин, ажил хөдөлмөр эрхэлдэг. Өөрөөр хэлбэл хөгжилтэй хотын 1 иргэн гаднын 10 хүнийг зарж, өөрсдөдөө үйлчлүүлж амьдарч байгаа юм.
Харин гадаад иргэд тэндээс олж буй цалингийнхаа бараг 70 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгал, байр түрээс, ахуйн хэрэглээ, өдөр тутмын зардал зэрэгтээ эргүүлэн зарцуулж, Дубайн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулсаар, орлогынхоо 30%-иас хөдөлмөрийн татвар төлөөд өөрийн улсдаа илгээдэг.

Тэгвэл Нийслэлчүүд минь ээ! 700 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн хотдоо 1 сая 500 мянгаараа шавааралдахын оронд, 3 сая хүн амьдрах хотыг дахин төлөвлөж, бүтээн байгуулах, хүн амаа өсгөх, баялгийн хуваарилалтаа тэгш хүртэж амьдрах бүрэн боломж та бүхэнд бий.

Орчин үед улс орнууд технологийн дэвшил, зөв бодлогынхоо ачаар хөгжиж чадаж байна. Тухайлбал Монгол эх нутагтай минь харьцуулахад ямар ч газрын баялаггүй Япон, Солонгос, Малайз, Сингапур зэрэг улсууд өдгөө технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг боллоо. Монгол хүний оюуны чадамж эдгээр улсын иргэдээс огтоос дутахгүй. Гагцхүү зөв бодлого төлөвлөлт, нэгдсэн зохион байгуулалт хамгаас чухал юм!
Баялгийн хуваарилалтыг ард нийтээрээ тэгш хүртэн, амьдралын чанараа өндөр түвшинд хүргэж байсан нэгэн улсын тухай одоо өгүүлье!

Тэр бол 20 жилийн өмнөх Ирак улс.

Саддам Хусейны засаглалын үед би тус улсаас Хятад руу газрын тос импортлохоор очиж байв. Тэр үед Хятададаа өндөр цалинтай хүний тоонд ордог байтал Иракт дундаж цалин 900 динар, нэг динар нь 17 юаньтай тэнцэж байсан тул би Хятаддаа баян, Иракт ядуу хүн болж хувирах жишээтэй…

Түүгээр ч зогсохгүй тус улс шинээр гэр бүл зохиож байгаа залуу хосын нийгмийн хангамжид 1 хаус, 2 бенз машин өгдөг нь намайг гайхшруулсан юм. Газрын баялгийг ард олондоо тэгш хуваарилж болдгийн тод жишээ энэ.
Баялагийн тэгш хуваарилалт буюу байгалийн баялагийг ард түмэн дам хүртэх гэдэг нь төр өөрийн эзэмшлийн хувь, татвар татаасаар ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй аж төрөх орчин нөхцлийг хангаж өгөх явдал юм.
Энэ бүхнийг тоочихын учир өнөөг хүртэл өөрийн биеэр үзэж харсан, тооцож төлөвлөсөн, бүтээж байгуулсан олон олон ажлуудынхаа туршлага мэдлэг дээр үндэслэн Монгол ахан дүүст маань хэрэг болох зүйл байх аваас харамгүй сэтгэлээр мэдлэгээ хуваалцъя хэмээн зорьсны шалтгаан билээ.

ДАРААЧИЙН УДАА:

Хог боловсруулах, ашиглах технологийг нэвтрүүлж, хогноос эрчим хүч үйлдвэрлэх тухай асуудлыг, мөн цэвэрлэх байгууламжийн чанарыг дээшлүүлэх, ундны болон, бохир усыг цэвэршүүлэх. Түүнчлэн хотуудын усан сувгийн системийг боловсронгуй болгож, үер усны хамгаалалтын даланг, зам гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал бодлоо хуваалцах болно.

#Хүндэтгэсэн_Шинху_группийн_Далайгаас

18841


URL:

Сэтгэгдэл бичих