Автомашин тань стандартын бус дугаартай байвал үнэ төлбөргүй дахин гаргуулаарай

Авто тээврийн газрын Тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл, техник технологийн хэлтсээс автомашины улсын дугаарын стандартыг хангуулах, шаардлага хангаагүйг нь хураан авах, дугаарын давхардлыг арилгах аяны хүрээнд автомашины дугаар үйлдвэрлэж буй газруудыг шалгах юм.

Автомашины улсын дугаарт Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс баталсан тэмдэгтийн MNS 4410:2002 стандартыг хангах ёстой байдаг гэнэ.

Улсын дугаарын тэмдэгийн үндсэн материал нь хөнгөн цагааны хайлш байх ёстой бөгөөд зузаан нь 1.0-0.2 мм, будаг эсвэл гэрэл ойлгогчоор хийсэн байж болох ба дугаарын тэмдгийн үсэг, тоо, хүрээ нь тохирох хэмжээ, өнгийн бэлдэц дээр товойлгон хэвлэж, зохих өнгөөр ялгасан хийцтэй байх ёстой.

Мөн улсын дугаарын тэмдэг дээр улсын нэрийн товчлол “MNG” болон соёмбо гэх мэт ялгах тэмдэглэгээ хэрэглэж болно гэдэг аж. Хэрэв таны машин стандартын бус дугаартай байвал анх үйлдвэрлэсэн газарт нь шилжүүлж үнэ төлбөргүй дахин гаргуулж болно. Харин таны автомашины дугаарыг стандартынх мөн эсэхийг цагдаагийн ажилтнууд тодорхойлоод өгнө.

Замын Цагдаагийн ерөнхий газраас “Одоогийн байдлаар 3000 орчим давхардсан дугаар байна” гэсэн мэдээлэл өгч байсан. Тиймээс эдгээр 3000 орчим давхардсан дугаарын тээврийн хэрэгслийг тодорхой болгож, эзэмшигчдэд нь мэдэгдэн, хурааж аваад сольж өгөх ажлыг хийхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой тоотой болгохоор АТГ-аас судалгаа хийж эхэлжээ. Үүнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайд зөвшөөрч, тушаал гаргавал хэрэгжүүлэх юм байна. Хэрэв тэгвэл 2012 оны сүүлчээс машины дугаарыг гурван оронтой тоотой болгох ажил эхлэнэ гэнэ.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих