Шинэ төрлийн “хар салхи” буюу кохын савханцар
Монгол хүний эрүүл мэндийн байдалд хийсэн сүүлийн үеийн судалгаануудыг харвал сэтгэл зовинох тоон мэдээлэл бас цөөнгүй байна. Монголчууд бидний цөөнгүй хэсэг нь сүрьеэгийн өвчнөөр хорвоогоос явж байна. Сүрьеэгийн өвчин бол монголчууд бидний “хуучны танил”. Энэ өвчнөөс бид сүрдэж айгаад байдаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд тоомжиргүй хандаж байсан энэ өвчин монголчууд бидний ирээдүй, хүүхэд залуус руу маш хурдтайгаар “нүүдэллэж” байна.
Өдгөө гуравхан сая хүнтэй Монголд жилд 4000 гаруй хүн сүрьеэгээр өвдөж байна. Гэтэл 270 сая хүн амтай АНУ-д ердөө 12 000 хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн мэдээлэл бас байх. 20 сая хүнтэй Австралид сүрьеэгийн хүндэрсэн хэлбэр 1-2 хон тохиолдол илэрдэг гэх. Гэтэл Монголд өнөөдөр халдварт өвчний шалтгаантай нас баралтын тэргүүн эгнээнд сүрьеэ өвчин жагсаж байна. Хамгийн түгшүүртэй нь, өвчлөгсдийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод, тэр дундаа хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдарч байна гэсэн мэдээлэл хэний ч санааг зовоож буй нь лавтай. Дээрээс нь өвчлөгсдийн 60 гаруй хувь нь буюу дийлэнх нь амьсгалын замаар дамжин халдварладаг уушигны сүрьеэтэй гэсэн оноштой явж байгааг эмч нар хэлж байна. Сүрьеэгийн өвчин хавар биеийн дархлаа сулрах үед илүү идэвхждэг учраас өнөөдөр, маргааш танд ч бас халдварлаж мэдэх “цагаан тахал”-ын аюулаас сэрэмжилж, сүрьеэгийн талаарх мэдээллийг дахин сөхөв.
ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ЖИЛД 500 ОРЧИМ ХҮН СҮРЬЕЭТЭЙ ГЭЖ ОНОШЛОГДДОГ
ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч нар болон өвчлөл өндөртэй дүүргүүдийн эмч нартай уулзаж, зарим мэдээллийг тодруулсан юм. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч нар “Сүрьеэг ядуу хүний өвчин, надад огт хамаагүй гэж ойлгодог хүмүүс бий. Сүрьеэ агаараар, амьсгалын замаар дамжин халдварладаг учраас бараг хүн бүхэнд сүрьеэгийн нян нуугдаж байдаг. Биеийн дархлаа сайн бол сүрьеэгээр өвдөхгүй байж болно. Харин таны биед нуугдсан сүрьеэгийн “унтаа” нян таны биеийн дархлаа сулрахыг тандаж суудаг гэдгийг мартах ёсгүй. Тэгэхээр энэ өвчин хүн бүхэнд хамаатай. Сүрьеэ таныг хөгшин залуу, баян хоосон гэж ялгахгүй. Сүрьеэгээр хэн ч өвдөж болно” гэдгийг сүрьеэгийн эмч Б.Батхуяг ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм. Харин нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сүрьеэгийн диспансерийн эмч С.Сарантуяагаас дүүргийн хэмжээнд өвчлөл ямар байгааг асуулаа. Тэрээр “Манай эмнэлэгт 09:00-15:00 цаг хүртэл үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй. Энд нийт 24 хорооны өрхийн эмнэлгээс ирж буй хүмүүсийн шинжилгээ оношлогоог хийдэг. Манай гурван эмч өдөрт 30-40 хүнд үзлэг хийдэг. Жилд дунджаар 30 орчим мянган хүн үйлчлүүлдэг. Үүний 70 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, бусад нь амбулаторийн болон хяналтын үзлэг байдаг. Эмчилгээний дагуу эм ууж буй 280 орчим хүн ирдэг. Дүүргийн хэмжээнд жилд 480 гаруй хүн сүрьеэтэй гэсэн онош тогтоолгодог” гэсэн юм. Энэ мэдээлэл танд ч бас эрүүл мэнддээ анхаарал хандуулах ёстой гэдгийг сануулж байгаа байх.
Одоогоор манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байна. Өвчлөл ихэсч буй шалтгааныг холоос хайвал хөрш хоёр оронд өвчлөл өндөр байгаатай холбоотой. Харин ойрын шалтгаан нь хүн амын хэт төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал, стресс, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Монголд жилд 4400 орчим хүн шинээр сүрьеэгээр өвчилдөг аж. Насны бүлгээр нь авч үзвсэл 70 гаруй хувь нь 16-44 насны залуусын дунд тохиолдож байна. Харин эдгээрээс эмийн дасалтай сүрьеэгээр 200 орчим хүн өвчилдөг гэдгийг албаныхан хэлж байв. Манай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлийн нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан болж байгааг эмч нар хэлж байсан.
НҮБ: 2050 ОН ГЭХЭД 75 САЯ ХҮН СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР НАС БАРНА
Өнгөрсөн жил АНУ-д “Харви”, “Ирма” гэх хоёр догшин хар салхи дэгдэж, олон хүний амь үрэгдэж, ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар та сонссон байх. Түүн шиг 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кохын нээсэн сүрьеэгийн өвчлөл дэлхийн хүн амд яг л хар салхи шиг аюул учруулахад ойрхон байна. Энэ нь сүржин сонсогдож байгаа ч дэлхийд гэлтгүй Монголд сүрьеэгийн өвчлөл их хурдацтай халдварлаж байна. Тэр дундаа ид хөдөлмөрийн насныхан энэ өвчнөөр өвдөж байгаа нь тоомжиргүй хандаж яав ч болохгүй асуудал юм. Нөгөөтэйгүүр, 1980-аад онд ДОХ өвчин анх дэлгэрэхэд олон сая хүн амиа алдсаны адил сүрьеэ өвчин хүн төрөлхтөнд заналхийлж байгаа тухай НҮБ-ын тусгай төлөөлөгч Эрик Гоосби мэдэгдсэн байна. Тэрээр “Өнөөдрийн сүрьеэ өвчний халдвар 80-аад онд ДОХ өвчин тархаж байсантай эн тэнцүү аюултай байна” гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ. Уг өвчнөөр нас барагсдын тоо ДОХ өвчнөөр нас барж буй хүмүүсийн дараа бичигдэж байгаа юм. Дэлхий дээр өдөрт 4100 хүн, жилд 1.5 сая хүн сүрьеэ өвчнөөр нас барж байна. Харин ирэх 35 жилд энэхүү өвчнөөр нас барагсдын тоо 75 саяд хүрнэ гэж Их Британийн Засгийн газраас гаргасан тайланд дурдсан байна. Мөн сүрьеэ өвчнийг эмчлэхийн тулд 16.7 их наяд доллар буюу дэлхийн нийт ДНБ-ий 0.65 хувийг зарцуулна гэсэн тооцоог бас гаргасан байна. Энэ нь хар салхины хор уршигтай дүйцэхүйц их хохирол амсахыг хэлж байгаа хэрэг юм. Гэхдээ уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийг үр дүнтэй эмчилж, эдгээж чадвал 2025 он хүртэл өвчнийг тархалтыг 50 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
2016 оны байдлаар Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравдугаарт орж байна. Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст ижил тархалттай байгаа ч 15-24, 25-34, мөн 65-аас дээш насны дунд өвчлөл илүү өндөр байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь гурван жилийн дунджаар 10.6 хувь, 2016 онд 12.8 хувь болж өссөн байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Хамгийн ноцтой нь, нэг гэр бүлийн 4-5 хүн бүгд бие биеэсээ халдвар авч, олон эмийн дасалтай сүрьеэгээр өвчилж, амиа алдах явдал олон удаа гарч байна. Мөн сүрьеэгийн эмч нар ч бас энэ өвчнөөр өвдөж, нас барах тохиолдол гарсан гэсэн түгшүүртэй мэдээллийг сонсов. Манай улсын хэмжээнд сүрьеэгийн шинэ тохиолдлын 56 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Өвчлөл ихтэй дүүрэгт Баянзүрх, Сонгнохайрхан ордог. Харин аймгуудын хувьд Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодод өвчлөл их байна. Өвчлөгсдийн дийлэнх нь мөн уушгины сүрьеэгээр өвджээ.
СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ Ч ХУГАЦАА АЛДВАЛ АМИНД АЮУЛТАЙ
Сүрьеэгийн өвчлөл дотроо олон янз байдаг аж. Эмэнд мэдрэг, эмэнд дасалтай, олон эмэнд дасалтай, мөн маш олон эмэнд дасалтай гэх мэтчилэн ангилдаг. Анх удаа сүрьеэгээр өвдөж буй хүмүүс ихэвчлэн эмэнд мэдрэг сүрьеэгээр өвддөг. Харин эмээ дутуу уух, эмчилгээгээ таслах, дур мэдэн буруу горимоор эмчлэх, эмийг хяналтгүй уух зэрэг шалтгаанаас үүдэн эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг аж. Иймд сүрьеэгээр өвдсөн бол эмнэлгийн ажилтны хяналтан дор эмчийн заасан эмчилгээний горимоор эмийг өдөр бүр уух естой. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнийг халдварлуулдаг. Иймд хүн бүр сүрьеэгийн шинжилгээ өгөөд үзэхэд илүүдэхгүй гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар онцгойлон анхааруулж байв. Ялангуяа, сүүлийн үед оюутан залуусын дунд сүрьеэгийн өвчлөл элбэгшиж байгаад эмч нар сэтгэл нь зовинож байна. Дээрээс нь шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал, архидалт, агаарын бохирдол зэрэг нь сүрьеэгийн өвчлөл ихсэхэд нөлөөлж байна гэв. Хэдийгээр сүрьеэг эдгэрдэг өвчин хэмээн тодотгож байгаа ч эмчилгээний зардал өндөр, хугацаа урт. Хугацаа алдсан, өвчнөө хүндрүүлсэн тохиолдолд сүрьеэгийн ихэнх тохиолдол нас баралтад хүргэдэг байх юм. Үүнийг бас тоон мэдээллээс харж болно. Тухайлбал, дэлхийд жил бүр 9 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилж, жилд 1.5 сая хүн буюу өдөр бүр 4000 гаруй хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна. Сүрьеэгийн нийт тохиолдлын 80 хувь нь 23 оронд, тэр дундаа Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонез, Пакистан, Филиппин гэсэн Ази тивийн зургаан оронд өвчлөлийн 50 хувь нь оногддог байна. Эмчлэхэд төвөгтэй “эмэнд дасалтай сүрьеэ”-гийн дэлхий дээрх нийт тохиолдлын дийлэнх нь Азийн бүс нутагт ногдож байна.
ШҮЛСЭЭ ХАЯХААС ЭХЛЭЭД ӨӨРТӨӨ ХЯНАЛТ ТАВЪЯ
Сүрьеэ амьсгалын замаар дамжиж халдварладаг өвчин. Тэр утгаараа хүн бүр эрүүл ахуйн энгийн дүрмүүдийг сайтар сахих хэрэгтэй юм. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс ч бас бусдад халдвар тараахгүй байх энгийн зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, сүрьеэгийн нян тоосонд 100 хоног, хөрсөнд зургаан сар, усанд 150 хоног амьдрах чадвартай, гадаад орчинд маш их тэсвэртэй. Хүний биеийн ямар ч эрхтнийг дарангуйлж болох ч ихэнхдээ уушгийг гэмтээдэг. Тиймээс сүрьеэтэй өвчтөн ханиаж натиалгах үед сүрьеэгийн нян танд халдварлах боломжтой. Сүрьеэгийн нян нь хоол унд муутай, биеийн эсэргүүцэл нь суларсан үед таныг ангуучилж, нянгаа түгээдэг. Тиймээс хувь хүн дархлаагаа сайн тордох, гудамжинд явж байхдаа нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэгт суралцах хэрэгтэй. “Ялангуяа шүлсээ ил задгай битгий хаяарай. Хүний шүлсэнд ханиад томууны вирусээс гадна хатгаа, сүрьеэ зэрэг халдварт өвчин үүсгэгч нян агуулагдаж байдаг. Зарим вирус хүний хаясан шүлсэнд 6-8 цаг амьдрах чадвартай байдаг учраас шүлсээ ил задгай хаях нь халдвар тараах эрсдэлтэй” гэдгийг сануулсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад ертөнцийн гурван хүний нэг нь сүрьеэ өвчнөөр шаналж байна. Харин Монголд энэ өвчин газар авч, өвчлөл өндөртэй долоон орны тоонд багтаж байгаа нь цөөн хүн амтай манай улсын хувьд аюулын харанга дэлдэж буй юм.
Иймд нийгмийн халдварт өвчин гэгддэг сүрьеэтэй бүх нийтээрээ тэмцэх нь чухал байгааг ЭМЯ-наас онцолж байна. Тиймээс та ч бас нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарлаж, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө эрүүл мэндийн энгийн дүрмүүдийг сахиж, гудамжинд бохь, шүлс, хогоо ил задгай хаядаг муу зуршлаасаа салах хэрэгтэй юм. Бид хүний эрхийн тухай их ярьдаг хэрнээ үүрэг хариуцлагын талаар огтхонч ч дурьдахгүй орхигдуулдаг. Тиймээс сайн сайхан амьдралыг босгож, бүтээе гэвэл та эрүүл байхаас эхлэх хэрэгтэй.
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: