Террорист байгууллагатай холбоотой сургуулиудыг Туркийн талд шилжүүлж өгөхийг Монголоос хүсчээ
Монгол улсад айлчилж байгаа Туркийн шадар сайд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа террорист байгууллагатай холбоотой сургуулиудыг өөрийн талд шилжүүлж өгөхийг хүссэн байна.
Террорист байгууллага гэдэг нь 2016 онд Туркэд төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон гэх Фетуллах Гюлений байгууллагыг (FETO-Fetullah Terrorist Organization) нэрлэж байгаа ажээ.
АНУ-д амьдардаг шашны зүтгэлтэн Фетуллахын 2015 оны долдугаар сарын 15-нд Туркэд зохион байгуулсан цэргийн эргэлтийн улмаас 250 хүн амиа алдаж, 2,200 хүн шархдсан гэдэг.
Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа шадар сайд Хакан Чавушоглу өчигдөр Монгол улсын засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа дээрх сургуулиудын удирдлагыг Туркийн Маариф Санд шилжүүлж өгөхийг хүссэн байна.
Дээрх сургуулиудын үйл ажиллагаа хоёр орны харилцаанд муугаар нөлөөлнө гэдгийг тэр бас сануулжээ.
Туркийн засгийн газрын 2016 онд байгуулсан Маариф Сан нь FETO байгууллагын харьяаны хилийн чанадад байдаг сургуулиудын удирдлагыг шилжүүлж авах зорилготой гэнэ.
Сайд мөн террорист сургуулиудын үйл ажиллагаа Монгол улсын аюулгүй байдалд хортой гэдгийг анхааруулсан байна.
Чавушоглу “Эдгээр сургуулиудыг төгссөн хүмүүс төрийн байгууллагад ажиллахдаа зэрэг хоёр талд үйлчлэх бүтцээр ажилладаг” гээд тэдэнд АНУ-д амьдарч байгаа Фетуллах Гюлен шууд заавар өгдөг гэжээ.
Ө.Энхтүвшин сайд сургуулиудын талаар анхааруулсанд талархлаа илэрхийлээд Монгол улсын засгийн газар шаардлагатай арга хэмжээг авна гэж Чавушоглуд амласан байна.
Р.ТӨМӨР, IKON.MN
Эх сурвалж: Anadolu Agency
URL: