Буруу, буруу, цасны буруу

Ойрноос цас их орж, замын хальтиргаа хэрээс хэтэрч байна. Замын хажуу талын хашлага ч хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихсон. Явган хүн гарцын цагаан зураас бол бүр байхгүй. Угаасаа бүдэгхэн дээрээ цасанд дарагдаад сураг алдарсан байгаа. Тийм байтал нэмж ороод байгаа нь цасны л буруу.

Хальтиргаа ихэссэнээс болж осол, аваар нэмэгдэж, өдөртөө 20-30 хүн гэмтэж, бэртэж байгаа нь ч цасны буруу. Улсаас өч төчнөен зардал гаргаж, цас цохих төмөр, цацах давс, хайрга хүртэл бэлтгээд байхад нөөцийг нь бараад, дээр дээрээс нь нэмж ороод байгаа нь ч цасны буруу.

Уг нь манай жолооч нар өвөл болсон ч зуны дугуйтайгаа давхиад байж болдог юм. Цас орохгүй л бол шүү дээ. Гэтэл дахин дахин орж, дагтаршаад, зуны дугуйтай машинууд халтирч, хүн мөргөж гэмтээгээд байгаа нь ч цас чиний буруу.

Байгууллагууд үүднийхээ явган хүний замыг ямар ч пильтагаар хийж болно. Уг нь цас л орохгүй бол тэнд хүн хальтираад, хөл гараа гэмтээгээд байхгүй шүү дээ. Гэтэл хальтирдаг үүдтэй гэдгийг нь мэдсээр байж дахин дахин орж, хүн бэртээгээд байгаа нь байгууллагын буруу биш шүү. Тэд хүн бэртэх байх гэж цас цэвэрлээд байх ч ёс байхгүй. Ерөөс цас ороогүй л бол нэг хэсэг нь цэвэрлэх гэж, нөгөө хэсэг хальтирч уначих гээд зовоод байх шаарддагагүй байх байлаа. Тэгэхээр цас чиний л буруу.

Гэр хороололд битгий хэл хотын төвийн замд хайрга, дайрга, давс, бодис хүрэлцэхгүй байгаа. Гэтэл хальтиргаа гулгаа чинээндээ хүрч, хүмүүс гэртээ харьж чадахгүй байна. Тэгээд ч хашаа хашааныхаа   үүдний цасыг цэвэрлээд байж байх завтай хүн алга. Өвлийн хүйтэнд хүмүүс даарч зогсох гэж төвөг байгаа даа. Хорооноос ч гэсэн ийн сэтгэж нэгдсэн уйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа байх.
Тийм байтал нэмж орсоор, хүмүүсийн уур уцаар, машины дугуйны хээ, цаг завыг нь барж байгаа цас чиний буруу.

Улс орон хөгжиж байгаа ч шар хантаазтай цэвэрлэгч, цас цохих багаж, давс, хайрганаас хэтрэхгүй байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад байдаг шиг цас цэвэрлэх машин авч дийлэхгүй байна. Ядарсан цэвэрлэгчид өглөөнөөс орой болтол машин дайруулчих шахан цэвэрлэж байгаа ч барахгүй байгааг мэдсээр байж нэмж ороод байдаг цас чиний буруу.

Шинэ жилийн шөнө л ганц удаа орвол болно биз дээ, бусад үед ороод байдаг чинь илүү байлгүй.

Н.Пунцаг

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих