ПУТИНЫГ ЗУРГААН ЖИЛД ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

765923-600x374Владимир Путин урьд хожид аваагүй олон сонгогчийн санал авч ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа ялалт байгууллаа.

АНУ болон баруунтай ээдрээтэй харилцаатай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин зургаан жил бүрэн эрх хэрэгжүүлэхээр болсон нь өөрийгөө Орост хамгийн хүчирхэг хүн гэдгийг олон улсад нотлон харуулсан юм.

Харин түүний эх орон нэгт өрсөлдөгчид нь ирэх зургаан жилд түүний сүүдэрт явах болж байна. Түүний гадаад өрсөлдөгчид дотоодын асуудалтайгаа зууралдсан хэвээр. Европын холбооноос гарах Их Британийн шийдвэр олон асуудал дагуулж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөрөг хүчний намуудаас сонгууль будилаантуулсан тухай олон зөрчил, гомдол гарсан боловч Путины нэр хүндэд өчүүхэн ч сэв суулгаж чадсангүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Кремль 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Их Британид Оросын экс тагнуулчийг мэдрэлд нөлөөлөх хорт бодисоор хордуулсан халдлагыг зохион байгуулсан гэх дуулиан шуугиан дэгдсэн юм. Гэвч барууны хэвлэлийн энэ дайралтууд түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоход саад болж чадсангүй.

Харин түүний өрсөлдөгчид, хөрш орнууд болон Оросын 147 сая иргэн түүнийг ирэх зургаан жилд юуг өөрчлөх бол хэмээн анхааралтай ажиглаж байна.

ШИНЭ ХҮЙТЭН ДАЙН ДЭГДЭХ ҮҮ?

ОХУ болон барууны харилцаа Зөвлөлт систем задран унасан 26 жилийн өмнөх үетэй харьцуулахад хамгийн доод түвшинд очжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай нөхөрсөг харилцаатай Путин сонгуульд ялалт байгуулсан тул 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн мөрдөн байцаалт эрчээ авч байгаа үед Вашингтонтой хэлэлцээ хийх боломжийг хайх нь тодорхой.

Путинтай сайн харилцаатай Итали, Германы лидерүүд мөн сонгуульд ялалт байгуулсан билээ.

Путин барууны орнуудтай зөрчилдөхөд Орост түүний рейтинг өсдөг. Тиймээс Москвагийн эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдвөл ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт байнгын гишүүний хувиар хориг тавих нь тодорхой.

Сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө Путин пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээс хэд дахин илүү хүчин чадалтай цөмийн шинэ зэвсэгтэй болсноо зарласан нь өрсөлдөгчдөө айлгаж, ОХУ-ын сүр хүчийг гайхуулсан түүний амбицын илрэл байв.

СИРИ БОЛОН ХЭТ ДАВРАГСДЫН АЮУЛ

ОХУ-ын цэргүүд Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн алан хядагчидтай тэмцэхэд Башар Ассадын армид дэмжлэг үзүүлснээр долоон жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнд эргэлт хийсэн билээ.

Сирийн иргэний дайн геополитикийн дайн учраас ОХУ ойрын хугацаанд тэндээс цэргээ гаргахгүй ажээ. АНУ болон барууны орнууд долоон жилийн өмнө Ливийн улс төрийн дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцож, хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш энэ бүс нутагт хэт даврагсдын хяналтад орсон билээ. ОХУ-ын газрын тосны эрх ашиг нуугдаж байсан Ливид болсон хэрэг явдал ОХУ-ыг Сирид цэргээ оруулахад хүргэсэн.

ХӨРШҮҮД

Оросын иргэдийн хувьд Путины байгуулсан хамгийн том гавъяа бол Украины Европын холбоо, НАТО-д гишүүнээр элсэх амбицыг дарж, Крымийг өөртөө нэгтгэсэн явдал юм. Энэ явдал түүнийг Ерөнхийлөгчөөр сонгох том шалтгаан билээ.

АНУ болон Европын холбоо үүний хариуд ОХУ-ын эсрэг олон хориг тавьсан боловч Путин бууж өгөхийг хүссэнгүй. Үүний дүнд Украин барууныг дэмжигч Киев ба ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.

Крымийг ОХУ өөртөө нэгтгэсэн энэ явдлын дараа хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан зүүн Европын орнууд Унгар, Польш, Чех, Словак зэрэг орнууд Москватай харилцахдаа болгоомжлох болсон билээ.

ПУТИНЫ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ

Путин дахин зургаан жил бүрэн эрх хэрэгжүүлэхээр болсон нь ОХУ-д зайлшгүй шаардлагатай эдийн засгийн реформ хийж, ард иргэдэд амласан шигээ амьжиргааны түвшинг сайжруулж, газрын тосноос хараат байдлыг багасгах боломж олгож байна.

Гэвч Путин эрсдэлтэй эрс шинэчлэл явуулахгүй гэдгээ сонгогчидтой уулзахдаа хэлсэн гэнэ. Шинжээчдийн таамаглаж буйгаар ирэх зургаан жилд Путины юун түрүүнд авч хэрэгжүүлэх ажил нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өргөжүүлж, орон нутгийн засаг захиргааны авлига, хээл хахуулийг арилгахтай тэмцэх гэнэ.

Харин тэтгэврийн тогтолцоог өөрчилж, албан хаагчдын төсвийн зардлыг танах зэрэг эрс шинэчлэл явуулахгүй гэж үзэж байна. Инфляц, төсвийн алдагдал бага, иргэдийн орлого муу, эрүүл мэндийн систем гажуудалтай, авлига газар авсан зэрэг шалтгаанаар ОХУ сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байна.

Оросуудын хувьд ирэх зургаан жилд ямар байх тухай зураглал хэдийн бий болжээ. Гэвч түүний дараа яах бол гэдэг нь олон хүний сонирхлыг татаж байгаа юм.

Үндсэн хуульд заасны дагуу Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна. Сонгуулийн өдөр түүнээс 2030 онд сонгуульд дахин өрсөлдөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад Путин “100 нас хүртлээ энэ албыг хашихгүй нь тодорхой” хэмээн хариулсан юм.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих