Кино урлаг “Шороон үед” шилжсэн нь нийгмийн эмгэгийн нэг шинж

Саяхан “Уран зохиол шинжээч Г.Батсуурь” гэх хүний бичсэн “Шороон үеийнхэн ба “Амьдрал” кино” гэсэн шүүмж цахим хуудсанд тавигдсаныг уншаад “Шүүмжлэлт сэтгэл судлал” номынхоо энэ сэдвээрхи хэсгээс уншигч олондоо хүргэхийг зорив.

Манай өнөөгийн кино бүтээгчдийн дийлэнхи нь монгол хүний сэтгэл, зан чанараас гажсан, үнэмшил, ур муутай, хүчирхийлэл голлосон “бүтээл үйлдвэрлэх” болсон нь нийгмийн сэтгэл зүйн эмгэгийг илэрхийлж буй хэрэг юм. Шуудхан хэлэхэд, мөнгө бодсон “эмгэг” сэтгэлээс төрж буй бүтээлүүд гэж хэлж болно.

 18812

НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ БА УРЛАГИЙН БОДЛОГО

          ***

Кино урлаг

Кино гэдэг бол урлагийн бүх төрлийн илэрхийллийг өөртөө агуулж, тэдгээрийг хамтад нь ашиглаж болдог өргөн боломжтойгоороо хамгийн хүчтэй, хамгийн хүртээмжтэй урлаг.

Энэ боломжийнхоо хэрээр аливаа утга агуулгыг асар өргөн цар хүрээнд илэрхийлж ертөнцийн амьдралын түмэн үзэгдлийг хүмүүсийн сэтгэл оюунд шууд оруулан таниулж чаддагаараа сэтгэл оюунд хандах хүчтэй хэрэгсэл мөн.

Тэрхүү өргөн цар хүрээний утга чанар, үйл явдлын хүрээ, дүрслэлийн арга хэлбэрээрээ кино нь олон хэв маягаар ангилагдах болжээ. Тухайлбал:

• Зодоонтой  /Action (боевик)/

• Садар самуун харилцааны /Adult (порнофильм)/

• Адал явдлын /Adventure (приключенческий фильм)/

• Хүүхэлдэйн /Animation (анимационный фильм, мульт фильм)/

• Цадиг намтрын /Biography (биографический фильм)/

• Инээдмийн /Comedy (кинокомедия)/

• Хэрэг мөрдөх ажиллагааны /Crime (криминальный фильм)/

• Баримтат /Documentary (Документальное кино)/

• Амьдралын хүүрнэлт /Drama (драма)/

• Гэр бүлийн /Family (семейный фильм)/

• Уран зөгнөлийн буюу үлгэрийн /Fantasy (фэнтези, сказка)/

• Адал балмад хар бараан амьдралын /Film-Noir (нуар)/

• Тоглоом наадмын үзүүлбэрийн /Game-Show (игровое шоу)/

• Түүхэн /History (исторический фильм)/

• Аймшгийн /Horror (фильм ужасов)/

• Дуу хөгжмийн /Music (музыкальный фильм)/

• Дуулалт хүүрнэлийн /Musical (мюзикл)/

• Нууцлаг хэрэг явдлын /Mystery (детективный фильм)/

• Мэдээллийн /News (новости)/

• Янаг амрагийн уянгын /Romance (мелодрама)/

• Шинжлэх ухаан-уран зөгнөлын /Sci-Fi (научно-фантастический фильм)/

• Богино өгүүлэмжийн /Short (короткометражный фильм)/

• Спортын /Sport (спортивный фильм)/

• Дайны сэдэвт /War (военный фильм)/

• Өрнийн /Western (вестерн)/

гэх мэт.

Хэдийгээр киног ийм олон хэв маяг, төрөл зүйлд ангилдаг болсон ч гэсэн тухайн нийгмийнхээ, тухайн улс төрийн бодлогынхоо, тэр бүхний тусгал болсон хүний зан төрх, харилцааг агуулж, илэрхийлж байдаг.

Өөрөөр хэлбэл кино урлаг нь

1-рт Тухайн нийгмийн дүр төрхийн тусгал нь, нийгмийн амьдралын толь нь болж байдаг.

2-рт Нийгмийн сэтгэл зүй, зан чанарынх нь тусгал

3-рт Улс төрийн бодлогын тусгал болж байдаг.

4-рт Нийгмийн сэтгэл зүйг залах хэрэгсэл болж өгдөг. Шуудхан хэлэхэд хичнээн үгүйсгэж, үзэл суртлын зэвсэг биш гэж зүтгэлээ ч улс төрийн бодлогыг тээж, эерэг, сөрөг хоёр бодлогын аль нэгэнд үйлчилж байдаг билээ.

Тэр нь хүнийг араатан болгох, эсвэл хүн болгох гэсэн хоёр хандлагын аль нэгэнд чиглэдэг гэсэн үг юм.

Яг л нөгөө Зөвлөлтийн “Мосфильм” кино студийн 1987 онд бүтээсэн “Капуцинаас ирсэн хүн” /”Человек с бульвара Капуцинов”/ кинонд гардаг шиг.

Зэрлэг өрнөдийн алсын нэгэн бөглүү сууринд соёл түгээхээр ирсэн жентльмен залуу мистер Жон Фёст тэнд кино “театр” байгуулан хүний мөс, ариун хайр сэтгэл, бусдыг хүндлэх ёс журмыг киногоор таниулж, өөрөө ч биеэрээ үлгэрлэснээр жижиг хотын иргэдийн харилцаа, амьдралын хэвшил өөрчлөгдөн, архидалт, хэрүүл зодоон, уур бухимдал, айдас гутралд автсан амьдрал нь эв найртай хөгжүүн байдлаар солигддог. Танхай балмад явдал, архидалт алга болж ёс журамтай болсон нь зоогийн газрын архины худалдаа, сүмийн номлогчийн ёс суртахууны номлол хэрэггүй болж орлого нь багасмагц тэдгээр хүмүүс кино урлагийг эсэргүүцэх элдэв хорон санааг сэдэж эхлэдэг. Тэгээд мистер Жонни суурингаас түр явж, эзгүй байх хооронд өөр нэг этгээд хядаан, тэмцэл, ёс суртахуунгүй байдлыг харуулсан кино авчиран үзүүлж эхлэснээр хотын амьдралын өмнөх замбараагүй байдал сэргэж байгааг уг кинонд үзүүлдэг.

Ийм ч учраас улс бүр кино урлагаар өөрийн өнгө төрхөө илэрхийлж, бодлогоо ч авч явдаг.

Жишээ нь Социализмын үед манай уран бүтээлчдийн хийж байсан “Аман хуур”, “Нийслэл хүү”, “Хүргэн хүү”, “Моторын дуу”… гэх зэрэг, мөн шилжилтийн үеийн гэж нэрлэж болох 1990-ээд оны эхээр бүтээгдсэн “Шинэ үсгийн багш” зэрэг бүтээлүүд, Зөвлөлтийн уран сайхны “Гал эзэгнэгч”, “Цагаан шөнийн уянга”, “Амьдрал нулимсанд дургүй” /Москва слезам не верю/, “Ийм нэгэн явдал” /Служебный романс/, “Хувь заяаны егөөдөл” /Ирония судьбы или с лёгким паром/, … гэх зэрэг олон кино сэтгэл түвшин амьдралын баяр жаргалын сэтгэл гижигдэх мэдрэмжийг төрүүлдэг билээ.

“Нийслэл хүү” киноны тэмээчин Данший гуайн охин Дуламсүрэн төл бойжуулах ажилд туслахаар тэднийд хуваарилагдан ирсэн Батхишигтэй танилцаж дотноссоны дараа хөдөө талын намуун оройн жаргаж буй нарны наагуур хэвтэж буй тэмээдийнхээ дэргэдүүр “Гайхмаараа” дууг амандаа аялан аажуухан өнгөрөх тэр л агшин хамгийн жаргалтай залуу эмэгтэйн амгалан сэтгэлийн баяр бахдлыг эрхгүй мэдрүүлдэг.

Тэгвэл капиталист ертөнцийн жишиг болсон кинонуудыг  аваад үзье. Жишээ нь “Америкад нэг удаа”, “Бүсгүйчүүдийн шоу”, “Загалмайлсан эцэг”, “Шовшенкогоос оргосон нь” /The Shawshank Redemption/, “Хөлсний алуурчин” /Sicario/, … зэрэг барууны “шилдэг” гэгдэх кинонуудаас үзэгчид тийм сэтгэлийг мэдэрч чадах уу?!

Мэдээж чадахгүй. Яагаад гэвэл энд нийгмийнх нь нүүр царай, амьдралын мөн чанар нь өөр учраас, бүр тодруулж хэлбэл тэнд сэтгэл түвшин амьдралын орон зай байхгүй учраас тэр.

Голдуу хүчирхийлэл, эд мөнгөний төлөөх амь дүйсэн тэмцэл, атаа жөтөө, хорон муу санааны арга заль, эвдэн сүйтгэх, хууран мэхлэх, хөнөөн устгах хүслийг нөхцөл шалтгааны түмэн янзын хэлхээсээр зөвтгөн гаргаж, өшөө хорсол, шунал тачаалын ид хаваар “буцалган” булж орхидог нь сайн сайхан сэтгэлийг биелэшгүй мөрөөдөл төдий л болгон үлдээдэг билээ. Толинд тусаж байгаа бодит дүр төрх нь л тэр юм.

Тэр ч байтугай капиталист нийгмийн бэртэгчин үзэл санааны ужиграл нь нийгмийг ямар аймшигтай байдалд оруулж болдгийг сүүлийн үед манай телевизүүдээр гарах болсон “Тэрслүү хөвгүүд”, “Бразилийн өргөн чөлөө”, “Сүлжээ” /The wire/ …. гэх мэт кинонуудаас харж болно. Хүнийг ямар аймшигтай араатан болгож болдгийг, тэнд хүн ёсны харилцаа гэх юм юу ч байхгүй болсныг үзэгчид тэдгээр киноноос үзэж байгаа.

Тийм ч болохоор барууны гэгдэх улс орнууд өөрсдийн бодит дүр төрхөө шүүмжлэлд өртөхөөс хамгаалахын тулд бодит амьдралыг дүрсэлдэг реалист урлагаас аль болохоор зугатаж “чөлөөт сэтгэлгээний” илэрхийлэл гэгдэх элдэв урсгал чиглэл, амьдралаас тасарсан “уран зөгнөлийн”, “аймшгийн” гэх мэт, зарим талаараа бол солиорлын сэтгэл зүй гэхээр төрөл зүйлүүдийг гаргаж тавих болжээ.

Тийм төрөл зүйлийг ялангуяа Холливудын кинонуудаас бишгүй үзэж болно.

Бараг Америкад л байдаг “амьтад” гэсэн итгэл үнэмшил төрөхөөр “цус сорогч”, “зомби”, “харь гаригийн амьтан”, “генетикийн аргаар бүтээсэн аймшигтай том махчин хорхой, шавьж, араатан”, “шинээр бий болсон үлэг гүрвэлийн төрөл зүйлүүд”, “бүтээгчдийнхээ хяналтаас алдагдсан роботууд”, “дэлхийг сөнөөж буй аймшигт гамшигт үзэгдлүүд”, “аюултай сүйтгэлт шинэ зэвсгийн хөнөөл”, “бүхнийг сөнөөх гэсэн хорон санаат эрдэмтэн, зохион бүтээгчид”, тэр бүхнээс амь өрсөн айж зугатах түгшүүр үзэгчдийг нөмрөн авна.

Тийм л кинонуудыг “кино урлагийн хөгжил дэвшил” хэмээн магтан гайхаж, элдэв шалгаруулалтанд байр эзлүүлж, “олон улсын” гэх тодотголтой бай шагналуудыг хүртээнэ. Тэгмэгц “олон улсад” өрсөлдөх тийм “солиорлын кино”  бүтээхээр “кино бүтээгчид” уралдан гүйцгээнэ.

Чухам ийм кино үзэгчдэд ямар ухаарал, ямар баяр баясал, ямар өөдрөг сэтгэлийн итгэл үнэмшлийг өгч чадах вэ?!

Жишээ нь “Амьд үхдэл” /”The walking dead”/ гэх киноноос хүн ямар таашаал авах вэ?!

Аймшгийн кино /horror/ гэх энэ төрөл зүйл, эсвэл  садар самууны /порно/ кинонууд хүнд ямар хэрэгтэй вэ?!

Айдаст автан цочиж, балмагдаж, элдэв муухай зүйлийг харж сэтгэлдээ хоногшуулснаар, эсвэл байнга бэлгийн харьцааны гаж дур хүсэл, түүнд хандсан бодол өдөөгдсөнөөр хүний сэтгэлд юу үлдэх вэ?!

Ердөө л муу зуршил, сэтгэцийн эмгэг л үүснэ.

Мэдээж үүнийг улс төрийн бодлого биш, чөлөөт сэтгэлгээний, эрх чөлөөний илэрхийлэл гэж “магтан дуулах” хүн мундахгүй гарч ирэх байх. Тэгэж ч сурталчилдаг. Тэгвэл тэр “эрх чөлөөг” тавьж өгч байгаа нь улс төрийн бодлого юм.

Дашрамд дурьдахад тэр “эрх чөлөөг” тавьж өгч байгаа улс нийгэмд социалист нийгмийн сайн сайхныг илчилсэн, бодлогын мөн чанарыг таниулсан кинонд бол “эрх чөлөө” олгодоггүй л байлаа.

Одоо ч таашаадаггүй байдал нь хэвээрээ л байгаа.

Мэдээж энд барууны улс гүрнүүд дан ганц хар бараан кино, хийдэг гэж хэлэх гэсэнгүй.

Аль ч улс оронд сайн сайханд тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл болсон кино бий. Эр зориг, үнэнч хайр, шударга чанарыг магтан үзүүлсэн сайхан кино олон байдаг. Яагаад гэвэл хүний амьдралын оршин тогтнохуйн үндэс суурь нь тэр учраас түүнээс зайлах аргагүй.

Тэгээд ч ямар нэгэн хэмжээнд улс үндэстний уламжлалт сэтгэлгээ нь тэр бүхнийг шаардаж байдаг учраас, бүр тодруулж хэлбэл оюун санааны тогтсон уламжлалын “өөрийгөө хамгаалах” хариу үйлдлийн эрчим нь, хүн ёсны хүсэл эрмэлзлэл нь улс орнуудын кинонд өөр өөрсдийн ахуйн тусгал нь болон илэрч байдаг.

Жишээ нь БНСУ-ын уран сайхны “Хө Жүн”, “Тэ Жангум”, “Худалдаачин Им Сан Уг” зэрэг түүхэн гэх кинонуудын гол баатрууд Хө Жүн, Жан Гум, Им Сан Уг нар бол Азийн улс орнуудын гүн ухааны уламжлалт сургааль номлолууд болох Кунз болон Буддын шашны ёс зүйн үзэл санааны тусгал болсон, бусдын төлөө өөрийгөө зориулах “бодисадва” нарын дүр юм.

Гэтэл эдгээр дүрүүд өнөөгийн капиталист ертөнцийн “даяаршиж” буй бэртэгчин үзэл санаанд огт итгэл үнэмшил төрүүлэхгүй, олонхи залуусын хувьд үлгэр дууриалал болгон хүлээн авах боломжгүй “утопи” мөрөөдөл мэт санагдах нь мэдээж.

Тэгвэл орчин үеийн сэдэвтэй “Романтик эмч Ким Сабу” кинонд хүний төлөө гэсэн чин сэтгэл, ажил үйлс бусдад сайн сайханд итгэх итгэлийг төрүүлж, шударга, хүнлэг чанарт дуудан бусдыг үлгэрлэн дагуулах асар их хүч нөлөөтэй байдгийг үзүүлсэн нь барууны бэртэгчин суртлын эсрэг бодлого агуулагдсаар байдгийн илэрхийлэл юм.

Тус кино нь эмчийн ёс зүй ямар байх ёстойг, хүмүүсээс далд байдаг, хэн бүхэн тэр бүр мэдэхгүй эмчийн хөдөлмөрийн нарийн мэдрэмж, ур чадвар, нөхцлийг тодорхой харуулж чадснаараа кино урлагийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, хэлэх гэсэн санаагаа төгс илэрхийлж чадсан бүтээл болжээ.

Дашрамд дурьдахад хэдийгээр БНСУ /Өмнөд Солонгос/ Америкийн улс төрийн нөлөөнөөс ангижирч чадахгүйгээр бодлогод нь үг дуугүй хөтлөгдөн дагадаг ч гэсэн нийгмийн оюун санааны тусгаар байдлаа хамгаалан авч үлдэх гэсэн эрмэлзлэл нь өөрийн онцлогтой бүтээлүүдээр дэлхийн үзэгчдийг дагуулах гэсэн кино урлагийн талаархи бодлогоос нь тодорхой харагддаг.

Тэр ч байтугай улс үндэстнийг нь үндсээр нь устгахаас сийхгүй Америк бодлогын балмад санаа зорилгыг эсэргүүцсэн санаагаа ч киногоороо илэрхийлэх нь үзэгддэг. Тухайлбал: үүнд “Гурван өдөр” киног дурьдаж болно.

Гэвч сайн сайхныг хүсч эрмэлзсэн сэтгэл сэтгэлгээний кинонуудаас илүүтэйгээр Холливудын гэх хядаан, хүчирхийлэл, бөгс бөөрний явдлуудаар дүүрсэн кинонууд манай зарим залуусын хувьд “амттай” санагдах болсоныг цахим орчин дахь сэтгэгдлүүдээс харж болно.

Тэр нь ч зүй ёсны юм.

Учир нь мэдээллийн хүчирхийллийг техник технологийн шинэ эриний хөгжил дэвшил гэж мухар сохроор хүлээн авч буй, “ойлголтын бүтэц” нь бүрэлдэж гүйцээгүй, бэлгийн бойжилт нь ид явагддаж байгаа, хор шар, бардам омог, бусдаар магтуулах, гайхуулах хүсэл, гэнэн зан нь “ургаж” “хөглөгдөж” яваа залуусын сэтгэлийг өдөөгч хүчин зүйл бол тэр “амттай” үзэгдлүүд яах аргагүй мөн.

Харамсалтай нь урлагийг зөвхөн уур хорсол, дур тачаал “ивэлгэх” аргаар мөнгө олох хэрэгсэл төдий болгон ашиглах нь хүмүүсийн сэтгэл зүйг эвдэн буруу хэвшилд оруулж, тэгснээрээ нийгмийн амьдралыг хар бараан болгоход “нэмэртэй”-г эс тооцвол тэдгээр киноноос бусдад хүртэх өгөөж даанч байхгүй.

Гэтэл үүнийг “эрх чөлөө”, “урлаг” гэж ойлгосон манай “кино бүтээдэг” залуус буу зэвсгээр айлган сүрдүүлж мөнгө нэхдэг, хөрөнгө аж ахуйг нь булаан авдаг, зодож хүчирхийлдэг, нүцэглэдэг, хөнөөдөг мафийн бүлэг, компанийн “босс”-ын тухай үнэмшил муутай, урлаг гэж хэлэхэд хэцүүхэн кинонуудыг богино хугацаанд “үйлдвэрлэдэг” болов.

Барууны чиглэлийн “арилжааны кино” бүтээж байгаа нь тэр.

Магадгүй түүнийгээ тэд хөгжил дэвшлийг дагаад залуусын сонирхол өөр болж байна гэх байх. Тийм хэмжээнд нийгмийнхээ сэтгэл зүйг эвдсэн нь тэр.

Тийм кино эдийн засгийн хувьд ашигтай байдаг гэх байх. Ашиг л олохын тулд муу муухайг зөвшөөрч болно гэж үү?!

Хичнээн хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч урлаг өөрийн нөлөөгөө тогтоож, “сэтгэл зүйн түрэмгийлэл” үйлдэж буйн наад захын жишээ нь энэ.

Ёс зүйгүй, хайр энэрэлгүй, бусдад үл итгэх, бусдыг жигших, хүсэл тачаалаа дур зоргонд нь тавих, өшөө хорслыг буцалган дэвэргэх, бэртэгчин байдалд хүмүүсийг автуулах, оюун санааны эерэг бүтцийг эвдэн өөрчлөхөд чиглэсэн ийм кинонуудыг хэн санхүүжүүлж, хэн магтан сайшааж, дэлхий даяар дэлгэрүүлэхийг оролдоод байна вэ?!

Хүмүүсийг муу муухайд дасгах, дөжрөөх, бодит байдлыг үл ойлгох амьдралаас ангид сэтгэхүйтэй болгох нь хэнд хэрэгтэй вэ?!

Хүмүүст биш зөвхөн хөрөнгө мөнгөнд санаа тавьдаг, ард иргэдээ уруу дорой сэтгэлтэй, буруу зөвийг ялгаж салган ойлгох чадваргүй, муу зуршилд автсан сэтгэцийн эмгэгтэй болгохыг зорьдог төрийн бэртэгчин бодлоготой улс оронд балмад явдлыг “тансаг” үзүүлсэн кино хэрэгтэй. Жишээ нь Холливудын “Гайхалтай залуус” /Goodfellas/ гэдэг уран сайхны кино шиг.

Ард иргэдийнхээ төлөө санаа тавьдаг төрийн бодлоготой улс оронд шударга ёс, өгөөмөр зан, бусдын төлөө гэх ариун сайхан сэтгэл, эх оронч үзэл, хайрыг дээдэлсэн, бэртэгчин зан хомхой сэтгэл ёс суртахуунгүй явдлыг жигшин цээрэлсэн, бүтээлч бадрангуй сэтгэлийг өдөөсөн, хүний амьдралын утга учрыг зөвөөр ойлгуулахад чиглэсэн кино хэрэгтэй. Жишээ нь ОХУ-ын Киноконстанта компанийн бүтээл “Цэргийн сургуулийнхан” /Кадетство/ гэдэг уран сайхны кино шиг.

Чухам энэ хоёр сэтгэл зүйн бүтцийн алийг нь нийгэмд буй болгохыг зорьж байгаа нь киноны төрөл зүйл, утга агуулга, амьдралыг дүрслэх дүрслэлээс харагдах бөгөөд тухайн улс үндэстний төрийн бодлого байр суурь ч киногоор ийнхүү илэрхийлэгддэг юм.

О.Лхагвадорж


URL:

Сэтгэгдэл бичих