ХУУЛИАС ӨӨР ЗҮЙЛ АМЛАХ УЛС ТӨРЧ БОЛ АГУУ ИХ ДЭМИЙРЭЛД ТӨӨРСӨН ЭЛИЙРЭГЧ

29356640_10213211948827729_1788749579798183936_nУлс төрийг яриад эхлэхээрээ улс төрч бид улс орныг гартаа оруулсан юм шиг хөөрцөглөсөөр. Улс төрчид бид бүгд өөрсдийгөө дэндүү өндрөөр үнэлэх юм. Гэтэл угтаа бид ахуйнхаа хүрээнд л байсаар. Өнөөдөр улс төрчид нь ахуйн хүрээнд, хүн нь байгалийн хүрээнд байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Төр засгийн бүх л тэргүүн өөрийн цаг үеэ Монгол сүйрэх гэж байгаа эгзэгтэй агшинд, эх орноо аврах гэж байгаа мэтээр хөөрөн дүрсэлдэг. Энэ бол өөрийн мэддэг үеэ дөвийлгөх ахуйн сэтгэлгээний нотолгоо. Гэтэл нэгэнт өөрөө шийдэл гаргаж чадахгүй бол ямарч цаг үе тийм эгзэгтэй чухал биш. Харин шийдэл гаргаж чадаж байвал бүх л цаг үе чухал.

Өнөөдрийн улс төрчид төрөөгүй байхад Монгол байсан, байхгүй байсан ч байж л байна. Хүн үүсээгүй байхад ертөнц байсан, хүн устсан ч ертөнц байсаар л байна. Хэдэн сая, живаа гараг эрхэс дунд ганц хатуу хэлтэрхий чулуун дээр байгаа хүн гэдэг амьд бактерийг устлаа гэхэд бүтэн глактикт юу ч болохгүй. Гэтэл энэ байгалийн үнэнтэй зөрчилдөж өөрийгөө дөвийлгөх нь бас байгалийн хууль аж. Өөрийгөө дөвийлгөх маш олон эс ширхэг нэгдэж байгалийг нөхцөлдүүлж байдаг хойно аргагүй. Тиймээс хүн бүр өөрийгөө ертөнцийн төв гэж боддог нь хууль. Гэвч хууль өөрөө хэм хэмжээтэй. Хэрэв нэг хүн биш нэг хэсэг хүн өөрийгөө төв онцгой гэж үзвэл тэр нь агуу ихийн дэмийрэл. Энэ яг л эрэгтэй хүн эрэгтэй учраас хог асгаж болохгүй, уулын оройд түрүүлж гарна гэдэг шиг Улс төрчид бид онцгой, ухаалаг гэж сэтгэх дэмийрэл.

УЛС ТӨРЧ ГЭЖ ХЭН ЮМ БЭ? БИ УЛС ТӨРЧ ЮМ БОЛ ЮУ ХИЙХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж өөрөөсөө асуухгүй улс төрчид хамгийн түрүүнд энэхүү агуу ихийн дэмийрлээр өвчилнө.

Өөрийгөө танин мэдэх процесс бол бүх хүчний эхлэл. Хүч бол ОЮУН УХААН. ОЮУН УХААНЫГ хүчтэй эрүүл ажиллуулах гол суурь нь үнэнтэй эрүүлээр нүүр тулах. Харин тэр үнэн нь УЛС ТӨРЧИД гэдэг зүгээр л нэр дэвших зориг, боломж олж аваад түүнийгээ ашиглаж байгаа энгийн хүн.

Чи зүгээр л усан нүдтэй, цусан зүрхтэй, албан тушаал ахих хүсэлтэй, түүнийхээ төлөө нийтийн сайн сайханд хууль санаачлан батлах замаар зүтгэх ажлын үүрэгтэй улс төрч нэртэй ажилтан.

Ядаж шинжлэх ухааны талаар эргэцүүлье л дээ.

Байгаль дээр хамгийн ухаантай, хамгийн хүчтэй нь үхэж үрэгддэг харин дасан зохицож чадсан нь амьд үлддэг гэж Дарвин хэлжээ. Тэгэхээр хүн бол дасан зохицлын амьтан. Хүн улс төрч болж, нийгэмд шударга ёсыг тогтоох гэж төрдөггүй. Харин дахин сонгуульд ялахад ард түмний эрэлтэнд дасан зохицохын тулд л Шударга бус зүйлтэй тэмцэх зайлшгүй шаардлагад ороод байгаа ажилтан.

Английн хатан хаан эмээ, Монголын төрийн тэргүүд, гудамжны бөбөөчин ялгаагүй бид бүгд 1800 грм тархитай. Энэ тархиараа бид тухайн хүний орчин тойрон, сонголтгүй төрсөн гэр бүл юуг өгч байна түүнийг л танин мэддэг. Бид өөрийн сонсож, үнэрлэж, хүрч чадахгүй зүйлээ төсөөлж чадахгүй. Абстракт агуу зүйлийг төлөөлөхийн тулд ч өөрийн байгаа өчүүхэн мэдлэг дээрээ тулгуурлана. Тиймээс улс төрчид жирийн иргэдээс түрүүлж авдаг мэдээллийн орчинд байгаагаараа л арай олон юм яриад байгаа болохоос хэлж байгаа үгсийн чанар ач холбогдол бусадтай л ижил.

Улс төрч бүр өглөө босоод улс орноо яаж хөгжүүлэх вэ, улс орны хөгжлийг авчрах ТҮГЭЭМЭЛ ҮНЭН байдаг уу гэж боддог гэвэл худлаа. Тэр тусмаа Монголд өнөөдрийн улс төрчид хэнээр яаж ийгээд магтуулах вэ гэж л бодож сэрдэг.

Ингээд бодвол УЛС ТӨРЧ бол жирийн хүн. Жирийн хүн учраас алдаж болно. Нэгэнт алдсан бол алдааны төлөө, авсан авилгал, зохицуулсан тендер, хулгайлсан мөнгөнийхөө шийтгэлд шоронд орж болно. Харин манайд мөнгөтэй хүн, төрийн том хүн, УИХ-ын гишүүд, сайд нар бүгд бусдаас онцгой. Онцгой учраас шийтгэж болохгүй гэх гажуудалд автжээ. Иргэд хүртэл хулгай хийх, авилгал авах нь байх ёстой юм шиг үзэж дассаар.

Иргэд Улс Төрчтэй тулаад тэнгэрийн элч үзсэн юм шиг долигнож, мөн араас нь адгийн тамын элч шүгэлсэн юм шиг хараадагаа болих хэрэгтэй. Харин өөрөө томилсон гүйцэтгэх захиралаасаа жилийн ажлын тайлангаа нэхэж байгаа ТУЗ-ийн гишүүд шиг байж сурах хэрэгтэй. Тэгээд хүнээс юм шаардах эрхтэй байхын тулд өөртөө шаардлага тавьдаг байх чухал.

28 жилийн турш Монголын улс төрчид алдсан гэдгээ хүлээн зөвшөөрмөөр. Хувьсгал бол хаус, нийгэм өөрчлөгдөх нь цаг хугацаа шаарддаг гэдэг үнэн. Гэхдээ суурь систем буруу тавигдсан бол, авилгалын сүлжээ, улс төрийн намыг колончлолд эзлүүлсэн бол цаг хугацаа явах тусам цаашаа муудна. Бид үүнийг одоо засах ёстой ХАГАС ЦАГ дээрээ тулаад байна.

Улс төрчид улс орныг хөгжүүлэх гэж төрсөн элч биш. Харин амьд гарах гэж, бусдаар хүндүүлэх гэж, үр хүүхэддээ ахиухан хөрөнгө үлдээх гэж ажиллаж явахдаа өшөө илүү амжилт олохын тулд улс орноо хөгжүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй эмч, цагдаа нартай ялгаагүй.

Хэрэв энэ энгийн бөгөөд нүцгэн үнэнийг хүлээн зөвшөөрвөл цаашдаа улс төрчийнхөө хувьд үнэн дээр тулгуурласан, хэн нэгнийг хуурах шаардлагагүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм.

Бүр нарийн логик нь бид өөрийн үнэн хүслээ өөрөөсөө ч нуугаад Түвдэнгийн Борын дүрд тоглоод байхаар яг л утопи жүжиг шигээ нийгмийг байгуулах гээд хүн бүрт чадахгүй амлалт өгөөд улсаа мухардуулаад байна.

Хүн бүрийн сайхан амьдрах хүсэл улс орныг хөгжүүлж, хүн өөрөө жаргалтай амьдрахын тулд бусдад хэрэгтэй бараа үйлдвэрлэн өгч, тэр бараагаа тогтмол сайн зарахын тулд чанартай, гэрээний дагуу ёс зүйтэй амьдрах нийгмийн цогцлоодог.

Энэ энгийн үнэнийг хүн бүр мэдэх хэрнээ мэдэхгүй болтол мэдэртэлээ өөрөө өөрийгөө төөрүүлэх юм. Чи өөрийн сайн сайханы төлөө улс төрд яваад байхад бусад хүн ч өөрийн сайн сайханы төлөө л ажиллаж амьдарч байгаа. Тиймээс улс төрчид улсыг хөгжүүлдэггүй харин зах зээл хөгжүүлдэг гэдгийг улс төрчид болон иргэд ойлгомоор. Харин улс төрчид зах зээлийг шударга өрсөлдүүлэх стандартыг батлаж, түүнийг мөрдүүлдэх хууль эрх зүйн орчныг сайжруулдаг. Улс төрчид хүнийг баяжуулдаггүй харин хүн өөрөө баяждаг харин улс төрчид хүний эрх, эрх чөлөөг чандлан хамгаалах хуулийг боловсронгуй болгодог. Хуулиас өөр юмыг амлах улс төрч бол улс төрч биш агуу их дэмийрэлд төөрсөн элийрэгч.

Заавал улс төрч гэхээр бусдаас илүү, дээгүүр хөөрсөн, амьдралаас ангид нэр цол, хүндлэл хэрэгтэй юу. Хэн ч өгөхгүй байгаа тэр цолыг заавал гуйж байж хүнээр хэлүүлж дуудуулдаг, гувшиж байж сэтгүүлчээр хөрөг бичүүлэх хэрэгтэй юу.

Эхлээд үнэнийг хүлээн зөвшөөрөөд дараа нь БАХАРХАЛТ Улс төрч болох боломж бидэнд бий. Үүний тулд… үргэлжлэл бий

Буянаагийн Ган-Очир 2018.03.19


URL:

Сэтгэгдэл бичих