Ширэн бээлийтнүүд Куба, Казакстаныг зорилоо

Боксын үндэсний шигшээ багийнхан хоёр хуваагдан Куба, Казакстаныг зорилоо.

Ирэх хавар Астанад болох Азийн аваргаас өмнөх олон улсын хэмжээний халаалтын тэмцээнүүдэд оролцохоор ширэн бээлийтнүүд ийнхүү мордсон байна. Тэдний дунд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ч багтжээ.

Ирэх жилийн хавар Казакстаны Астанад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ бол олимпийн эрх горилох Ази тивийн ширэн бээлийтнүүдийн сүүлчийн найдвар билээ. Нийтдээ манай тивийн 25 боксчин Лондонг зорих визээ авах ёстой байгаа.

Манай боксчдоос олимпийн эрхээ саяхан ДАШТ-аас П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар өвөртөлчихсөн байгаа. Олимпийн аваргын тулалдах 57 кг-ийн жинд Азиас зургаан боксчин Лондонг зорихоос гурав нь эрхээ авчихсан. Үлдсэн гурван эрхийн нэгийг авахын төлөө Э.Бадар-Ууган Астанагийн рингэнд гарах учиртай аж. Тиймээс Астанад зохиогдох том бага тэмцээнүүдэд оролцож дэвжээндээ дасахаар Казакстаныг зорьсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих