БАС НЭГ ТӨРӨЛ АМЬТАН МӨХӨЖ ҮГҮЙ БОЛЛОО

18804

Хамгийн сүүлчийн умардын эрэгчин цагаан хирсийг нойрсуулжээ.

Дэлхий дээр цорын ганц үлдсэн хойд зүгийн эрэгчин цагаан хирс олон сар бие нь муу байгаад үхсэн тухай асрагчид нь мэдэгджээ. Кени улсад байсан Судан хэмээх нэртэй энэ хирс 45 настай байсан бөгөөд биеийн байдал тун тааруу байсан учраас Даваа гарагт нойрсуулах эм тарьж, унтуулсан байна.

Харин одоо энэ төрлийн хирснээс ердөө хоёр эмэгчин үлдсэн бөгөөд нэг нь энэ хирсний охин, нөгөө нь ач охин аж. Чехийн Двур Кралове амьтны хүрээлэнгийн ажилтан Жан Штежка “Хүний шунал бүхэл бүтэн нэг төрлийн хирсийг устаж үгүй болголоо” хэмээн мэдэгджээ.

Хирс нь зааны дараа орох хуурай газрын хамгийн том биетэй хөхтөн амьтны нэг юм. Цагаан хирсний хувьд өмнөдийн болон умардын хэмээх хоёр төрөл байдаг бөгөөд умардын цагаан хирс одоо ердөө хоёр үлдсэн байна.

1970-1980-аад оны хооронд хулгайн анчид их хэмжээгээр умардын цагаан хирсний эврийг авах зорилгоор олноор нь хоморголон устгаснаас ийм байдалд хүрчээ. Тухайн үед Хятадын уламжлалт эм үйлдвэрлэхэд цагаан хирсний эврийг ашигладаг байсан бөгөөд эрэлт ч өндөр байсан аж.

Хамгийн сүүлд 2000 оны үед Конгод байсан умардын цагаан хирснүүдийг хулгайн анчид хөнөөж 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас тус төрлийг устаж үгүй болсон тооцох болжээ.

Судан хирсний хувьд хүний насаар 90 хүрсэнтэй тэнцэх байсан бөгөөд биеийн байдал хэтэрхий муудсан учраас тариа хийхээс өөр аргагүй болсон байна.

Хирс үхсэн тухай мэдсэн хүмүүс #БидИнгэсэн хэмээх хаштаг ашиглан жиргэж, бусад устаж үгүй болох аюулд орсон хирснүүдийг хамгаалахыг уриалж эхэлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих