САЙДУУД ТӨСВИЙГ ИНГЭЖ ХУВААРИЛЖ АВЧЭЭ
Энэ жилийн хувьд уул уурхайн салбарт чамгүй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа учраас эдийн засаг өссөн. Нөгөө талд эдийн засгийн өсөлт дагаад бүтээн байгуулалтын ажлууд ихээр төлөвлөгдөх болсон. Түүнчлэн удахгүй сонгууль болох гэж байгаа гээд олон шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалж, 2012 оны төсвийн төслийг хийсэн болов уу. Төсвийн байнгын хорооны хурал дээр удаа дараа хэлцэгдсэн 2012 оны төсвийн орлогыг дөрвөн их наяд 630.7 тэрбум, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн хэмжээг дөрвөн их наяд 865.9 тэрбум төгрөг байхаар батласан юм.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа төсөвт байгууллагуудын улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг заасан байна. Эндээс харахад өнгөрсөн жилийнхээс орлого нэг их наяд орчим төгрөгөөр илүү байгаа бол зарлага нь 800 орчим тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Яамдын багцаас харахад Эрүүл мэндийн яамны багц хамгийн их буюу 107,245.1 сая төгрөг байгаа бол ЭБЭХЯ-115.4 сая төгрөг байгаа юм. ЭБЭХЯ-ны багц бага байгаагийн учир нь зарим яамдын багцаас 50 хувийг нь Хөгжлийн банк руу оруулсан юм байна. Учир нь Хөгжлийн банкаар дамжуулан ирэх онд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийх учраас ийхүү Хөгжлийн банк руу 50 хувийг нь шилжүүлсэн хэмээн тайлбарлана билээ.
Энэ жилийн төсвийг урьд өмнөх жилүүдийн төсвөөс харьцангуй сайн төсөв болсон гэж ярьж байна лээ. Чухам сайн төсөв болсон эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Төсөв хэлэлцэж байхад сонгуулийн жилийн төсөв учраас хэтэрхий их батлах гэж байна. УИХ-ын гишүүд төсвөөс сонгуулийнхаа мөнгийг босгох гэж байна гэхчлэн олон зүйлийг ярьж байв.
Төсөв бол Засгийн газрын хэдэн сайдууд хувааж авдаг зүйл мэтээр ойлгогдох болсон. Үнэн хэрэгтээ салбарын сайдуудын багцад хуваагаад хийчихдэг зүйл мөн л дөө. Тийм ч учраас төсөв хэлэлцэхэд сайдуудын сонирхол их байх нь мэдээж хэрэг. УИХ, Байнгын хорооны гишүүдэд сайдууд нөлөөллөх гээд төсвийн асуудал шийдэгдэнэ. Тэгээд ч сайд нарт үгүй гэх УИХ-ын гишүүн, Байнгын хорооны гишүүн үгүй биз ээ. Яагаад гэхээр өнөөх гишүүд чинь эргээд нэг жижигхэн ч гэсэн зүйлийг сайдаасаа гуйж л таарна биз дээ. Тойрогтоо сургуулийн дээвэр засах мөнгөн дээр нь салбарын сайд “новшроод” байвал яах билээ. Тэгэхээр хүссэн мөнгийг нь төсөвт суулгахад үүрэг гүйцэтгэж байж л тэр мөнгөө авна биз. Хөдөө орон нутгийн нэг гишүүн тойргийнхоо захын суманд эмнэлэг барихад зарцуулах нэг тэрбум төгрөгөө хаанаас гуйх вэ. Эрүүл мэндийн яам, Сангийн яам гээд давхар давхар гуйлтууд бий болж таарна. Тэгэхээр сайдуудад тал засахгүй бол цааш явахгүй. Байдал ийм байхад Байнгын хороо, УИХ дээр сайдын багцаас хасах гээд хэрэлдээд суугаад байх гишүүн байх уу. Тийм учраас л төсвийг хэдэн сайдууд хуваагаад авчихдаг гэдэг хэрэг биз ээ. Тиймээс би олныг үл нуршин сайдуудын төсвийн хуваарийг хүснэгтээр харууллаа.
С.Баяр
URL: