Олимпиадыг хязгаарлая
“Ээжээ би олимпиадад оролцоно. 5000 төгрөг авчраарай гэсэн шүү …” гэх дөрөвдүгээр ангийн хүүхдийг хараад олимпиадад оролцоход мөнгө юунд хэрэгтэй юм бол гэсэн бодол төрсөн юм. Олимпиад гэдэг нь мөнгө хурааж, шагнал гардуулахдаа гол нь биш тухайн хүүхдийн мэдлэгийг шалгаж, бусдад үлгэр дуурайл болгох зорилготой биш бил үү. Тэгвэл боловсролын салбарт үүрлээд буй нэгэн нууцлаг бизнес нь олимпиад нэртэй мөнгө завших үйлдэл болсон гэж олон эцэг эх дургүйцэж байна. Өнөөдөр сургуулиуд хичээл бүрдээ “нэрэмжит” хэмээн сүржин нэрлэсэн олимпиадыг зохион байгуулж байна. Үүндээ анги бүрээс заавал 3-5 хүүхэд оролцуул гэсэн тушаалтай. Хураамж нь 3000-5000 төгрөг. Заримдаа бүр ангиараа оролцоно. Тавдугаар ангийн 30 хүүхэдтэй анги олимпиадад оролцлоо гэхэд зөвхөн нэг ангиас 90000 төгрөг цуглана. Багаар бодоход таван бүлэг гэхээр 450000 төгрөг. Энэ мөнгө I-XII ангийн бүх хүүхдийг хамрахаар хэдэн төгрөг болох бол. Үүнээс түрүүлсэн хүүхдэд сайндаа л медаль, өргөмжлөл гардуулж буй харагддаг. Тэгвэл үлдсэн мөнгө нь хаашаа очиж, юунд зориулагддаг нь сонин. Зөвхөн нэг аймагт сүүлийн долоон жилийн хугацаанд зохион байгуулагдсан олимпиадад 17725 хүүхэд оролцсон гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ тоолонд хүүхэд бүрээс 3000 төгрөг хураасан гэж үзвэл 53175000 төгрөг болж байна. Харин шагналт байранд орж медаль хүртсэн хүүхдүүдийн тоо 2200 орчим байгаа юм. Тэгэхээр дээрх мөнгөний багахан хэсгийг сурагчдын шагнал урамшуулалд зарцуулсан болж таарч байна. Энэ мэт олон жишээ байх. Зарим эцэг эхээс сэтгэгдэл сонслоо. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Манай хүүхэд 76 дугаар сургуульд сурдаг. Энэ жил хоёр удаа олимпиадад оролцоно гэж 10000 төгрөг авсан. Өөрийнх нь хэлснээр ангийнхан нь бүгдээрээ оролцож байгаа гэсэн. Ер нь олимпиадад оролцоход яагаад мөнгө хураадгийг ойлгохгүй юм. Сурагчиддаа медаль, өргөмжлөл хийгээд урамшуулчих мөнгө байдаггүй юм байх даа” гэв. БЗД-ийн иргэн Х.Ариунжаргал “Манай хүүхдүүд 87 дугаар сургуульд сурдаг. Том нь долдугаар анги, бага нь дөрөвдүгээр анги. Хоёулаа энэ жил математикийн олимпиадад оролцсон. Нэг ангиас таван хүүхэд оролцдог юм билээ. Хураамж гэж 3000 төгрөг авсан” гэлээ. Энэ бол хамгийн ойр байгаа жишээ. Олимпиад нэрээр хүүхдүүдээс мөнгө татаж, бизнес болгон ашиглаж байгаа нь харамсалтай. Өнөөдөр олимпиадад зориулсан, нарийн хуулийн заалт, хяналт алга. Энэ нь хуулийн цоорхой болж, үүнийг овжиноор ашиглах хүмүүс байна. Тиймээс олимпиадыг хязгаарлая.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үнэн энэ олон хэрэгтэй хэрэггүй олимпиадуудыг цэгцлэх хэрэгтэй зүгээрл мөнгө угаалт явагдажбайгаа