Оюутолгойн гэрээг цуцлах уу

15215296285ab0b31ce6d46Швейцарийн хууль тогтоох байгууллага тус улсын банкинд данс эзэмшигч Монгол Улсын иргэн С.Баярцогтын дансанд  Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараахан 10 сая ам доллар орж ирсэн тухай мэдээлж,  гүйлгээг царцааж байгаагаа мэдээлжээ.

Энэ тухай  дэлхийд нэр хүнд бүхий Rеuters  мэдээллийн агентлаг “Рио Тинто”-ийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол Улсын сангийн сайд асан С.Баярцогтын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна.

Данснуудын нэгийг “Рио Тинто”-оос С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлжээ” хэмээн бичжээ.

Энэ С.Баярцогт Монголын анхны ил тод болсон оффшорчин төдийгүй, Оюутолгойн гэрээтэй бүх талаар холбогддог нэгэн.

Оюутолгойн гэрээ Монголд өгөөжтэй, өгөөжгүй тухай яриа бол улиг болсон сэдэв. Бид өөрсдөө баялгийн эзэн, олны ярьдагаар юмны эзэн сумын занги атлаа яагаад тэгж харийнхны халаасыг дүүргэх гэрээ хийж, эх орныхоо эрх ашгийг золигт гаргав гэдэг нь хариулт хүлээсэн асуулт байсаар өдийг хүрсэн. Угаас Монголын эрх ашгийг хөсөрдүүлсэн энэ гэрээг Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээ бүр дордуулж, муухай дээр улцан гэгч болгосон ийм л түүх бий.

Монголын талаас Оюутолгойн гэрээг сайжруулах шинэчлэх талаар санаачлага гаргаж байсан уу гэвэл байсан. Гэхдээ бүтэлтэй болж байсан нь үгүй. Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын төрийг хууль журамтай нь хамт  доош нь хийж, дээр нь гишгэсээр энэ асуудлыг шийдэлгүй өдийг хүрч байгаа. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2 дахин өсч 7,0 тэрбум ам.долларыг давсан гэхчлэн ярина.

Харин одоо  Монголд ашиггүй тэр гэрээг цуцлах боломж гарч ирж байгаа юм биш үү. Тухайн гэрээг хийхдээ Монголын эрх бүхий хүнд 10 сая ам долларын авлига өгсөн байж болзошгүй гэсэн Швейцарийн Холбооны улсын Прокурорын байгууллагын мэдээлэл монголчуудад ийм боломж олгож тун  магадгүй. Олон улсын практикт авлига өгч авалцаж хийсэн аливаа гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн цуцалдаг гэдгийг  юмны цаадах наадахыг гадарлах нөхөд хэлж байна.

Ийм авлигатай холбогдсон гэрээг цуцлах эрх зүйн тийм орчин байдаг бол  Оюутолгойн Монголд өгөөжгүй гэрээг  цуцлах боломж бидэнд бүрдэнэ.  Монголын талаас дангаараа цуцалчихсан байхад Рио Тинто Олон улсын  Арбитрийн шүүхээр  монголчуудыг айлгаж ичээгээд байхгүй.  Яагаад гэвэл авлигажсан гэрээ учраас.

Одоо чинь Рио Тинто Монголын Засгийн газрыг Оюутолгойд компанид 155 сая ам. долларын  татварын акт тавьсаныг эсэрэгүүцэж Арбитрт өгчихөөд байгаа шүү дээ. Монголын талаас тавьсан татварын өрийг тэд төлөхгүй хэмээн Арбитраар айлгаж байгаа нь энэ. Ер нь Арбитр бол аливааг мөнгөн дүнгээр л ярьдаг газар.

Өчигдөр АН-ынхан намын гишүүн С.Баярцогтынхоо асуудлаар хуралдаж намаасаа хөөх шийдвэрийг гаргалаа.  Ингэснээрээ тэд нийгэмд шинэ жишиг үзүүлж, оноо авсан нь тодорхой. Хэрэв хариуцлага тооцсон энэ жишиг нэг удаагийн үзэгдэл төдий биш бол цаашид улс төрд шударга ёс тогтоох нэг алхам болно. Ер нь нам дагахгүйгээр амьдарч чадахаа больчихсон хүмүүс олон бий. Сахлын будаагаар нь хооллоно гэдэг шиг.

Хэрэв шударга байж чадахгүй бол, намынхаа нэр хүндэд харшлах, улсынхаа эрх ашгийг хөсөрдүүлсэн шударга бус хүмүүст энэ том сануулга болно.

АН-ын зүгээс Швейцарийн Холбооны улсын прокурорт С.Баярцогтын асуудлаар албан хүсэлт илгээж байгаа аж.  Энэ үеэр  тус намын нарийн бичгийн дарга О.Магнай  “Хэрэв Рио Тинто С.Баярцогтод 10 сая ам долларын авлига өгсөн асуудал батлагдвал Оюутолгойтой байгуулсан гэрээг зайлшгүй эргэн харах шаардлагатай болно” гэдгийг бас онцолсон.

С.Баярцогтыг тойрсон асуудал цаашид хэрхэн хөвөрч, улс орны эрх ашигт сайн саар ямар нөлөө, нөхцөл байдал бий болгохыг хэлэхэд эрт.  Өгсөн өгөөгүй, авсан аваагүй гэсэн маргаан талцал хэсэгтээ өрнөнө. Гэхдээ асуудлыг Монголын биш Швейцарын хууль тогтоох байгууллага шалгаж байгаа болохоор энд хөндлөнгийн нөлөө орохгүй гэдэг нь баталгаатай байх.  Монголын АТГ одоо энэ бэлэн өгөгдөл дээр дөрөөлж сайн шалгаж, нягталж тогтоох  хэрэгтэй болж байна.

Хэрэв авлигын асуудал батлагдвал Монголын төр засаг Оюутолгойн гэрээг цуцалж, дахин шинээр байгуулах, ингэхдээ улс орныхоо оролцоо шийдлийг эзэмших хувийнхаа хэмжээнд бүрэн  баталгаажуулж гэрээг Монголын талд ашигтайгаар эргүүлэх боломж  бүрдэнэ. Бөхөөр бол дагуулж гуядаад давахтай адил.

Рио Тинтогийн хээл хахуультай холбогдож байгаа нь анхных биш гэдгийг бид санах ёстой. Тухайлбал, Рио тинто компани нь Гвиней улсын Самандугийн 20 тэрбум долларын Төмрийн ордны төслийн гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францийн зөвлөхөөр дамжуулан 10.5 сая долларын авилгал өгсөн байсан хэрэг дуулиан дэгдээж байсан нь  саяхны явдал.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/200dd2b6a


URL:

Сэтгэгдэл бичих