“Дүнжингарав 2018” хаврын бүсийн уралдааны үеэр бэртсэн хүү эмнэлгээс гарчээ

18736

 Говьсүмбэр аймгийн Баянтал суманд энэ сарын 18-нд зохион байгуулагдсан тус наадмын үеэр 16 хүүхэд мориноос унаж гэмтсэн байна. Тус уралдаанд 12 настай 85, 13 настай 62, 14 настай 49, 15 настай 20 гэх мэтчилэн яваад 18-аас дээш насны гурван хүн нийтдээ 307 хүн  морь унаж уралдах хүүхдийг бүртгэсэн.

Гэвч бодит байдал дээр уяачид 12 нас хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирч бүртгүүлчихээд, 12-оос доош насны хүүхдүүдээр хурдан морироо унуулсан. Үүнээс үүдэн 16 хүүхэд мориноос унасан ба  гурван хүүхэд хүнд бэртэж, нэг нь ГССҮТ-д хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлсэн.

ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн биеийн байдал сайжирсан тул өнөөдөр эмнэлэгээс гаргасан байна.  Засгийн газраас тавдугаар сарын 1-нийг хүртэл 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэвч “Дүнжингарав” уралдааны үеэр уяачид хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулсан зөрчил цөөнгүй гарчээ.

Тухайлбал ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүү 11 настай болохыг хүүхдийн байгууллагын ажилчид тогтоосон байна. Түүнээр Төв аймгийн уяач хурдан морио унуулсан бөгөөд өөр хүүхдийн төрсний гэрчилгээ ашиглан бүртгүүлсэн болохыг олж тогтоожээ.Зөрчил гаргасан энэ уяачийг зөрчлийн тухай хуулийн дагуй 100 мянган төгрөгөөр торгох юм байна.

Б.Оюунзул

BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих