С. Баярцогтыг АН-ынхан хууль шүүхийн байгууллагаас өмнө гишүүнчлэлээс хасав
Ардчилсан намаас өнөөдөр Оюутолгойн гэрээ байгуулсан асуудлаар С.Баярцогттой холбоотой хэргээр холбогдох шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Өглөө Ардчилсан намын гишүүн С.Баярцогтын асуудлаар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж түүнийг намын гишүүнчлэлээс хасах тухай шийдвэр гаргажээ. С.Баярцогтын тухайд С.Баярын Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байхдаа 10 сая ам.долларын авлигыг Рио Тинто компаниас авсан байж болзошгүй хэмээн үзсэн аж. Мөн үүнээс гадна АН-аас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч болзошгүй юм гэлээ.
Түүнчлэн АН-аас шаардлага мэдүүллээ “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогдвол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан Нам үзэж байна хэмээв.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монгол улс төрчидтэй холбоотой оффшор данс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон, цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан Нам хариуцлагатайгаар шаардаж байна” гэж мэдээллээ.
Б.Оюунзул
BOLOD.MN
URL: