“ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

18781

Тамсагийн талбайгаас газрын тос олборлож байгаа “Петро чайна дачин тамсаг” компани монгол иргэдээр хар бор ажлаа хийлгэж, хамгийн бага хөлс өгдөг тухай гомдол тасрахгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай компани тэр дундаа уул уурхайн салбарт ажилладаг монгол иргэдийн цалинг тус компанийн монгол ажилчдынхтай харьцуулахад бага байдаг аж.

Мөн Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь газрын тосны чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөдөг ч тус компанид ажилд орж чаддаггүй аж.

Иргэд болон аймгийн төр захиргааны байгууллагаас тус компанид хандан ажлын байраа нээлттэй зарлаж, монгол иргэдийг ажилд авах хүсэлтийг гаргасаар ирсэн ч биелэгдэхгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.

“Петро чайна дачин тамсаг” компанийг “Оюутолгой”- той харьцуулбал газар тэнгэр шиг зөрүү харагдах гэнэ. Жишээ татвал, “Петро чайна дачин тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компани нь гол төлөв Хятадын хөрөнгө оруулалттай компани байдаг бол “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгчээр Монгол компаниуд голлон ажилладаг. Нийтдээ 600 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилладгаас 500 гаруй нь үндэсний туслан гүйцэтгэгчид аж. Ажлын хувцас, хоол хүнснээс эхлээд олон ажлыг нь Монголын үндэсний компаниуд нугалалцдаг. Энэ нь монгол хүн ажилтай, орлоготой байх үндэс болдог. Үүний зэрэгцээ тус компанийн нийт ажиллах хүчний 93 хувийг Монгол иргэд эзэлдэг байна.

Харин “Петро чайна дачин тамсаг” компанид монгол хүн хог цэвэрлэх, манаач хийхээс хэтэрдэггүй. Ажиллах хүчний харьцааны хувьд Хятадын талаас 70 хувийг, Монголын талаас 30 хувийг бүрдүүлдэг байна.

Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэх хэлтэстэй холбогдож бид энэ талаар тодруулахад холбогдох албаны хүн дараах хариулт өглөө. Тэрбээр “Орон нутгийн иргэдээс газрын тос олборлож байгаа Матад, Халх гол сумын иргэдийг ажлын байраар бага хангадаг гэдэг санал хүсэлт нэлээд ирдэг. Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, төгссөн хүүхдүүдийг ажилд сонгодоггүй гэдэг гомдол ч ирдэг. Энэ дагуу бид шаардлага тавьсаар ирсэн.

“Петро чайна дачин тамсаг” компанийн монгол ажилчдын цалинг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн монгол ажилчдын цалинтай харьцуулахад хамаагүй бага” гэсэн хариулт өглөө.

Үүнээс гадна монгол ажилчдыг шаардлага хангахгүй орон байранд амьдруулдаг гэх гомдол ч ирдэг байна.

Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр шалгалт хийж, стандарт хангахгүй орчинд амьдруулж байгааг засах шаардлагатай” гэсэн шаардлага тавьж иржээ. Гэвч бас л биелэгдэлгүй өнөөг хүрчээ. Мөн монгол ажилчид ажлын цаг урт байгааг багасгах хүсэлт тавьж ирсэн ч шийдэгдээгүй аж.

“Оюутолгой” компани ажилчдаа 14 хоног ажиллуулж, 14 хоногт амралт өгдөг бол “Петро чайна дачин тамсагт” ажилладаг монгол ажилчид 28 хоног ажиллаж, 14 хоног амардаг байна.

Иймээс энэ асуудлыг зохицуулахаас эхлээд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ “Петро чайна дачин тамсаг” компани биелүүлж чадаж байгаа юу гэдгийг Засгийн газрын төвшинд хянах шаардлагатай гэдгийг ч анхааруулах хэсэг байна.

Үүнээс гадна тус компани 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаа эрхэлж ирсэн ч гэрээнд заасны дагуу авто замаа барьж, тээвэрлэлт хийлгүй өнөөдрийг хүргэжээ. Авто зам бариагүйгээс байгаль орчин доройтсон. Өнгөрсөн жил тус компанийн тээвэрлэлтийг хэсэг хугацаанд зогсоосны хүчинд энэ онд 68 км авто замын ажлыг эхлүүлэхээр болсон юм байна.

Мөн хөндөх ёстой нэг сэдэв нь Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаа мэдэгдээд буй. Ингэхдээ Дорнод Монголын тал Матад сумаас Сайншанд хүртэл газрын тос дамжуулах хоолой барих төлөвлөгөө боловсруулсан. Гэтэл Тамсаг булагийн нефтийг Петро чайна дачин тамсаг” компани эзэмшдэг. Хэрэв тус компани нефть боловсруулах үйлдвэрт түүхий нефтиэ өгөхгүй гэвэл хоосон хоолойг бөөн хөрөнгө заран барих эрсдэл ч үүсэх талтай.

“ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ? нийг айлчлалаар хөндөж, нэг талд нь гаргахгүй бол Оюутолгойгоос ч муу нөхцөлтэй гэрээг “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан юм биш биз гэх хардлага дагуулж буйг эргэн нэг сануулъя.

 #copy

Нийслэлийн Мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих