АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭХ САНАЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

olloo_mn_1521525201_a1a1_20180320122149Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн. Мөн хотын даргын захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ.

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг  Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга  “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм.

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд “Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөл”-д тухайн зогсоолын багтаамжаас хамааран нэгээс доошгүй зогсоолыг бүрэн цахилгаан автомашинд зориулан тохижуулж, үнэ төлбөргүй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

УИХ-аас баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг уг хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2017 оны 164 дүгээр тогтоолоор цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг 50 хувиар тогтоосон байдаг. Энэ нь цахилгаан тэжээлт авто машины хэрэглээг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаа талаар Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци, авто машин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ оны эхээр Нийслэлийн Байгаль орчны газрын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9 хувь нь нийслэл хотод бүртгэлтэй бөгөөд 2016 онд 432,661 автомашин техникийн оношилгоонд орсноос 6367 автомашин утааны үзүүлэлтээр тэнцээгүй байна. Техникийн хяналтын улсын үзлэгийн дүнг үндэслэн тооцоход сүүлийн 3 жилд нийслэлийн автомашины жилийн дундаж өсөлт 13.1 хувьтай байгаа нь хорт утааны ялгарал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих шаардлага бий болоод байгааг харуулж байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 74 бүрэн цахилгаан (цэнэглэдэг) авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Үүнээс 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих