Ардчилсан Хувьсгалт Нам шинээр мэндлэхвий

АН-ын ротаци эхлэхтэй зэрэгцэн 116 хүн цэнхэр батлахаа хураалгасны дотор УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, М.Батчимэг, Ч.Сайханбилэг, Ш.Батбаяр, Да.Ганболд нар багтсан талаар Баабар жиргэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

b6b4cf21343151b04296b81978dd0b96

Ингэснээрээ АН цэвэршиж, тэдний оронд нийгмийн даатгалын 116 хүнээр нөхөөс хийсэн тухай ч байр сууриа илэрхийлээд амжсан. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэднийг намаас хөөгөөгүй хэмээн мэдэгдээд байна.

Энэ удаагийн эргэлтийн сонгуульд 120 орчим хүн оролцож, 76 нь чөлөөт суудлаас 26 нь эрэгтэй, 26 нь эмэгтэй оролцож байгаа аж. Сонгуульд оролцогчид оролцоо, идэвхи, хандив, татвар гэсэн шалгуур үзүүлэлтээр оноо гаргаж, байр эзлүүлж байгаа талаар Ц.Туваан тайлбарласан. Ямартай ч Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар Баянзүрх дүүргийн намын хорооноос 0 оноо авч хөөгдсөн гэх мэдээлэл бий. Намын дүрмийг том гарууд нь мөрдөхгүй, пээдэлзэж эцэстээ ийм үр дүнд хүрч байгаа юм гэх тайлбар ч намын гишүүдийн амнаас цухалзаж байсан.

С.Эрдэнэ намын дарга болсноор Шонхор фракц барьцаа ахиулж, бүхий л шатанд хүчээ нэмэгдүүлж эхэлсэн нь нууц биш. Тэр бүү хэл, МоАХ-г бага багаар шахаж эхэлсэн талаар намын гишүүд шивэр авир хийх болсоор удаж байгаа юм. Өнгөн дээрээ эв найрамдлыг илэрхийлж, гар барилцан зогсох тэд залуучуудын холбооны сонгуулийг хүртэл хэн авах вэ гэдэг дээр цэц булаалдаж, эцэст нь Ерөнхийлөгчийн баг манлайлсан. Эбэгийн хүн гэгддэг байсан С.Эрдэнэболд өдгөө Х.Баттулгын гэгдэх болсноор Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн суудлыг эзэгнэж дөнгөсөн нь тэр. Орон нутагт ч мөн С.Эрдэнэ үү, Х.Баттулга уу гэх марафон бараг сүүлийн хоёр жил өрнөж байна.

Олон фракцитайгаа нуудаггүй, хагарал, зөрчлөө ардчилал хэмээн тайлбарладаг АН хэдийнэ Шонхор фракцийнханд “эзлэгдэж”, ёстой л хувийнх нь компани шиг болсныг улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийсээр удлаа. Тэр бүү хэл, Шонхрын өргөтгөсөн хувилбар нь АН гэх явган хошигнол ч бий болсон.

Энэ удаагийн ротациар өргөтгөсөн хувилбараа баталгуужуулах барьцаа улам ахиулах гэж байгаа нь энэ гэлцэж байна. АН УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр намын дүрмээ шинэчилж, шат шатны сонгууль явуулсаар байгаа. Тухайн сонгуулийн дэнчин олон хүний дургүйг хүргэсэн ч ерөнхийдөө нам доторх явган шуургыг сөрөөд гарсан гэж хэлж болно. Энэ удаагийн ротаци ч ялгаагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь Баабар тэргүүтнээр илэрч байна гэж тайлбарлах хэсэг байгаа юм. Ротаци гуравдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд өнгөрсөн 7-ны өдөр нэр дэвшигчдээ бүртгэж дууссан. Ротациар жилдээ гурван сая төгрөгийн хандив өргөхөөс гадна тэдний ажлыг тусгай аргачлалаар тооцон оноо өгөх журамд шилжсэн нь энэ намын шинэчлэлд том хувь нэмэр болж байгаа талаар Ардчилсан залуучуудын холбооны гишүүд хэлж байна. Шинэ журмын дагуу тооцон үзсэний үндсэн дээр 100 гаруй хүн намын тогтоосон журмыг зөрчсөн гэж үзсэн нь Баабарын эл жиргээ аж. Гол нь тэдгээр нөхөд “1а”-гийнхан болон нам доторх эсэргүү кадрууд байсан нь “Шонхор”-ын цэвэрлэгээтэй холбоотой гэж хардах үндэслэл болж байгаа юм.

Баабарын хэлж байгаагаар АН-ын Улаанбаатар дахь бүтэц буюу дүүрэг, хороодын бүрэлдэхүүнд Ганц худаг, Мааньтад байсан нөхөд бүгд орчихсон. Өөрөөр хэлбэл, 119 гэмт хэрэгтэн шинээр орлоо гэх байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн АН-аас шинэ нам төрөх нь гэх мэдээлэл ч хүчтэй яригдаж эхлэв. Магадгүй гомдогсдын армийг нэгтгэсэн шинэ нам мэндэлж, Ардчилсан Хувьсгалт Нам хэмээн нэрийдэж ч мэдэх юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Нийгмийн шудан сониноос


URL:

Сэтгэгдэл бичих