“Гацуурт”-ын Л.Чинбатаа МҮБХ танд ямар хамаатай юм бэ? Танд ухааны сүв, ичих мэдрэмж гэж байна уу?
Монголын Үндэсний Бөхийн Холбооны дэд тэргүүн Д.Данзан “Гацуурт” компанийн захирал Л. Чинбатад хандан нээлттэй ил захидал илгээснийг хүргэж байна.
Лхагвын Чинбат танаа:
Би өөрөөс чинь олон насаар ах хүн боловч баатар цолыг тань хүндлэн энэ захидлын туршид Танд, Та гэж хандъя. Та сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?
Танд би Монголын чөлөөт бөхийн холбоо(МЧБХ)-ны тамгыг хадаг дээр тавин гардуулж өгсөн хүний нэг. Би тэр холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байхдаа 2009 онд хууль ёсны Их хурлыг нөхдийн хамт зохион байгуулахдаа өөрийг чинь ихэд дэмжиж байсан билээ. Бид Таныг чөлөөт бөхийн спортыг өөд татна, шударга ажиллана гэж үнэхээр их найдаж байсан ч харамсалтай нь бид том алдаа хийснээ тэр дор нь ойлгосон. Үүний нотолгоо нь Танд хүлээлгэн өгөх үед ДАШТ-ээс хүрэл, мөнгөн медаль авдаг байсан манай эрэгтэй насанд хүрэгчдийн шигшээ баг Таны үед түүхэнд байгаагүйгээр дордож 30 дугаар байр хүртэл гутамшигтайгаар ухарч элгээрээ хэвтсэн билээ.
Та бас дэлхийд нэрд гарсан ганц шүүгчийнхээ ДАШТ, олимпод шүүх эрхийг хасаад өгөөч гэсэн бичгийг Дэлхийн бөхийн холбоонд удаа дараа явуулсаар хасуулсны баримт болох Таны удаа дараа явуулсан бичиг, Дэлхийн бөхийн холбооноос удаа дараа ирүүлсэн бичгийн хамт байж байна. Энэ мэтийн үйлдэл, эс үйлдэл чинь Таны чөлөөт бөхөд учруулсан гай, гамшиг юм. Та эцэст нь Монголчуудын хамгийн хайртай их спортын төрлийн холбоо болох МЧБХ-ны Их хурлыг хийлгүйгээр тамгыг нь бусдад зүгээр л бэлэглэсэн. Байгууллагын дүрэм нь тэр байгууллагынхаа хууль, тамга, гэрчилгээ нь өмч нь байдгийг Та сайн мэднэ. Гэвч өөрийн чинь энэ үйлдэл “Энэ хүн хууль зөрчихийг юман чинээнд бодохгүй хүн байна” гэсэн ойлголтыг олон хүнд төрүүлсэн шүү. Таны хууль зөрчсөн тэр үйлдлийн чинь уршгаар МЧБХ, тамирчид хуваагдмал байдалд орж, нэр хүнд нь уначихаад тав дахь жилээ шүүхдэлцээд явж байгааг хүн бүр, тэр дундаа Монголын бөхчүүд дүргүйцэн харж байна.
Гэтэл Та МҮБХ-ны ээлжит бус Их Эе гэгч бөхчүүдийн дийлэнх олонх нь очоогүй, тиймээс ирц нь бүрдээгүй хуйвалдаант цуглаанаас “Би МҮБХ-ны тэргүүн болсон” гэж зарлаад арван сар болж байна. Уг нь та нар бөхчүүд өөрснөө гүйгээд ирэхээс өөр аргагүй болтол нь Р.Нямдоржийн тухай гүжир гүтгэлгийн төлбөртэй нэвтрүүлэг хийж бараг бүх телевизээр арваад хоногийн турш цацсан, түүгээрээ сайт, фэйсбүүкийг дүүргэж, нэг бөх рүү дөрөв тавуулаа ярьж, дарамтлаж, гуйж, “Бөх ухаан”, “Бөх араншин” гэж нэг өвөрмөц сэтгэлгээ байдгийг Р.Нямдорж бид хоёр 28 жил энэ байгууллагыг удирдан бөхчүүдтэй ажиллахдаа олж мэдсэн улс.
Тэд аливаад лут нуруутай ханддаг, гол чиг алддаггүй хэрсүү ухаалаг улс байдаг юм. Тэр ч ёсоор 10 аваргаас гурав нь, 15 арслангаас дөрөв нь, есөн гарьдаас хоёр нь, 25 заанаас зургаа нь л та нарын цуглаанд очсон бөгөөд тэд та нартай худ ураг, хадам хүргэн, аав хүү, ахан дүүс, нутаг ус, бизнесийн хамтрагчид юм билээ. Ийм ирц, ийм бүрэлдэхүүнтэйгээр Монгол бөхийн асуудлыг шийдэж болох уу? Та ийм хурлаас МҮБХ-ны тэргүүн болж болох уу?
Та энэ хэдхэн хүний хуйвалдаант цуглаанаас “сонгогдсон”-доо “үнэмшээд” “Би тэгнэ, ингэнэ” гэсэн үл бүтэх юм яриад, “МҮБХ-ны Тамга, Гэрчилгээг иргэн Р.Нямдоржоос аваад өгөөч” гэсэн нэхэмжлэл бариад гүйж яваа чинь Таныг чухам хэн болохыг улам тодотгож байна шүү. Та “сонгогдох” гээд тэнд ороод сууж байхдаа хэн хэн байгааг хараад “Би үнэхээр Монголын бөхчүүдээс сонгогдчихлоо” гэж бодож чадсан гэж үү? Тэнд алдарт дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар, аварга Д.Сумъяабазар, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар байсан уу? Монголчуудын дунд өндөр нэр хүндтэй ахмад арслан Ц.Бадамсэрээжид, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар, идэр залуу арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Д.Ганхуяг, Д.Азжаргал, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар тэнд байв уу? Улсын гарьд И.Доржсамбуу, Д.Рагчаа, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Гончигдамба нар байсан уу? Улсын заан Ц.Санжаа, Д.Долгорсүрэн, Д.Лхагвасүрэн, Д.Мягмар, Ч.Гочоосүрэн, Д.Цэнд-Аюуш, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр тэргүүтэн олон заануудыг олж харсан уу? Та тэр үед ер нь эрүүл байсан уу?
Дүрэм, журмаараа бол МҮБХ-ны Их эед сэрүүн тунгалаг байгаа бүх аваргууд, бүх арслангууд, бүх гарьдууд, бүх заанууд, аймаг бүрийн дэвжээнээс нэг харцага, нэг начин, нэг аймгийн цолтон, аймаг бүрээс хоёр төлөөлөгч, жаяг дэгийн баг, судлаачид, зүтгэлтний 30 гаруй төлөөлөгч, бүгд 200 хүн хуран чуулж хуралдах ёстой юм. МЧБХ-ны дүрмийг уландаа гишгэн Их хурлыг нь хийлгүйгээр тамгыг нь бусдад бэлэглэчихсэн Та Монголын бөхчүүдтэй уулзаад одоо юу ярих вэ? “Би мөнгөтэй баян хүн тул дураараа дургина” гэж бодож байвал үйл ажиллагааны 28 жилийн түүхтэй, Монгол бөхөд цоо шинэ 60 зүйлийг бий болгосон, нийгэмд нэр хүндтэй байгууллагаа Монголын бөхчүүд Таны хүссэнээр Танд тавиад өгөхгүйлдээ. Бөхчүүд, Таныг тойрон хэл амаа билүүдэн гүйж байгаа ичих мэдрэмжээ алдчихсан 2-3 хүн шиг биш болохоор сэтгэл зүрх нь Таныг хүлээж авахгүй. Үүнийг би бөхчүүдтэйгээ олон жил ажиллаж яваа хүний хувьд сайн мэдэж байна.
“МҮБХны тамга, гэрчилгээг иргэн Р.Нямдоржоос аваад өгөөч” хэмээн Таны шүүхэд гаргасан нэхэмжлэлээр бол МҮБХ гэдэг Монголчууд бүгдээрээ мэддэг байгууллага Монгол бөхийн өргөөндөө биш, Чингэлтэй дүүргийн I дүгээр хороо, Жигжиджавын гудамж, II дугаар байрны 1 тоотод, Таны хувийн телевизийн байранд байрладаг болоо юу? Та МҮБХ-ны юу нь юм бэ?, МҮБХ Танд ямар хамаатай юм бэ? Танд энэ мэтийн юмны учир ойлгох ухааны сүв, ичих мэдрэмж гэж байна уу?
Таныг МҮБХ-г сонирхоод эхлэхэд чинь Ноён уулыг хамгаалагчдын төлөөлөл бидэнд Таны тухай халагламаар мэдээлэл, хачирхмаар баримт өгсөн бөгөөд үүнээс үзвэл Та тийм ч ариун цагаан хүн биш байна лээ дээ!!!
Ингээд Танд дараахь шаардлагыг тавьж, нэг урилгыг хэвлэлээр дамжуулан хүргэе.
1.Шаардлага: Өөрийг чинь “сонгосон” гэх цуглаан хуйвалдааны шинжтэй тоглоомын зүйл болохыг ухааран өөрийг чинь сонгох нь байтугай таних ч үгүй
Монголын бөхчүүдээс уучлал гуйн “тэргүүн” гэх хуурамч нэрээсээ албан ёсоор татгалзаж байгаагаа хэвлэлээр олон нийтэд мэдэгдэх буюу эсвэл МҮБХ-нд албан ёсоор бичгээр ирүүлэхийг шаардъя.
2.Урилга: Та МҮБХ-ны тэргүүн болъё гэж үнэхээр хүсээд байгаа бол гуравдугаар сарын 24-нд болох МҮБХ-ны Их эед нэрээ дэвшүүлэн шударгаар өрсөлдөхийг урья.
МУСГЗ, ФМУ-ны доктор (Ph.D), МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Төгс-Олхонууд Довдонгийн ДАНЗАН
Sonin.mn
URL: