“Хоёр” толгойн хятадууд ДОХ байтугай бэлгэвч хэрэглэхийг ч мэддэггүй

Жинхэнэ аймшиг гэхээр үйл явдал хэдхэн хоногийн өмнө Өмнөговийн Ханбогд суманд тохиожээ. Манай мэргэжилтнүүдийн нүд ёстой орой дээрээ гарна гээч л болсон юм байх. “ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-өөр Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Оюу Толгойнхны урилгаар Ханбогд сумыг зорьж Оюутолгой, Тавантолгойн монгол, хятад ажилчдын дунд ХДХВ/ДОХ-ын эсрэг сурталчилгааны ажил хийжээ. Ерөнхий мэдлэгийн төвшинг нь эхлээд шалгасан бөгөөд монголчууд энэ талаар хятадуудыг хол хаяжээ. Өдөр шөнө шиг гэх үг л таарахаар байсан ажээ. Манайхан мэдлэгийн төвшингээрээ хамгийн өндөр буюу “А” зэрэглэлд багтсан бол нанхиад иргэд дөнгөн данган “Д” буюу маш муу ангилалд тэнцэхтэй үгүйтэй байжээ. Эндээс юу харагдана вэ гэхээр Хятадын алс бөглүү нутгийнхан мэдээллээс хэт хол байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Нийт хүн амд оногдох тоогоор дэлхийд бараг тэргүүлж буй орны иргэд гэхэд даанч харамсалтай агаад жинхэнэ аймшиг гэхээр үйл явдал тэнд өрнөжээ. ХДХВ/ДОХ-ын талаар мэдэх нь байтугай сонсоогүй нөхөд талаас илүү хувь нь байсан гэхэд үнэхээр аймшигтай юм. ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн Хятадад хэд байдаг вэ гэсэн асуултад “Тийм ямар өвчин байдаг юм бэ, бэлгэвч гэж юу вэ?”хэмээн зөрүүлж асууснаас харагдана бус уу? Энэхүү аймшигт тахал ямар замаар халддагийг бүр ч мэдэхгүй байсан нь манайхны 90-ээд оны эхэн үеийг санагдуулсан гэнэ. Тэр үед хүмүүс амьсгалын замаар халддаг гээд хэнэг ч үгүй хэлээд зогсч байсан билээ. Хятад эрчүүд ер нь ХДХВ/ДОХ байтугай бэлгийн замын бусад халдварын талаар ч тун тааруу мэдлэгтэй байсан нь мэргэжилтнүүдийг жинхэнэ алмайруулсан гэхэд болно. Монголын хамгийн халуун цэг болсон энэ газрын талаар хаана хаана аа анхаарахгүй аваас хэтдээ маш их урхагтай байхыг ч үгүйсгэх аргагүй билээ. Хятадууд мэдлэггүй манайхан хэнэггүй тул ямар ч аюултай үзэгдэл гарч ирэхийг ч хэн хэлж мэдэх вэ. Удахгүй тэнд “зочлох” УИХ-ын гишүүд, ЭМЯ-ныхны тусгай комиссынхонд л найдах үлдсэн бололтой. Тэнд энэ талаар, ер нь эрүүл мэндийн асуудлаар тун ихийг хийхгүй бол тусгаар тогтнол, аюулгүй байдалд маань ч аюултайг аль, аль талдаа анхаарах хэрэгтэй мэт санагдана.
Г.Цэлмэг (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих