БСШУС-ын дэд сайдын суудлын төлөөх марафон эхэлжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ нь Монгол Улсаас АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллах болсонтой нь холбоотой бололтой. Гэхдээ тэрбээр “Одоогоор Итгэмжлэх жуух бичгээ аваагүй байна” гэдэг тайлбар хийгээд байна. Хуульд зааснаар Элчин сайдаар томилогдсоны дараа Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурж, баталгаажуулдаг.
Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчтэй Элчин сайд нарын асуудлыг ярилцсан байдаг. Энэ үеэр Ё.Отгонбаярын асуудлыг хэлэлцэн, ойрын хугацаанд шийдвэрлэхээр талууд зөвшилцсөн” гэх нь бий. Тиймээс шинэ ажлаа хүлээн авах бэлтгэл хангаж, Ё.Отгонбаяр ажлаа хүлээлцжээ гэж хэлж болохоор байна.
Тэгвэл энэ бүхнийг дагаад БСШУС-ын дараагийн дэд сайдаар хэн томилогдох вэ гэх асуулт урган гарч ирлээ. Үеийн үед албан томилгоо, сайд нарын ажлын ур чадвараас болж хэл ам дагуулж ирсэн энэ яамны МАН-ын засаглалын үед хоёр сайдын нүүр үзсэн бол дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд бараг тоогоо алдсан байх.
Гэхдээ энэ удаад дэд сайдын суудал нэлээд хэдэн сонголттой байх шиг. Нэн түрүүнд, өмнө нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг хамгийн боломжтой кандидат хэмээн үзэж байна. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын кабинетэд багтаж чадсан ч, 2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар түүнийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.
Харин Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд шүүх хурал болсон ба эндээс Засгийн газрын шийдвэр нь хууль бус байна гэх дүгнэлт гарсан. Гэвч тэрбээр өнөөг хүртэл Төрийн нарийн бичгийн даргын албандаа томилогдоогүй байгаа. Тэгвэл үүнийг Ё.Отгонбаярыг дипломат албанд томилохтой холбогдон дэд сайдын албыг үргэлжлүүлэхийг хүлээсэн хэрэг байжээ гэж үзэж болохоор байна.
Гэхдээ Б.Баярсайхан цорын ганц нэр дэвшигч биш ажээ. Тодруулбал, өчигдрөөс хэвлэлүүд МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярыг энэ албанд очих гэж байгаа хэмээн онцлох болов. Хамгийн гол нь бүр юу юугүй дэд сайд болчихсон мэтээр бичээд байгаа нь хачирхалтай. ТВ-5 телевизийн өглөөний хөтөлбөрөөр олонд танигдсан Г.Ганбаярын хувьд МАН-ын хотын фракцынхантай ойр гүйсээр улстөрийн тогоонд орсон гэгддэг. Харин түүнд улстөрч байх эрмэлзэл байж болох ч төрийн чухал албыг хийж чадах туршлага, мэдлэг хэр арвин бэ гэдэг нь асуудалтай. Гэхдээ л эрх баригч намд томхон артай л байхад дэд сайд зэрэг албыг өлхөн авч болдог жишээ урьд өмнө нь олонтаа гарсан тул түүнд төрийн өндөр албан тушаалд хүрэх боломж их ч байж мэднэ. Яг үнэндээ түүнд энэ алба хурцдана. Гэвч МАН-ын акулуудын нэг Ж.Бадамжунай Г.Ганбаярын ард байдаг гэдэг нь хэдийнэ ил болсон. Тиймдээ ч мань эр Ё.Отгонбаярыг АНУ-руу томилогдоно гэдэг яриа гарснаас эхлээд дэд сайдын суудал руу зтгэж, лоббигоо эхлүүлчихсэн.
Үүнээс гадна дээрх хоёр кандидат дээр НАМЗХ-ийн дарга Б.Мөнхбатын нэр ч дуулдах болов. Нэг хэсэг Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайд болох, эсэх нь тодорхойгүй болсон. Тэр үед эдгээр нэр дэвшигчийн тухай яриа тасарсан. Харин уржигдархан шийдвэрийг нэг тийш болгосон тул ийнхүү дахин эрчээ авч, ойрын өдрүүдэд МАН дотор дэд сайдын албаны төлөөх цусгүй тулаан өрнөх нь тодорхой боллоо.
Erennews.mn
URL: