Х.Баттулгын санаачилга хэний эрх ашгийг хөндөв

-Хор үйлдвэрлэгчдийг хууль тогтоогч болгохгүй гэдгийг яагаад дэмжихгүй вэ-

Х.Баттулга сайд ууртай байна. Сүүлийн үед санаачилсан бүхнийг нь “нурааж” буй ангийн нөхөд, намын андууддаа бухимдаж, хөмсөг зангидан явах болжээ. Эхлээд тэр намын даргаа танхимын тэргүүнтэй нь хамт зад шүүмжилсэн. Нэг тавагнаас хоол идэж байж хэмээн өөрийнхөн нь төдийгүй өрсөлдөгчид нь ч сайдыг буруутгасан. Бас өнөөдрийн намын дарга маргаашийн Ерөнхий сайд болж харагдаад тэр сэнтий рүү зүтгэсэн санааг нь хүн бүхэн элдэв тайлбаргүй уншчихаад байгаад уурласан байх. Намын ҮЗХ-г нэн яаралтай хуралдуулж удирдлагыг гартаа авах төлөвлөгөө боловсруулсан ч гишүүдийн дийлэнхэд гарман дээр морио солиод амжилтанд хүрэхгүй гэсэн ил мессеж шууд нөлөөлж далд санаархлыг нь нурааж орхив. Тиймээс ойрын үед хуралдах товтой ҮЗХ намын даргыг шүүмжилж хайр найргүй загнаж магадгүй ч солих халах тухай шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой болсон. Ингээд Х.Баттулгын эхний том санаа бүтэлгүйтэв. Уг нь унагаад уурлуулаад байхаар буруу зүйл тэр хэлээгүй юм. Ирээдүйн ялалтын бяр амтагдсандаа л омог бардам ам гарсан хэрэг.

Үүний дараа тэрбээр Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох санаачлага гаргасан юм. Энэ санаачлагаа Х.Баттулга архи, тамхины замбараагүй хэрэглээг цэгцлэхээс гадна УИХ-ын гишүүд бизнестээ тохирсон хууль баталдгаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн тайлбарласан. Тэгээд ч ард түмнийг мөхөөх аюултай хор үйлдвэрлэгч парламентад сонгогчдыг төлөөлөх нь зохимжгүй гэж үзжээ. Гэтэл эрхэм гишүүний санаачлагыг ангийн нөхөд нь үл дэмжсэнээр барахгүй  зарим нь аль эрт болоод өнгөрсөн хэргийг нь сөхөж “17 чингэлэг спирттэй холбоотой хүмүүсийг УИХ-ын сонгуульд оруулахгүй гээд хуульчилчихвал яасан юм” хэмээн тун ч ихээр уурссан гэсэн. Ингэснээр архи, тамхины бизнес эрхлэгчийг хууль тогтоогч болгож томруулахгүй гэсэн Х.Баттулга гишүүний саналыг парламентын босго алхуулсангүй. Гишүүн ганц удаагийн оролдлого бүтэлгүйтсэнээр санаанаасаа  ухарч няцахгүй гэдгээ мэдэгдэж төслөө дахин өргөн барихаар болсон. Гэвч эсэргүүцэгч олонтой энэ парламент хэлэлцэх нэрээр төс­лийг нь оруулаад, дэмжихгүй гэсэн кноп дараад унагаж орхих биз.

Хэрэв манай парламент эрүүл, эрх ашиг сонирхлын зөрчлөөс гишүүд нь ангид байж чаддагсан бол ийм төсөл зоригтойгоор оруулж ирсэнд нь Х.Баттулгыг сайшааж санааг нь ногоон гэрлээр дэмжээд хүссэн заалтыг нь хуульд оруулчих ёстой юм. Харамсалтай нь энэ бүтэхгүй. Учир нь манай парламентад төдийгүй, УИХ-ын гишүүн болохоор санаархагч мөнгөтэй томчуудын тоонд архи тамхины бизнестэй нэр холбоотой эрхэм нэг биш. Тухайлбал, “Атилла” гэж архины “загалмайлсан эцэг” нь Л.Гүндалай гишүүн. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэр бүлийн бизнесийн гол тулгуур нь Монголын архи үйлдвэрлэгчдийн тэргүүн АПУ компани. “Монгол тамхи Со” компанийн үйлдвэрлэдэг “Алтан навч”, “Улаан шонхор” зэрэг хямд үнэтэй тамхийг монголчууд эгээ л талх адил “иддэг”. Цагаан сар дөхөхөөр “Мана” нэртэй ганган хайрцагтай тамхи үйлдвэрлэн гарын бэлэг болгон нэг нэгэндээ өгөхийг сурталчилдаг энэ компанийн эзэн нь мөн л Их хурлын гишүүн. Говь-Алтайгаас сонгогдсон Ц.Дашдорж. Ил мэдэгдэж буй нь энэ гурав. Далдуур ийм бизнесийг дэмждэг, тэндээс хувьдаа мөнгө босгочихдог овсгоотой гишүүн ч нэг биш.

Мөн ирэх жил сонгуульд орно хэмээн өөрийгөө сойж буй эрхмүүдийн дунд архи тамхины үйлдвэрлэгч компанийн төлөө­лөл нэг биш дуулдаж байгаа юм. АПУ компанийн захирал хатагтай П.Батчимэгийг Хан-Уулын тойргоос Ардчилсан намд нэг суудал зулгаах хүний тоонд оруулдаг. Гэвч асуудлын гол нь П.Батчимэгт бус түүний ах Г.Батхүүд байгаа гэнэ. Учир нь ирээдүйд намын даргын суудлын төлөө Х.Баттулгатай ана мана үзэх хүн З.Энхболд биш харин Г.Батхүү байх магадлалтай. Тэр санааг нь ч сайд хэдийнэ гадарласан юм байх.

Монголын архины зах зээлийн том акул MCS групп ирэх сонгуульд хоёр ч хүнээ сойно. Нэг нь “Спирт бал бурам”-ын захирал асан Л.Элдэв-Очир. Энэ нөхөр Х.Баттулгын “өмчилсөн” Баянхонгорт санаатай байгаа гэдэг. Нөгөөх нь Хөвсгөлд хүч үзнэ гэдгээ ил тодоор зарласан Л.Энх-Амгалан. MCS-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч түүнийг МАН-аас өрсөлдөх замаа засчихсан гэдэг ортой байх. Эд бол мөн л ил мэдэгдэж байгаа хэдхэн нь. Ард нь өөр хэд байгааг хэлж мэдэхгүй.

Тиймээс Х.Баттулгын санаачилсан төслийг хуульд оруулчихвал дээрх эрхмүүдийн төлөөлж буй бүлэг фракцын эрх ашигт шууд нөлөөлөх учраас аль ч нам дэмжихгүй байгаа юм.

Н.Гэрэл

“Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв


URL:

Сэтгэгдэл бичих