Г.ШИЙЛЭГДАМБА СҮҮЛЧИЙН ЗОЛИОС БИШ БУЮУ ГЕНСЕК НАРЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ТАВИЛАН

shiilegЭрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг гурван жил сунжирсны эцэст энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эцэслэн шийдэгдэж Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны шүүхээс түүнд 4.6 жилийн ял оноосон.



    Эргэн сануулахад, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр ЭМСЯ-ны албан өрөөндөө байхад нь баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаарт зааснаар, “Хээл хахууль авах” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

    Уг үйл явдал тухайн үедээ том дуулиан үүсгэж, байгуулагдсан цагаасаа хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байсан Авилгатай тэмцэх газрыг нийгэмд ГОЁ-оор харагдуулсан. Тэгэж гоёор харагдахын тулд ч АТГ  “Газар дээр нь, үйлдэл дээр нь, нотлох баримттай нь” баривчлах орчин нөхцлийг бий болгож,  эртнээс тагнаж, чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг.

Болж өрнөсөн үйл явдлын гүн дэх нарийн учир зангилааг сайн мэдэхгүй,  мэдэхийг ч хүсээгүй олон нийтийн үзэмжээр бол “Нэг муу авилгач баригдлаа. Ашгүй нэг ч гэсэн идэж уусан этгээдийг шийтгэж байвал болох нь тэр” гэсэн хандлага илтэд анзаарагдана.  Тиймдээ ч олонхийн ойлголтоор  энэ бол нэгэнт шийдэгдчихсэн, хаагдсан хэрэг. Ард түмэн уулгач хэрнээ туйлын мартамхай.  Үүнийг нь ч мэддэг учраас Г.Шийлэгдамбаар “туг тахьсан” болоод энэ сэдвийг бүр мөсөн хаахыг, хаалгахыг, ингээд мартуулахыг хүсэгчид олон бий.

Уг хэргийг сайтар ухаж төнхөөд, хэрэг явдлын утсыг хөврүүлээд үзэхээр маш олон ФАКТ цухалзана. Тэр л нуугдаж дарагдсан баримтуудыг битгий ил болоосой, дахиад бүү сөхөгдөөсэй гэж хүсэгч нь нэгдүгээрт МАХН, хоёрдугаарт Г.Шийлэгдамбын хэргийг илрүүлсэн гавьяатан Авилгатай тэмцэх газар юм. Г.Шийлэгдамбад хэдэн жил ял өгөөд цааш лавшруулахгүйгээр хэргийг ингээд дарах сонирхол МАХН, АТГ-т яагаад байгаа вэ?

ФАКТ №1 Мордохын хазгай буюу ТОМИЛГООНЫ ЗӨРЧИЛ

29197012_1814703161907762_739115308446384128_n Г.Шийлэгдамба СҮҮЛЧИЙН ЗОЛИОС БИШ буюу ГЕНСЕК НАРЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ТАВИЛАН

    Бүх зүйлийн эхлэл “мордохын хазгай” гэгчээр томилгооны зөрчлөөс үүдэлтэй.  Тодруулбал Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар томилогдохдоо МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалтай байв. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд томилогдож буй хувь хүн АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулж, хэрэв ашиг сонирхлын зөрчилгүй байна гэж үзвэл Төрийн албаны зөвлөл хүлээн авдаг номтой. Гэтэл улс төрийн намд удирдах албан тушаалтай, тэр тусмаа намын санхүүжилтийг хариуцан ажилладаг ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажилтныг  АТГ-аас Эрүүл мэндийн сайдаар ажиллахад АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ гэж үзсэн нь тун сонин.

Хууль, журмаа дагасан бол Авилгатай тэмцэх газар улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхэд  ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, “Нэг бол МАХН-ын генсекийн ажлаа хүлээлгэж өгөөд салбарын сайдаар томилогд. Эс бөгөөс сайдаар томилох боломжгүй” гэсэн тайлбарыг өгөх ёстой байсан. Аль ч  улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа гал тогоо, санхүүжилтийг хариуцдаг үүрэгтэйг АТГ-ын мэргэжилтнүүд мэдэхгүйдээ энэ томилгоог хүлээн зөвшөөрсөн хэрэг үү?

Эсвэл ашиг сонирхлын зөрчил гэдгийг хувьдаа эмнэлэгтэй, эмийн сантай, анагаах чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг бизнестэй эсэхээр л сэтгэж ойлгодог гэж үү?

   Эндээс дүгнэхэд, төрийн албан хаагчийг авлигын хэргээс ангид байлгах мэдээллээр хангаж байх үүрэгтэй АТГ нь эхний албан бичгээрээ Г.Шийлэгдамыг асуудал руу түлхэж гэж ойлгогдохоор…

ФАКТ №2-  АТГ худал сенсаац ТАРААДАГ байгууллага гэж үү?

АТГ-аас Ш.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ  “Засгийн газрын гишүүн хүн албан өрөөндөө 500 сая төгрөгийн авилга авсан хэргийг илрүүлсэн”  хэмээн анх мэдэгдсэн. Бараг л авлигаар авсан мөнгөө ширээн дээрээ асгачихаад тоолж байхад нь хаалгыг нь эвдэн орж илрүүлсэн шахуу сенсаацийг нийгэмд өгсөн. Ингэснээр гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдоогүй сэжигтнээр дөнгөж татагдаад байсан Г.Шийлэгдамбыг шууд гэмт хэрэгтэн мөн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлсэн.

Гэвч хэргийг шалгах явцад Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг мөнгө гардан авч үйлдэл дээр нь баривчлаагүй /түүнд мөнгө зээлдүүлсэн гэх О.Даваасүрэн цүнхтэй мөнгийг орхиод явсан байсан/, хоёрдугаарт анх мэдээлсэн шиг 500 сая төгрөг бус 120 мянган ам.доллар сайдын өрөөнд байсан нь  тогтоогдсон билээ. Гэсэн хэдий ч АТГ анх буруу мэдээлэл өгснөө эргэн мэдээлсэнгүй. Гүйцэтгэх ажиллагааны үед авч байсан мэдээлэл, мөрдөн байцаалтын явцад ил болсон баримтаас зөрж болно. Үүнийг ойлгоно. Гэвч АТГ олон нийтэд өгсөн буруу мэдээллээ залруулж тайлбар хийгээгүй нь хачирхалтай.  Төрийн байгууллага, тэр тусмаа хууль хүчний байгууллага нийгэмд сенсаац тарихуйц хэтрүүлэгтэй мэдээллийг тараадаг үүрэгтэй баймааргүй сэн.

АТГ-ын зүгээс хийсэн санаатай гэмээр үйлдлүүдээс энэ хэргийг улс төрийн зорилгоор шийдвэрлэх үүрэг даалгавартай байсан юм биш байгаа гэх хардлага ч төрөх шиг. Ингэж хардах үндэслэлийн нэг нь уг хэргийн хамгийн чухал баримт болох, Г.Шийлэгдамбад МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс үүрэг болгосон яаралтай санхүүжилт олох шахалт шаардлагын дагуу иргэн О.Даваасүрэнгээс эхний ээлжинд авсан 40 мянган ам.долларыг яагаад энэ хэрэгтэй холбогдуулан шалгасангүй вэ?

Намын даргадаа эхэлж өгсөн 40 мянган ам.доллар, сүүлд ЭМЯ-ны сайдын өрөөнд хадгалагдаж байсан 120 ам.мянган долларыг цөмийг нь Г.Шийлэгдамба аавынхаа бизнесийн хамтрагч О.Даваасүрэн гэгчээс авсан болохоо хүлээж, энэ нь байцаалтын явцад тогтоогдчихоод байхад яагаад хоёр тусдаа асуудал мэтээр салгаж шалгав?

Ялангуяа, Г.Шийлэгдамбын намын дарга Н.Энхбаяртаа өгсөн 50 мянган ам.долларын захиран зарцуулалтыг нотлох баримтаас тусгаарлан зөвхөн “Засгийн газрын гишүүн, төрийн сайд эрх мэдэл албан  тушаалаа ашиглан хээл хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт гаргасан нь үүний хариулт болов уу? Тэгсэн атлаа тэр их “авилгын мөнгөний” эцсийн хэрэглэгч, захиалагч гэдэг нь тодорхой болсон Н.Энхбаярт ял шийтгэл оногдуулаагүй шалтгаан нь ердөө л Улсын гуравдугаар Ерөнхийлөгч асан тухайн үед төрийн албан тушаал хашаагүй байсан гэх үндэслэл. Авилга авч өгөлцөх гэдэг нь зөвхөн төрийн дээд албан тушаалтнуудад л хамаатай, тэд л авалцаж өгөлцвөл эрүүгийн хэрэг болдог юм шиг инээдтэй тайлбар байж болох уу?

Тухайн үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд /2012-2016 он/ бүлэг байгуулах хэмжээний суудалтай, тэр байтугай Засгийн газрыг хамтран байгуулалцсан улс төрийн намын даргыг “Төрийн дээд албан тушаал хашаагүй байсан” гэдэг ганцхан үндэслэлээр ял завшуулах нь “ариун явдал” юм гэж үү? Энэ зүйл, заалтаар бол Г.Шийлэгдамба нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын хувиар салбарын яамны албан өрөөндөө мөнгө авч, түүнийгээ хадгалснаар буруутан болчихож байгаа аж.

Хэрэв Г.Шийлэгдамба Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувиар бус МАХН-ын генсекийн статусаар МАХН-ын төв байран дахь Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөндөө өнөөх “гайт долларыг”  хадгалж байсан бол хэрэгт татагдах үндэслэлгүй байсан юм шиг дүр зураг харагдаж байна. Нэг ёсондоо, иргэн О.Даваасүрэн урьдын адил зээлүүлэх мөнгөө өгөхөөр МАХН-ын төв байр руу ирэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өрөөндөө байж таарсан бол ийм хэрэг болохгүй ч байсан юм шиг…

Тэгэхээр авилгын хэрэг гэгч нь үндсэндээ ХЭН ЮУНЫ ТУЛД,  ЯМАР ЗОРИЛГООР ХЭН ГЭДЭГ ОЙР ДОТНЫ ХҮНЭЭСЭЭ ХУВИЙН ХАРИЛЦААНЫ ҮНДСЭН ДЭЭР ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗЭЭЛЭХ НЬ СОНИН БИШ. ХАРИН ХЭН ГЭДЭГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ ХЭН НЭГНЭЭС ТОДОРХОЙ ШАЛТГААНЫ УЛМААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР /түр зээлэх, өрөндөө авах  ямар хэлбэрээр авсан нь огт хамаагүй/ АВСАН Л БОЛ АВИЛГА ГЭЖ ҮЗДЭГ БОЛОЛТОЙ.

ФАКТ №3-  МАХН 50 мянган ам.доллараа юунд ЗАРЦУУЛАВ?

29136610_1814703461907732_7378074462370922496_n(1) Г.Шийлэгдамба СҮҮЛЧИЙН ЗОЛИОС БИШ буюу ГЕНСЕК НАРЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ТАВИЛАН

Уг хэргийн хамгийн чухал нюанс нь төдийгүй олон нийтийн хамгийн их анхаарал татахуйц сэдэв нь МАХН иргэн О.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нарын нийлүүлж өгсөн 50 мянган ам.долларыг юунд зарцуулсанаа баталсан санхүүгийн тайлан. МАХН-ын зүгээс уг тайлангаа АТГ-т өгч, түүнийг нь хэргийн материалд хавсаргажээ.

МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын намдаа “босгож өгсөн” 50 мянган ам.долларыг нам нь тун үр бүтээлтэй зарцуулсан байгаа юм. Жишээлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны зардалд бусдаас  зээлсэн 15 мянган ам.долларыг төлсөн. Түүнчлэн МАХН байгуулагдсан өдөр “Эх орончдын баярт”-т зориулсан  үндэсний бөхийн барилдааны бай шагнал, Бөхийн өргөөний түрээсэнд өгчээ. Мөн намын дотоод үйл ажиллагаа, намын ажилчдын  цалин хөлсөнд зарцуулжээ.  Дээрх баримтууд санхүүгийн тайлантайгаа нэгэнт ил болчихоод байхад яагаад МАХН-д хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авсангүй вэ? Дээрхи “авилгын” мөнгийг захиран зарцуулсан хэрэглэгчид нь тодорхой болчихоод байхад яагаад мөнгө олж өгсөн дан ганц хүнд ял оноов?  Хууль, шүүхийн байгууллага МАХН-ын удирдлагуудад хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд Н.Энхбаяр, Н.Удвал тэргүүтнүүдэд ичих булчирхай байхгүй юм гэж үү?

     Г.Шийлэгдамбыг ийм нөхцөл байдал руу түлхсэн хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө хэрнээ хэрэгт холбогдсон мөчөөс нь шууд хаяж, өөрийгөө болон намаа уснаас хуурай гаргах бүх арга чаргыг хэрэглэснийг түмэн олон мэдэхгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрөх хэрэг үү? Эсвэл “Улс төр гэгч нь угаасаа ийм л бохир заваан” зүйл гэж зүхээд л өнгөрөх юм гэж үү? Бүхэл бүтэн намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг намдаа санхүүжилт олж өгснийх нь хариуд жишим ч үгүй “аавын хаалга” татуулж чадаж байгаа “хатуу зүрхтэй” улс төрийн намд иргэд сонгогчид цаашид итгэл хүлээлгэн сонгосоор байх гэж үү? Намынхаа журмын нөхөр, нарийн бичгийн даргаа хайрлахгүй хаяж чаддаг нам ард түмнийг хайрлах уу?  Бодох л хэрэгтэй.

ШИЙЛЭГДАМБА ЭЦСИЙН ЗОЛИОС БИШ

29213798_1814702951907783_1205072642487353344_n Г.Шийлэгдамба СҮҮЛЧИЙН ЗОЛИОС БИШ буюу ГЕНСЕК НАРЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ТАВИЛАН

Үнэндээ Г.Шийлэгдамбад тохиолдсон асуудал, түүний үүрсэн ял шийтгэл нь улс төрийн карьер хөөж буй, улс төрийн ажил хийж эхэлж байгаа олон, олон залууст том сургамж боллоо. Хэзээ ч мартаж болохгүй бодит жишээ юм. Эцсийн эцэст энэ бүхэн Улс төрийн намын тухай хуулийн цоорхойтой холбоотой. Учир нь Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилтийг хэрхэн босгохыг зөвшөөрсөн, тэр тусмаа ямар аргаар санхүүжилт олвол хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох талаар нарийн, тодорхой зүйл, заалт байхгүйтэй шууд холбоотой. Өнөө цагт улс төрийн намуудын санхүүжилт босгодог гол арга нь хандив болон гишүүдийн татвар. Мөн УИХ-д суудалтай намуудад нэг гишүүний суудлын мөнгө гэж жилд 20 сая орчим төгрөг өгдөг.  Мөн дөрвөн жилд нэг удаа сонгуульд авсан саналын тоогоор улсаас санхүүжилт авдаг. Ийм л дөрвөн арга замтай.

Ирэх хавар, УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг өргөн барихаар бэлтгэж байгаа гэж дуулдсан. Уг шинэчлэн найруулсан хуулийн төсөлд амьдрал дээр бодитоор тулгардаг асуудлуудыг нарийн тусгаж өгсөн, тун чамбай хууль болоосой гэж хүсэх байна. Ялангуяа, намын санхүүжилттэй холбоотой дэд бүлэг бүхий нарийн зүйл, заалтуудыг тусгаж өгөх зайлшгүй шаардлага байна.

Тэгэхгүй бол намдаа өгсөн аль мөнгө нь хандив, аль нь татвар, аль нь авилга хийгээд албан тушаалын төлбөр гэдэг нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золголоо. Монголын улс төрийн намуудын тогтолцооны энэ бүх гажуудлын ил болсон сургамжит жишээ нь Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба. Улс төрийн намын тухай хуульд яаралтай гар хүрч шинэчлэл хийхгүй бол энэ жишээгээр АН, МАН гэлтгүй аль ч намын хэдэн ч генсек “аавын хаалга” татаж болзошгүй нь.

Эх сурвалж: ekhsurvalj.mn


URL:

Нэр: 111 Огноо: 15 March 2018

Өөрийнхөө эрх ашигийн төлөө хахууль авчаад баригдхаараа намын даалгавар гэж бусад руу чихдэг жудаггүй хүүхэн зантай шийлэгдамбын шийтгэл нь рарин ч багадсан байх шүү. Захиалгаар дэмий юм бичихээ болимоор юм

Сэтгэгдэл бичих