Цагдаагийн экс удирдлагууд хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэллээ

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн экс удирдлагууд хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан уг хэргийг мөрдөж дууссан гэж үзээд хохирогчдод, дараа нь цагдаагийн экс удирдлагуудад танилцуулж прокурорт шилжүүлэхээр болсон байна.

Хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Д.Зоригт, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг Эрүүгийн хуулийн 294.2-т заасан үндэслэлээр буруутган шалгасан юм. Өөрөөр хэлбэл 5-10 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй зүйлчлэл юм.

Энэ талаар хохирогч Ц.Энхбаяр “Хэргийг нэг жил гаруйн хугацаанд дахин мөрдсөн гэхэд өөрчлөлт алга. Гарцаагүй гэм буруутайг нь нотолсон зүйл харагдаагүй” гэв.

Хэргийг өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон ч хохирогчдын хүсэлтээр сэргээн шалгасан юм.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих