Apple-ийн араас Samsung кобальтын олборлогчидтой шууд харилцаж эхэлжээ

18684

Кобальт хэмээх шидтэй эрдэс баялаг технологийн салбарын хамгийн чухал түүхий эд болоод байгаа. Түүнийг ухаалаг гар утаснаас эхлээд цахилгаан автомашин хүртэл бүх төхөөрөмжийн үйлдвэрлэлд ашигладаг тул эрэлт нь нэмэгдэж, нөөц нь буурсаар байна.

Тиймээс дэлхий нийтээр кобальтын үлдсэн нөөцийг мэдэлдээ оруулахын төлөө уралдаан эхлээд байгаа юм. Apple компани анх удаа кобальтын олборлогчтой ямар нэг дундын этгээдгүйгээр шууд харилцаж, урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулахаар болсныг өнгөрсөн сард мэдээлж байв. Тэгвэл түүний нэг өрсөлдөгч Өмнөд Солонгосын Самсунг Электроникс мөн ийм алхам хийж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Самсунг дэлхийн хамгийн том кобальтын батлагдсан нөөцтэй Ардчилсан Конго улсын Сомика уул уурхайн компанитай хэлэлцээр хийж эхэлснийг Блүүмберг өчигдөр мэдээлсэн байна.

Яриа хэлэлцээр эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа гэнэ. Сомика нь Конгын Катанга дахь Кисанфу уурхайгаас кобальт олборлодог юм.

Ардчилсан Конго улс нь улс төрийн хувьд тогтворгүй, дайн самуун ихтэй, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй орон тул ёс зүйтэй бизнесийн харилцааг бий болгоход чиглэсэн Responsible Cobalt Initiative (Хариуцлагатай Кобальт Санаачлага) байгууллага бий болж, түүнд дээрх технологийн компаниуд гишүүнээр нэгдээд байгаа.

Зорилго нь эдгээр компаниудын түүхий эдийн эх үүсвэр нь хууль бус, ёс зүйгүй байхаас сэргийлэх юм. Хүний эрхийн байгууллагууд технологийн томоохон компаниудыг боолын болон хүүхдийн хөдөлмөрөөр олборлосон түүхий эдийг бизнестээ ашиглаж байгааг шүүмжилж байв. Мөн Конго дахь авлигын нөхцөл байдал ёс зүйтэй бизнес хийхэд хүндрэл учруулдаг юм.

Эх сурвалж: Quartz


URL:

Сэтгэгдэл бичих