“Экобус” компаний зөвлөх Д.Жаргалсайхан: Төрөөс дэмжвэл бид дэлхийн брэнд машин үйлдвэрлэх боломжтой
Монголдоо автобуснаас эхлээд машин үйлдвэрлэхийг зорьж буй Д. Жаргалсайхан гуай “Экобус” гэх нэрээр автобус үйлдвэрлээд 4 жил болжээ. Одоогийн байдлаар 200 гаруй автобус үйлдвэрлэгдээд үйлчилгээнд явж буй юм. Тэдний хүсэл бол төрөөс бодлогоороо дэмжээд гаднаас автобус худалдаж авах бус, дотоодоосоо худалдан авах гэрээ хийж ажиллах юм. Тэгж чадвал бид эх орондоо нэгэн томоохон шинэ үйлдвэр байгуулж, тэрнийгээ улам илүү хөгжүүлж дэлхийн брэнд болгох боломжтой. Энэхүү компани нь “Номин”-гийн хөрөнгө оруулалттай компани юм. Тэднийг дэмжиж Оюутолгой, ISUZU зэрэг том болон жижиг компаниуд хамтарч ажиллаж байгаа аж.
Тэдэнтэй уулзахаар ороход 10 хүний суудалтай Өмнөговь руу ачигдаж буй гурван ногоон автобус угтлаа. Энэхүү автобусны хувьд цахилгаанаар явдаг J-800 гэх автобус бөгөөд 100 км-т мянган төгрөгний зарлагатай. 15 мянгаар Ховд, ганц 20 мянгатаар Сөүл, 60 мянган төгрөгөөр Москва хүрэх замыг туулах хүлэг. Өдгөө Өмнөговийн төвд 8 ширхэг явж буй аж.
Тэдэнтэй Японы “ISUZU” компаний төлөөллүүд ирж уулзаж зөвлөгөө өгнө, ажилчид нь доторлогоо, гагнуур зэрэг тус тусын ажлаа толгой өндийх завгүй хийж харагдана. Тэрээр энэхүү компани өдгөө 32 хүнийг ажлын байраар хангаж ажиллуулж байгаа аж. Тус компани нь жилд 120 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор нэг автобусыг сар гаруй хугацаанд үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэлийн дамжилгаанд орчихвол илүү хурдан хугацаанд, олон автобус хийх боломжтой ажээ.
Экобус компаний гүйцэтгэх захирал Д.Дорждагватай хэдэн хором ярилцсан юм.
Тэрээр “манай компани авто машин угсралтын чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж энэ чиглэлийг хөгжүүлэхийг зорьж байна. Машиныхаа тэнхлэгийг гадны компаниудад шаардлага тавиад түүнийхаа дагуу хөдөлгүүр хийлгүүлж оруулж ирдэг. Бусад тоног төхөөрөмжөө өөрсдөө дотооддоо хийж угсарч байна. Биднийг дэмжиж хамтарч ажиллахыг ерөнхийлөгчид уламжилж албан бичиг хүргүүлсэн. Манай Монгол бол төмрийн хүдэртэй, гантай, түүнийгээ хайлуулах нүүрстэй учраас чанартай бөгөөд хямд өртгөөр машин үйлдвэрлэх бүрэн боломжтой. Энэ үйлдвэрийг хөгжүүлээд явах юм бол улс орны хөгжилд түлхэц болж хурдацтай хөгжинө”.
“Экобус” компаний зөвлөх Д. Жаргалсайхан:
Тэрбээр “төр засгаас бодитой дэмжлэг үзүүлбэл 3200 хүнийг ажлын байраар хангах боломж бий. Солонгос явах гэж хонон өнжин оочерлож байгаа иргэд манай компанид ажиллаж, Солонгост авдаг цалинг авах боломжтой. Мөн жилд 200-гаад автобус үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Биднийг дагаад шил толь дугуй зэргийг хийдэг 100-гаад жижиг дунд үйлдвэр гарч ирнэ. Төр бодлогоор дэмжвэл би Японоос бага хүүтэй мөнгө зээлж Япон технологиор үйлдвэрээ хөгжүүлнэ. Ажилчдаа Японы ISUZU компанид сургалтанд суулгана гэх замаар цаашид явах юм. Ингэснээр Япон Монголын аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ харьцаа бий болно. Цаашдаа ачааны, суудлын, вагон зэрэг бүх төрлийн машин хийх бүрэн боломжтой”.
“Экобус” компаний гагнуурчин н.Алтаншагайтай:
Автобус угсрагааны шатлалын талаар ярилцсан юм. “Манайх гаднаас оруулж ирсэн тэнхлэг дээрээ арамаа өөрсдөө гагнаж хийдэг. Ерөнхийдөө хана дээврийг гагнаж тэнхлэгэн дээрээ шалны карказаа босгоод шал, хана, дээврийн дөрвөн карказ нийлж байж раам нь босдог. Тэрний дараагаар хойд талын нүүр урд талын нүүр холбогдоод үндсэн араам гарч ирнэ. Дараа нь арьс төмрөө татаад доод лүүк дээд лүүкнүүдийг хийгээд будганд аваачиж өгдөг. Будагнаас гараад ирсний дараа доторлогоо болон шилнүүд наагддаг. Яаралтайгаар автобус хийхэд 15 хоногийн хугацаанд гардаг”.
Эх оронд маань нэгэн шинэ салбар байгуулагдаж буй нь бахархмаар. Тун удахгүй бид эх орондоо үйлдвэрлэсэн чанартай төмөр хүлэг унаад явах цаг ирэх нь. Үүний тулд төр засгаас шинийг санаачилж зориглон хийж буй эдгээр үйлдэрлэгчдээ дэмжин хамтарч ажиллаж шинэхэн салбарыг дэлхийд гаргах нь чухал буй за.
А. Дүүрэнжаргал
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
A vieille mule, frein dore.
Se garde de femme epouser qui veut en paix se reposer.